Иерусалимыг Израилийн нийслэлээр зарлана

Хуучирсан мэдээ: 2017.12.06-нд нийтлэгдсэн

Иерусалимыг Израилийн нийслэлээр зарлана

Иерусалимыг Израилийн  нийслэлээр зарлана

АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трамп элчин сайдын яамаа Иерусалим руу шилжүүлэх гэж буй тухай Палестин, Йорданы удирдагчдад утсаар хэлсэн гэнэ.

АНУ-ын ерөнхийлөгч үнэхээр Палестины удирдагч Махмуд Аббас, Йорданы ван Абдулла II нартай утсаар ярьж ингэж хэлсэн талаар Цагаан ордон мэдээлэл өгөхөөс татгалзжээ. Трампын энэ үг нь Израиль Палестины сөргөлдөөний хамгийн эмзэг сэдэв Иерусалимыг Израилийн нийслэл гэж зарлах нь гарцаагүй гэдгийг баталж буй хэрэг юм.

Трамп АНУ-ын элчин сайдын яамыг Тель-Авиваас Иерусалим руу шилжүүлэх тушаалд даваа гаригт гарын үсэг зурах байснаа  хойшлуулсан билээ.

Иерусалим хотод дэлхийн аль ч орон элчин сайдын яамаа нээгээгүй бөгөөд Израиль, Палестин энхийн хэлэлцээр байгуулж, хотын статусыг тогтоох хүртэл байгуулахгүй ажээ.

Палестины удирдагч Махмуд Аббас Трамптай утсаар ярихдаа элчин сайдын яамыг Иерусалимд шилжүүлэх нь олон жил үргэлжилж буй энхийн хэлэлцээг бүрмөсөн зогсоож, бүс нутагт төдийгүй олон улсын харилцаа, тогтвортой байдалд аюул учруулна гэдгийг анхааруулсан байна. Йорданы ван Абдулла ч мөн адил АНУ-ын ийм алхам энхийн хэлэлцээг үгүй хийнэ гэдгийг хэлжээ.

Хамас бүлэглэл Трамп Иерусалимд элчин сайдын яамаа шилжүүлэх нь жинхэнэ сүйрэл хэмээн анхааруулсан бол Туркийн ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган парламентад хэлсэн үгэндээ АНУ Иерусалимыг Израилийн нийслэл гэж зарлавал манай улс дипломат харилцаагаа таслах болно хэмээн мэдэгдсэн юм.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж