2020 оны улс төр хоёр жилийн өмнөөс эхэллээ

Хуучирсан мэдээ: 2018.03.10-нд нийтлэгдсэн

2020 оны улс төр хоёр жилийн өмнөөс эхэллээ

2020 оны улс төр хоёр жилийн өмнөөс эхэллээ

УИХ-ын ээлжит сонгууль 2020 онд болно. Парламентын дөрвөн жилийн бүрэн эрхэт хугацаанд тамираа тасартал зодолдож байгаа Монголын улс төрийн хаврын синдром хахир өвлөөр эхэлсэн билээ. Дөрөвдүгээр сарын 5-нд нээлтээ хийх хаврын чуулганыг угтан унтаж байсан намууд хөдөлгөөнд орж, улстөрчдийн үг олширчээ.

Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрөөр эрхээ нэхсэн төрийн бус байгууллагууд, бүсгүйчүүд гурван ч жагсаалыг зохион байгуулсан бол залгуулаад хотын дарга асан Э.Бат-Үүл ‘Гэр хорооллын иргэдийн III чуулган"-ыг зохион байгуулж эрх баригчдын эсрэг тэмцэл өрнүүллээ.

Харин өнгөрсөн УИХ-ын сонгуульд өвдөг шороодсон цагаас хойш үзэл баримтлал, зүгээ чигээ олж авах нэрийн дор шинэчлэл явуулж буй Ардчилсан намын дотоод улс төр эхэлснийг ҮБХ-ноос хасагдсан гэх 118 хүний оронд ротаци явуулахаар болсон тухай шийдвэрээс нь харж болно.

Ямартаа ч ялагдсан цагаасаа хойш нам гүм байсан Ардчилсан нам өнгөрсөн өвөл жагсаал зохион байгуулж, 2018 оны талбайн жагсаалын салхийг хагалсан. Өдгөө Ардчилсан намд өрнөж буй дотоод улс төрийг “их цэвэрлэгээ” гэж харах нэгэн байхад шинэчлэлийн хүрээнд хийгдэж буй том өөрчлөлт гэж тус намын удирдлагуудаас тайлбарлаж буй.

 АН-ын удирлагуудын тайлбараар тус нам ахиад дотоод сонгууль явагдах нь тодорхой, энэ нь мэдээж тодорхой эрх ашигтай байх нь ч ойлгомжтой байна. Ийнхүү эрх мэдэлгүй үлдсэн ч ирээдүйн эрх мэдлийн төлөө АН дотроо бие биеэ намнаж эхлэв үү гэлтэй.

Ялсан цагаасаа хойш эрх мэдлийн төлөө шуудайд хийсэн үхрийн эвэр шиг болсон МАН-ынхан засгаа онхолдуулж, намын тамгаа У.Хүрэлсүхийн гарт шилжүүлснээс хойш нам гүм мэт байгаа боловч, хөшигний ар дахь улс төр нь улам ширүүсч байгаа аж.

Ардын засгийн танхимын гол хүмүүс болсон хоёр Хүрлээгийн хоорондын харилцаа тааламжгүй байгаа, У.Хүрэлсүх гарын хүмүүсээрээ дамжуулан “Эрдэнэт” ба Ш.Батхүүгийн хэргийг ухах болсон зэрэг нь Ц.Нямдорж болон увсынханд таалагдахгүйд хүрсэн гэх бор шувууд төрийн ордноос “жиргэх” болжээ.

Ц.Нямдорж өөрийнхөө эрх ашгийн төлөө бол “Чөтгөртэй ч нэгдэж чадна” гэдгээ өмнө нь нэг бус удаа хэлж байсан удаатай. Үүнтэй зэрэгцээд хэвлэлүүдэд С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэгт яллагдаж, гянданд хоригдож байгаа Б.Содномдаржаагийн захидал гэнэт дэлгэгдсэн нь захиалагч, зуулчлагчийг илрүүлэхээс айж хэргийг задлах гэсэн санаархалтай бүлэглэлийн ажиллагаа байв уу гэсэн хардлага ч олон нийтийн сүлжээнд явж байна.

Дээр нь У.Хүрэлсүх хуурай дүү Д.Гантулгаа эргүүлэн татаж, Хэнтийн тойрогт нь нөхөн сонгууль явуулах асар их сонирхолтой байгаа ч аюул нь Н.Энхбаяр болсон гэх. Д.Гантулгыг эргүүлэн татаж магадгүй гэх сургаар Хэнтийг услаад эхэлсэн Н.Энхбаярын нэр хүнд У.Хүрэлсүхийнхнээс ч илүү байгаа учраас Ерөнхий сайд тойргоо алдах магадлалтай.

Хэдийгээр наанаа М.Энхболдын фракц эвлэрсэн мэт боловч, 32-ын бүлэг засгийг нь унагааж, намын тамгыг нь булаасан У.Хүрэлсүхийг уучлаагүй нь лав. Хаврын чуулган эхлэхээр Ардын засгаас шүд сугалах асуудал яригдаж болзошгүй гэх албан бус мэдээллийг албан бусаар ярих хүмүүс олширсон нь зүгээр ч нэг хов жив биш болов уу.

Ялсан цагаас хойш сонгуулийн имижээсээ салахгүй яваа Ерөнхийлөгчийн улс төрийг ч бас тооцох ёстой. Тамгын газрынх нь дарга АНУ-д зүгээр ч нэг “тэнээгүй” нь лав.

Ийнхүү Монголын улстөрчид, намууд унтах завгүйгээр улстөржих зуур улс орны хөгжлийн үзүүлэлтүүд улам хойшилсоор. Бид л тэднийг сонгож гаргасан болохоор, өөрөө унасан хүүхдүүд уйлаад, шаагиад яалтай.

Ж.ЭРХЭС

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж