Туршлага, ур чадвар илүү байлаа

Хуучирсан мэдээ: 2018.05.04-нд нийтлэгдсэн

Туршлага, ур чадвар илүү байлаа

Туршлага, ур чадвар илүү байлаа

ЛеБрон Жеймс тэргүүтэй Кливленд Кавальерс баг плэй-оффын 2-р шатанд учраа таарсан Торонто Рапторс багтай хийсэн цувралын эхний хоёр тоглолтоо Канадын Торонто хотноо зочлон хийж хожигдолгүй өндөрлүүллээ. Эхний тоглолтонд талбайн эздийг хөгжөөн дэмжигчдийнх нь өмнө хожоод байсан бол өнөө өглөө цувралын 2 дахь тоглолтонд мөн л ялалт байгуулж Торонто Рапторс багийн хөгжөөн дэмжигчдийг уйлууллаа.

Хэдийгээр энэ жил 34 нас хүрч байгаа ч Л.Жеймс зүгээр ч нэг “хаан” хэргэм хүртээгүй гэдгээ батлан харуулж байна. Плэй-оффын эхний шатнаас л багаа оноо авалтаар тэргүүлж байгаа “хаан” Жеймс өнөө өглөө болсон тоглолтонд 43 оноо, 8 самбар, 14 дамжуулалт, 1 бөмбөг тасалсан гэсэн аварга үзүүлэлтийг харуулсан. Түүнд багийн нөхдөөс нь К.Лаув 31 оноо, 11 самбар, Жи.Ар.Смит 15 оноо, Ж.Хилл 13 оноо, сэлгээнээс Ж.Грийн 14 оноогоор тус хүргэсэн байна. Ингэснээр зочин баг Кливленд Кавальерс баг Торонто Рапторс багийг талбай дээр нь 128-110 харьцаатай хожиж хожигдолгүйгээр цувралыг гэртээ авчирч байна.

Харин талбайн эздээс багийн лидерүүд болох Д.ДеРозан болон К.Ловри нар 20-иос дээш оноо авсан ч хожил авч чадсангүй. Тэдний хувьд яалт ч үгүй Л.Жеймсээс туршлага, ур чадвар, биеийн бэлтгэлжилт, сэтгэл зүй гээд бүх талаараа дутуу байна. Торонто Рапторс багийн хувьд энэ цувралд магадгүй хожил авч чадахгүй ч дуусгаж болох нөхцөл байдал үүсээд байна. Учир нь хоёр багийн дараагийн 2 цуврал тоглолт Кливленд Кавальерс багийн талбайд болно.

Б.БЯМБАБАЯР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж