Контемпорари урлагийг ойлгоход тийм ч амар биш. Орчин цагийн уран бүтээлчдийн сэтгэлгээг ойлгож хүлээн авахын тулд эхлээд ХХ зууны урлагаа баримжаалах хэрэгтэй. Тиймээс ХХ зууны сор бүтээлийн антологи болон дүрслэх урлагийн түүхийн бусад номыг эх үүсвэр болгон, өөрийн сонголтоор, эхний ээлжинд 50 зураачийн бүтээлээр бяцхан бичвэр бэлдлээ. ӨГ-ийн дугаар бүрээс та зураачдын бүтээлийг задалсан товч тайлал, эсвэл бичил эсээ унших бөгөөд үүний заримыг шууд орчуулж, заримыг нь өөрөө бичсэн болно. ӨГ галерейд тавтай морил!
ӨГ=32
БҮЖИГЛЭЖ БАЙГАА ТӨМӨР
Балетын бүжигчин бүсгүй тансаг эргэлт хийж даашинзных нь хормой хийсэн шүхэрлэж байна. Хавтгай зэс хайлш, төмрөөр хийсэн энэ баримал маш хөнгөхөн, амьд, эрч хүчтэй болжээ. Зураач элдвийн дэлгэрэнгүй өгүүлэмжийг чухалчлалгүй, бүжгийн уг мөн чанарт л анхаарлаа хандуулсан байна. Нэг л агшны давтагдашгүй хөдөлгөөнийг зураасаар биш төмрөөр үзүүлж шүү дээ.
Пабло Гаргольо бол баримлын урлагийг төгс эзэмшсэн гэгддэг, дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн их мастер. Бага залуудаа дүрслэх урлагийн боловсрол эзэмшихээр Парист анх ирээд, хожим алдаршин, тэндээ амьдрахаар үлдсэн Испани хүн. Боловсруулахад хамгийн хүнд материалуудаар хамгийн уран, нарийн зохиомжуудыг гүйцэтгэдгээрээ алдартай энэ барималч эхэндээ уламжлалт хүрэл, чулуугаар бүтээлээ туурвидаг байж. Гэвч хожим уран бүтээлдээ огцом эргэлж хийж, цоо шинэ төрлийн материалуудыг дүрслэх урлагт оруулж иржээ. Урлагийн түүхэнд түүнээс өмнө хэн ч ийм гөлмөн төмөр, хуудсан металлаар баримал барьж байгаагүй гэдэг.
(“ХХ зууны дүрслэх урлагийн сор бүтээлүүд” номоос)
ЭХ СУРВАЛЖ: ӨЛЗИЙТӨГС ЛУВСАНДОРЖ