Монголын загварын ертөнцөд цоо шинэ төрх бий болгох зорилготой “Моngolia`s Next Top Model” шоу “Боловсрол суваг” телевизээр тун удахгүй цацагдах гэж байна.
Дэлхийн загварын ертөнцийн хамгийн алдартай шоу болох “America`s Next top model” шоуг албан ёсны эрхтэйгээр “Боловсрол суваг” телевиз, “Бюро 24/7” дижитал сэтгүүл хамтран зохион байгуулж байгаа аж.
Ийнхүү Америкийн “CBS” телевизийн албан ёсны эрхтэйгээр хийж буй “Моngolia`s Next Top Model” шоуны талаар зохион байгуулагчдын зүгээс өнөөдөр /2017.01.05/ Шангри-Ла моллд хэвлэлийн бага хурал хийлээ.
Энэхүү шоунд оролцохоор нийт 220 гаруй охид, бүсгүйчүүд бүртгүүлжээ. Тэднээс гурван үе шат бүхий шалгаруулалтын дараа шилдэг 22 охин эхний дугаарт тэнцсэн байна. Ийн шоуны эхний дугаарт 14 оролцогч тэнцэж, дараагийн дугаарт өрсөлдөх эрхтэй болсныг зохион байгуулагчид онцолж байв.
“Mongolia's next top model” тэмцээний үндсэн гурван шүүгчээр монголын супер модель Нора Дагва, топ модель, жүжигчин, найруулагч Н.Оргил, “On'n Off” продакшны гүйцэтгэх захирал, сэтгүүлч Т.Нансалмаа нар ажиллахаар сонгогджээ. Мөн нэвтрүүлгийн дугаар бүрт загварын салбарын нэр хүндтэй хүмүүсээс нэг зочин шүүгч уригдан оролцох гэнэ.
“Mongolia's next top model” шоуны оролцогчид хоёр сарын хугацаанд “Хийморь” хотхоны тансаг зэрэглэлийн хаусд байрлах бөгөөд нийт 16 дугаарын турш өрсөлдөх юм байна.
“Mongolia’s next top model” шоуны супер ялагчийг ямар шагнал хүлээж байна вэ?
Дэлхийд данстай шоу нэвтрүүлгийн ялагч болно.
Монгол улсаа дэлхийд сурталчлах нүүр царай болно.
Сингапур улсын “Looque” загварын агентлагиай хоёр жилийн хугацаатай ажиллах эрх
Үндэсний оператор “G Mobile” компанийн нүүр царайгаар ажиллах гэрээ
“Cosmopolitan” сэтгүүлийн нүүр царай болох эрх
Дэлхийн загварын ертөнцийг тодорхойлогч Парис хотоор аялах эрх
20 сая төгрөгийн мөнгөн шагнал зэрэг санаанд оромгүй гайхалтай боломжууд таныг хүлээж байна.
Дэлхийд нэртэй "Бюро 24/7"-гийн Монгол дахь салбарыг үүсгэн байгуулагч Ө.Содгэрэл: Загварын салбарын шилдгүүд хамтран ажиллаж байна
-Манай хамт олон ийм сайхан шоунд оролцож байгаадаа баяртай байна. Энэ шоу монголын загварын салбарт шинэ дэвшил авч ирнэ гэдэгт найдаж байгаа. Тийм учраас шоуг зохион байгуулах саналыг дуртайяа хүлээн зөвшөөрсөн. Монголын загварын ертөнц хөгжиж байгаа ч гэсэн бидэнд дэлхийд танигдсан дизайнер, дэлхийн загварын томоохон хотуудад загвар өмсдөг модель байхгүй байна. Энэ шоу дэлхийн тайзнаа алхах боломжийг нэг алхмаар ойртуулах байх. Тиймээс ч манай загварын салбарын шилдэгүүд болох нүүр будалт, хувцасны дизайнер, үсчин, стилист, зураг авалтын шилдгүүд хамтран ажиллаж байна. Үнэхээр сайхан шоу болно гэдэгт итгэлтэй байна.
Супер модель Нора Дагва буюу Д.Оюунномин:
–“Mongolia's next top model” гэдэг шоуг Монголд анх удаа зохион байгуулах болсонд загварын салбарынхан бид бүхэн баяртай байна. Энэ том түүхэн шоуны нэг хэсэг болж, хөтлөгч, шүүгчээр ажиллах болсондоо баяртай байгаа. Надад энэ их итгэл найдварыг өгч, ур чадварыг маань үнэлж сонгосон продюсерууддаа баярлалаа гэж хэлмээр байна. Би бүх хүчээ дайчилж, ажиллана гэдгээ хэлье. Энэ шоу нэвтрүүлэг монголын загварын ертөнцөд маш том хувь нэмэр оруулна. Мөн монголын загварын чиг хандлага, моделийн ажлыг илүү ойлгох байх. Өөрөөр хэлбэл загварын салбарын хөшигний цаадах зүйлийг реалити хэлбэрээр харуулна. Одоогийн байдлаар 14 охид шалгарсан байгаа. Эдгээр охидуудаас дараа дараагийн шилдэг моделиуд төрөн гарна гэдэгт найдаж байна.
–“On'n Off” продакшны продюсер Т.Нансалмаа:
–Манай продакшн байгуулагдсан цагаасаа маш олон шинэ дүр төрх, моделиудыг гарган ирсэн байдаг. Энд байгаа дэлхийн брэндүүд энэ шоуны оролцогч охидуудаар дамжуулан бүтээгдэхүүнээ сурталчилна. Бусад брэндүүд ч гэсэн маш анхааралтайгаар энэ шоуг үзэх байх. Уг шоуны оролцогч охидыг их гайхаж, хүлээн авах байх. Бүгдээрээ их мундаг, үзэсгэлэнтэй, дайчин, хүсэл зорилготой залуусыг энэ шоунаас харж болно.
-Зөвлөх продюсер Мартин Рэдмен:
–Би “Mongolia's next top model” шоуны зөвлөх продюсераар ажиллаж байгаадаа баяртай байна. Би Их Британийн контент дээр 12 жилийн турш проюсераар ажилласан. Энэ бол маш гайхалтай шоу нэвтрүүлэг. Монголын загварын ертөнцөд том шуугиан дэгдээж, амжилт олно гэдэгт итгэлтэй байна.
А.СҮРЭН
Гэрэл зургийг Ц.АРИУНБОЛД