Жүдо бөхийн ДАШТ эхэллээ

Хуучирсан мэдээ: 2014.08.25-нд нийтлэгдсэн

Жүдо бөхийн ДАШТ эхэллээ

Олон улсын жүдо бөхийн холбоо (IJF)-ны ДАШТ өнөөдөр ОХУ-ын Челябинск хотод эхэлж байна. Манай гаригийн хамгийн шилдэг жүдочийг шалгаруулах 33 дахь удаагийн тэмцээн 7500 хүний суудалтай “Трактор Арена”-д (Тивийн хоккейн лигийн “Трактор” багийн эзэмшлийн ордон) болох бөгөөд 120 орны 751 жүдоч эрэгтэй, эмэгтэй тус бүр долоон жин болон багийн тэмцээнд хүч үзэх юм. Өмнө ДАШТ-д нэг улсаас нэг жинд хоёр тамирчнаа оролцуулдаг байсан. Тэгвэл IJF өнгөрсөн жилээс дүрмэндээ өөрчлөлт оруулж, нэг улсаас  эрэгтэй, эмэгтэйчүүдийн ангилалд  дээд тал нь есөн тамирчин барилдуулахыг зөвшөөрсөн. Манай улс Челябинскийн татамид эрэгтэй, эмэгтэй есөн тамирчнаа өрсөлдүүлнэ.

Эрэгтэйчүүд

  • 60 кг-ын жинд гавьяат тамирчин Д.Амартүвшин, ОУХМ Г.Болдбаатар, ОУХМ Д.Төмөрхүлэг, А.Батсуурь
     
  • 73 кг-д хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатар, гавьяат тамирчин С.Ням-Очир
     
  • 81 кг-д ОУХМ О.Уугацбаатар
     
  • 90 кг-д ОУХМ Л.Отгонбаатар
     
  •  -100 кг-д хөдөлмөрийн баатар Н.Түвшинбаяр, 

Эмэгтэйчүүд 

  • 48 кг-д гавъяат тамирчин М.Уранцэцэг, ОУХМ Г.Отгонцэцэг
     
  • 52 кг-д гавъяат тамирчин М.Бундмаа, ОУХМ А.Цолмон
     
  • 57 кг-д ОУХМ Д.Сумъяа
     
  • 63 кг-д ОУХМ Б.Мөнгөнчимэг, ОУХМ Ц.Цэрэннадмид
     
  • 70 кг-д ОУХМ Д.Наранжаргал
     
  • -78 кг-д ОУХМ Б.Мөнхтуяа нар үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч, Монгол Улсын ардын багш О.Балжинням, гавьяат тамирчин Д.Баттулга, Х.Эрдэнэт-Од, ОУХМ Ш.Цэвэлмаа, Г.Дашдаваа нарын удирдлага дор хүч үзнэ.

Монголын цагаан өмсгөлтнүүд ДАШТ-д хоёр алт, төдий тооны мөнгө, дөрвөн хүрэл, нийт найман медаль хүртэж байв. Тодруулбал, Х.Цагаанбаатар, (Роттердам-2013), М.Уранцэцэг (Рио де-Жанейро-2013) нар алт, О.Балжинням (Белград-1989), Д.Амартүвшин (Рио де-Жанейро-2013) нар мөнгө, Д.Баттулга (Белград-1989), Х.Эрдэнэт-Од (Каир-2005), Х.Цагаанбаатар (Токио-2010), М.Бундмаа (Токио-2010) нар хүрэл медаль хүртсэн юм. 

ДАШТ-ий эргэн тойрон дахь мэдээллийг хүргэе.

ГАЛСТАН, ИСАЕВ НАР ШИГШЭЭ БАГТАА БАГТСАНГҮЙ

ДАШТ-ийг эх орондоо хоёр дахиа зохион байгуулах (Өмнө нь 1983 онд Москвад болсон) ОХУ-ын шигшээ багийн бүрэлдэхүүн тодорлоо. “Ах нар”-ын бүрэлдэхүүнд олимп, дэлхийн аварга Тагир Хайбулаев, “Лондон-2012” олимпийн хүрэл медальт, Кирилл Денисов, 2011 оны ДАШТ-ий хүрэл медальт Муса Могушков, Европын хошой аварга Беслан Мудранов нарын шилдгүүд байна. Харин шигшээ багийн ерөнхий дасгалжуулагч, итали мэргэжилтэн Энцо Гамба “Лондон-2012” олимпийн наадмын аварга Арсен Галстян, Мансур Исаев нарыг форм муутай байгаа шалтгаанаар үндсэн бүрэлдэхүүнд багтаасангүй. Ялангуяа Челябинскийн иргэд нутгийн унаган хүү Исаевын барилдааныг харахыг ихээр хүссэн ч талаар болсон бол Галстян багийн тэмцээнд 66 кг-д хүч үзнэ.

Түүнээс гадна багийн барилдааны 73 кг-д залуучуудын Европын аварга Зелимхан Оздоев, “Универсиад-2013” наадмын аварга Денис Ярчев, 81 кг-д Европын хошой аварга Сиражудин Магомедов, цагдаагийн дэлхийн аварга Мурат Хабачиров, -90 кг-д Магомед Магомедов, +90 кгд Андрй Волков нар зодоглоно.

ОХУ-ын шигшээ багийг төлөөлж хувийн төрөлд, эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинд Беслан Мудранов, 66 кг-д Михаил Пуляев, Камил Хан-Магомедов, Муса Могушков, 81 кг-д Иван Нифонтов, 90 кг-д Кирилл Денисов, Кирилл Вопросов, -100 кг-д Тагир Хайбулаев, +100 кг-д Ренат Сайдов, эмэгтэйчүүдийн 48 кг-д Алеся Кузнецова, Ирина Долгова, 52 кг-д Наталья Кузютина, Юлья Рыжова, 57 кг-д Ирина Заблудина, 63 кг-д Марта Лабазина, 70 кг-д Екатерина Денисенкова, -78 кг-д Анастасия Дмитриева, Ксения Чибисова нар хүч үзнэ.

ДУРСГАЛЫН ЗООСОН МӨНГӨ ХУДАЛДААНД ГАРНА

“Челябинск-2014” ДАШТ-д зориулж, ОХУ-ын Төв банкнаас дурсгалын зоосон мөнгийг худалдаанд гаргасан юм. Уран дархчууд нэг талдаа барилдаж буй хоёр жүдочийг, нөгөө талдаа ОХУ-ын төрийн сүлдийг товойлгон урласан байна. Алтан зоосыг 750, мөнгөн зоосыг 3000 ширхэг үйлдвэрлэсэн бөгөөд ОХУ-ын нутаг дэвсгэрт хууль ёсоор худалдаанд ашиглах боломжтой юм. ДАШТ-ий үеэр нэг алтан зоосыг 50, мөнгөн зоосыг гурван рублиэр худалдаалах аж. Сонирхуулахад, “Ах нар” “Сочи-2014” өвлийн олимпийн наадамд зориулж, 50, 100 мянган рублийн дурсгалын зоосон мөнгийг худалдаанд гаргаж байв.

ӨМНӨД СОЛОНГОСЧУУД ДАШТ-Д АЧ ХОЛБОГДОЛ ӨГСӨНГҮЙ

Жүдо бөхөөр ДЭЛХИЙД тэргүүлэгч гүрэн БНСУ-ын жүдо бөхийн холбоо Челябинскэд дан залуу тамирчдыг оролцуулахаар шийдсэн байна. Учир нь ирэх сард Инчонь хотод Азийн наадам болно. Тиймээс тэд нутагтаа болох “Шар тив”-ийн зуны олимпод өндөр ач холбогдол өгч, ДАШТ-ийг хоёрдугаарт тавьсан юм.

Олимп, дэлхийн аварга Ким Жэ-Бум, “Бээжин-2008” олимпийн мөнгөн медальт, дэлхийн хошой аварга Ван Ки Чун, олимп, ДАШТ-ий хүрэл медальт Чо Жун Хо, ДАШТ-ий хүрэл медальт Ким Вон Жин, Ким Сун Мин. Ким Сон Ёон, Азийн дөрвөн удаагийн аварга И Сул Хван нарын олон шилдэг жүдоч ДАШТ-ийг өнжиж, БНСУ-ын шигшээ багийн хоёр, гуравдугаар тамирчид Челябинскийн татамид зодоглохоор болсон байна.

АВАРГЫН БАГШ 1200 “НОГООН” ХАЛААСЛАНА

Энэ жилийн ДАШТ-ий нийт шагналын сан 300 мянган ам.доллар. Жин тус бүрийн аваргууд 6000 мянган ногоон хүртэнэ. Үүнээс  дасгалжуулагч нь 1200-ыг нь халааслах аж. Мөнгөн медальтан 4000, хүрэл медальтан 2000 ам.долларын мөнгөн шагналын эзэн болно. Түүнчлэн эрэгтэй, эмэгтэй шилдэг жүдоч буюу “Иппон тропи”-гийн эзнийг 2000 мянгаар байлах аж. Харин багийн тэмцээнд түрүүлсэн орон 25, үзүүрлэсэн нь 15, хүрэл медаль хүртсэн нь тус бүр 5000 мянган ам.доллар хүртэнэ.

“ХАР ТИВ”-ИЙН ЖҮДОЧИД ДАШТ-Д ОРОЛЦОХООС ТАТГАЛЗАВ

Челябинскийн ДАШТ-д 140 гаруй орон оролцохоор мэдүүлэгээ ирүүлсэн ч энэ тоо 120 болж буурлаа. Учир нь Африк тивд тархаад буй эбола вирусын улмаас “Хар тив”-ийн зарим улсын цагаан өмсгөлтнүүд оролцохоос татгалзаад байна. Олон улсын жүдо бөхийн холбооны  ерөнхийлөгч Мариус Визер Африкийн жүдочдод оролцох хориг тавиагүй ч тус орны тамирчид ДАШТ-д оролцохоос сайн дураараа татгалзсан юм.


ДАШТ-ИЙ ХӨТӨЛБӨР (Улаанбаатарын цагаар)

Наймдугаар сарын 25. Даваа гариг

13:00 эрэгтэйчүүдийн 60 кг, эмэгтэйчүүдийн 48 кг-ын жингийн тойргийн барилдаан 17:30 нээлтийн ажиллагаа

19:00 эрэгтэйчүүдийн 60 кг, эмэгтэйчүүдийн 48 кг-ын жингийн урьдчилсан барилдаан, шагнал гардуулах ёслол

Наймдугаар сарын 26. Мягмар гариг

13:00 эрэгтэйчүүдийн 66 кг, эмэгтэйчүүдийн 52 кг-ын жингийн тойргийн барилдаан 19:00 эрэгтэйчүүдийн 66 кг, эрэгтэйчүүдийн 52 кг-ын жингийн урьдчилсан барилдаан, шагнал гардуулах ёслол

Наймдугаар сарын 27. Лхагва гариг

13:00 эрэгтэйчүүдийн 73 кг, эмэгтэйчүүдийн 57 кг-ын жингийн тойргийн барилдаан 19:00 эрэгтэйчүүдийн 73 кг, эмэгтэйчүүдайн 57 кг-ын жингийн урьдчилсан барилдаан, шагнал гардуулах ёслол

Наймдугаар сарын 28. Пүрэв гариг

13:00 эрэггэйчүүдийн 81 кг, эмэгтэйчүүдийн 63 кг-ын жингийн тойргийн барилдаан 19:00 эрэгтэйчүүдийн 81 кг, эмэгтэйчүүдийн бЗкг-ын жингийн урьдчилсан барилдаан, шагнал гардуулах ёслол

Наймдугаар сарын 29. Баасан гариг

13:00 эрэгтэйчүүдийн 90 кг, эмэгтэйчүүдийн 70 кг, -78 кг-ын жингийн тойргийн барилдаан 19:00 эрэгтэйчүүдийн 90 кг, эмэгтэйчүүдийн 70 кг, -78 кг-ын жингийн урьдчилсан барилдаан, шагнал гардуулах ёслол

Наймдугаар сарын 30. Бямба гариг

13:00 эрэгтэйчүүдийн +100 кг, +100 кг, эмэгтэйчүүдийн +78 кг-ын жингийн тойргийн барилдаан 19:00 эрэгтэйчүүдййн +100 кг, +100 кг, эмэтйчүүдаш +78 кр-ын жингийн урьдчилсан барилдаан, шагнал гардуулах ёслол

Наймдугаар сарын 31. Ням гариг

12:00 эрэгтэй, эмэгтэйчүүдийн багийн тэмцээний урьдчилсан барилдаан
19:00 эрэгтэй, эмэгтэйчүүдийн багийн тэмцээний урьдчилсан барилдаан, шагнал гардуулах ёслол

Б.БАТ

Эх сурвалж: "ӨДРИЙН ШУУДАН" сонин

NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж