УИХ-ын гишүүд хаана, юу хийж явна вэ?

Хуучирсан мэдээ: 2018.02.21-нд нийтлэгдсэн

УИХ-ын гишүүд хаана, юу хийж явна вэ?

УИХ-ын гишүүд хаана, юу хийж явна вэ?

УИХ-ын 2017 оны намрын чуулган өндөрлөж, гишүүд тойрогтоо ажиллаж байна. Сар шинийн баяр болж байгаатай холбогдуулан УИХ-ын гишүүд, сайдууд  хаагуур юу хийж явааг тодрууллаа.

УИХ-ын гишүүн Л.Энхболд:

-Тэрбээр Өмнөговь аймгаас сонгогдсон. Сар шинийн баярын дараагаас буюу өнөөдрөөс тойрогтоо ажиллаж байгаа гэнэ. Тойргийнхоо иргэдтэй уулзалт хийх, өвөлжилтийн байдалтай танилцаж, малчидтай уулзахаар төлөвлөжээ. Мөн тойргийн сонгогчдодоо 2017 оны намрын чуулганаар батлагдсан хуулийн төсөл болон иргэдийн амьдралд хэрэгтэй хууль, тогтоомжийг танилцуулгыг хийнэ гэлээ.

УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг:

-Сар шинийн өмнө тойрогтоо ажиллаж, тойргийнхоо иргэд сонгогчидтой уулзсан. Мөн өвөлжилтийн бэлтгэл ажилтай танилцаж, малчдын нөхцөл байдалтай танилцлаа. Сар шинийн баярыг нутагтаа тэмдэглэжээ. Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны шугамаар хэд хэдэн судлах, ажлын хэсгийхэнтэй уулзана. Тэр ажлаараа хотод ажиллаж байна. Бас байнгын хорооныхоо намрын чуулганы хугацаанд хийсэн ажлын тайлангаа удахгүй танилцуулахаар бэлтгэл ажлаа хангаж байна гэв

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж:

-УИХ-ын чуулган завсарласнаас хойш хоёр ч удаа тойрогтоо явж ажиллалаа. Өвөлжилт хүндэрсэн, цас ихтэй байна. Тойрогт ажиллаж байх хугацаандаа иргэд малчдад өвс, тэжээлийн хангамжийг сайжруулах тодорхой ажил хийгээд ирлээ. Одоо хоёрдугаар сарын 24-ний өдөр Ховд аймагт ажиллахаар явна. Өвөлжилт хамгийн их хүндэрсэн аймаг манай аймаг л байгаа талаараа ярилаа.

УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан:

-Намрын чуулган завсарласны дараа сар шинийн өмнө тойргийнхоо ахмадуудад хүндэтгэл үзүүлсэн. Мөн багш нарт сургалт зохион байгуулсан. Удахгүй эмч нарт зориулсан сургалт зохион байгуулахаар төлөвлөж байна. Томилолтоор орон нутагт ажиллаж байх хугацаандаа улсын хилийн ажил байдалтай танилцаж, хилчид, хүчний байгууллагын удирдлага албан хаагчидтай уулзаж, санал хүсэлтийг сонсоод ирсэн. Удахгүй Монгол-ОХУ-ын парламентын даргын хувиар ОХУ-д ажиллахаар явна. ОХУ-д болох Засгийн газар хоорондын комиссын хуралдаан оролцоно гэлээ.

УИХ-ын гишүүн С.Эрдэнэ:

-Сар шинийн баярын өмнө АНУ явж Бүгд найрамдах намын дарга нарын уулзалтад оролцоод ирсэн. 2018 оныг АН гишүүдээ чадавхжуулах, анхан, дунд шатандаа хүрч ажиллах жил болгон зарласан. Энэ хүрээнд хамтын ажиллагаа харилцан сургалт зохион байгуулах талаар Бүгд найрамдах намын дарга нартай санал солилцлоо. 2018 онд АНУ-д хэд хэдэн хамтарсан сургалт зохион байгуулахаар тохироод ирсэн. Одоогоор Испани улсад намын даргын шугамаар уулзалттай явна. Мөн УИХ-ын гишүүний хувьд арилжааны банкуудын зээлийн хүүг бууруулах чиглэлээр тодорхой ажлууд хийгээд явж байна гэсэн хариу өгөв.

УИХ-ын гишүүн Б.ЖАВХЛАН:

-Сар шинийн баярын өмнө Дархандаа ирээд ажиллаж байна. Орон нутаг дахь улсын төсвийн хөрөнгө оруулалттай ажлуудыг хугацаа алдалгүй хийж дуусгах, гүйцэтгэлд хяналт тавих их чухал ажил байгаа. Зарим бүтээн байгуулалтын ажилтай газар дээр нь танилцаж явна. Дархан-Уул аймагт улсын төсвийн хөрөнгө оруулалттай хийгдэх хэд хэдэн гол ажил бий. Тэдний бэлтгэл ажилтай танилцаад явж байна. Удахгүй Хөвсгөл аймагт зохион байгуулагдах “Хөх сувд-2018” мөсний баярт оролцоно. Би Монголын Хоккейн холбооны ерөнхийлөгчөөр ажиллаж байгаа учраас мөсний баярт оролцож, хоккейн спортоо дэмжинэ. Мөн төлөвлөсөн хуваарийн дагуу тойргийнхоо иргэдтэй уулзаж санаа бодлыг нь сонсох, УИХ-аар батлагдсан хуулиудаа сурталчлах гээд олон ажил хийхээр төлөвлөөд, эхнээс нь хийж, танилцаад явж байна гэв.

УИХ-ын гишүүн З.Нарантуяа:

-Сар шинийн өмнө тойрогтоо ажиллаж, иргэд сонгогчидтойгоо уулзалт хийсэн. Одоогоор гадаадад томилолттой явна. Ардчилсан орнуудын олон улсын хуралд оролцоод явна байна гэлээ.

УИХ-ын гишүүн Д.Ганболд:

-Сар шинийн баярын өмнө тойрогтоо ажиллаж, ахмадууддаа хүндэтгэл үзүүлсэн. Одоогоор гадаадад явна. Удахгүй очоод төлөвлөсөн ажлаа танилцуулахаар төлөвлөж байгаагаа ярилаа.

УИХ-ын гишүүн А.Ундраа:

-Тойргийнхоо сургуулиудад элсэлтийн ерөнхий шалгалтын мастер багш нараар сургалт явуулах ажлыг зохион байгуулж байна. Мөн хоёрдугаар сарын 14-ний өдрөөс эхлэн өөрийн нэрэмжит тэтгэлэгт хөтөлбөр зарлаад ажиллаж байна.  МУИС-ийн Шинжлэх ухааны сургуульд суралцаж байгаа оюутнуудын дунд сургалт, судалгааны “Идэр оюуны ундраа” тэтгэлэгт хөтөлбөр зарласан.  Энэ тэтгэлэг 2018-2021 онд буюу гурван жилийн хугацаанд үргэлжилнэ. Жил бүр 10 оюутныг сонгож, нэг сая төгрөгийг тав, таван оюутанд судалгааны дэмжлэг үзүүлэхээр төлөвлөөд ажиллаж байна. Тойргийнхоо хүүхдүүдийн боловсролд чиглэсэн хэд хэдэн арга хэмжээ аваад ажиллаж байна гэлээ.

УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн:

-Өвөрхангай аймагт ажиллаж байна. Тойрогтоо 10 хоног ажиллахаар төлөвлөсөн. Энэ хугацаанд иргэд, малчидтай уулзаж 2017 оны намрын чуулганаар баталсан хуулийн төслүүдийг танилцуулна. Мөн төрийн албан хаагчидтай уулзаж, шинээр батлагдсан Төрийн албаны тухай хуулийг шинэчилсэнтэй холбогдуулан танилцуулга сурталчилгаа хийхээр төлөвлөсөн. Өвөлжилт жаахан хүндэрсэн учраас малчидтай уулзахаар төлөвлөж байгаагаа сонирхуулав.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү:

-Шинийн гурван, дөрөвний өдөр Орхон аймагтаа очиж ажиллалаа. Сар шинийн баяр учраас 90-ээс дээш настай ахмадууддаа хүндэтгэл үзүүллээ. Мөн тойргийнхоо ерөнхий боловсролын сургуулиудын үйл ажиллагаатай танилцаж, малчдын аж байдалтай танилцаад ирлээ. Одоогоор МАХН-ын II их чуулганыг хууль болсон гэж Улсын дээд шүүхэд хандах бичиг боловсруулаад сууж байна. Н.Энхбаяр тэргүүтэй МАХН-ын гишүүдийн зохион байгуулсан хурал дүрмийн бус хурал болсон. Энэ хурлыг хууль бус хурал болсон гэж МАХН-ын 600 гишүүний гарын үсэг цуглуулж, Улсын дээд шүүхэд хандахаар гомдлоо боловсруулаад сууж байна гэв.

УИХ-ын гишүүн Л.Болд:

-Сар шинийн баярын дараагаас тойрогтоо ажиллаж байна. Манай тойрогт гэр хороолол ихтэй. Ер нь нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр гэр хорооллыг хөгжүүлэх төсөл хийж байгаа. Тэр төслийн ажил дээрээ зав гаргаад сууж байна. Гэр хорооллыг хөгжүүлж чадвал утааны асуудлыг шийдэх боломжтой юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж