Далай ламын хойд дүрийн асуудал

Хуучирсан мэдээ: 2010.11.17-нд нийтлэгдсэн

Далай ламын хойд дүрийн асуудал

Далай ламын хойд дүрийн асуудал

Монгол Улсын аюулгүй байдлын нэг чухал баталгаа нь хөрш хоёр их гүрэнтэйгээ найрамдалт харилцаатай байх явдал гэдгийг хэн бүхэн мэднэ. Гэхдээ энэ нь бие даасан тусгаар улсын хувьд зарим нэг асуудал дээр өөрийн гэсэн бодолтой байхыг үгүйсгэсэн хэрэг бас биш юм. Энэ талаас нь бодож үзэхээр эдгээр улс орнуудтай тогтоосон найрамдалт харилцаанд сэв үүсгэж болох, цаашлаад манай улсын үндэсний аюулгүй байдалд нөлөөлөх хүчин зүйл болон хувирч болзошгүй асуудлууд бас цөөнгүй байгаа болох нь харагддаг. БНХАУ-ын тухайд л гэхэд Тайваньтай харилцах харилцаа, Шанхайн хамтын ажиллагааны байгууллага, Түвдийн түүний дотор Далай ламын асуудал гэх мэт. Ингээд энэ удаад Далай ламын асуудлыг аюулгүй байдлын судалгаатай холбогдох талаас нь авч үзэх гэж оролдлоо. Гэхдээ энд хэлэх нэг зүйл бол би Бурханы шашин, түүний дотор Далай лам судлаач биш, энэ талаар миний мэдлэг туйлийн хомс учир гадаад дотоодын олон судлаачын энэ талаар бичсэн зүйлүүдтэй танилцаж заримыг нь шууд орчуулж эсвэл хуулбарлан иш татаж авсан тул зохиогчдоос нь уучлал хүсэхийн зэрэгцээ, гол нь эдгээрийг судалгааны тодорхой асуудлуудын хүрээнд нэгтгэн харах, тэгээд аюулгүй байдлын судлаачын хувьд үнэлэлт дүгнэлт өгөх гэж оролдсон болохыг уншигч олон болгооно биз дээ.

Далай ламын товч намтар

Өнөөгийн 14 дүгээр Далай лам Түвдийн хамгийн хойд талын муж болох Амдон нутгийн нэг тосгоны ядуу тариачны гэрт  1935 онд мэндэлсэн байна.

Учир битүүлэг байдлаар таалал төгссөн 13 дугаар Далай ламыг нас барсны хойд жил яаравчлан тодруулсан бяцхан хүү Данзанжамц дөнгөж таван настай байхаасаа эхлэн гэр бүлээсээ албан ёсоор салж өмнөх дүрийн Далай лам нарын оршин амьдарч ирсэн Потала ордонд Түвдийн хаан болон шашны удирдагчаар суужээ. Түвдийн шашин, улс төрийн байдал туйлын ээдрээтэй үед тодорсон энэ Далай ламын амьдрал нь ганцхан Түвдийн төдийгүй Хятад улсын хувь заяатай салшгүйгээр холбогджээ.

Данзанжамц олон тооны лам нар болон Тэжан ба Лин Ренбүүчийгээс Бурханы шашныг судалжээ. Түүнийг балчир тул Ратан Ренбүүчий төлөөлөн засаг барьж байжээ. Бас дараа нь Дадаг Ренбүүчий төрийн эрхийг барьжээ. 1950 онд Төвд орон Хятадын хувьсгалын хүрээнд татагдан орсон бөгөөд Далай лам Хятадын коммунистуудтай 1954 онд хэлэлцээр хийж ард түмэндээ хандан Хятадын Засгийн газрыг хүлээн зөвшөөрөхийг уриалж, удалгүй Бээжинд айлчилж Мао-Зэ-Дунтай уулзжээ. Дараа нь Энэтхэгт ирж Бурхан багшийн 2500 жилийн ойд оролцож дэлхийн Бурханы шашинтнуудтай найрсаг харилцаа тогтоожээ. Тэрээр Хятадын эсрэг дэгдсэн түвдүүдийн бослого дарагдмагц 1959 оны гуравдугаар сард нэг зуун мянган төвдүүдтэй хамт Гималай уулыг даван Энэтхэгт гарч Дарамсала хэмээх багавтар хотод сууж, Түвдийн цагаачлалын Засгийн газрыг байгуулж, шашин төрийн асуудлыг дахин эрхлэх болжээ.

Далай лам бурханы шашны тэргүүн болох тухай

14 дүгээр Далай лам Түвдийн төдийгүй дэлхийн бурханы шашинтнуудын оюун санааны тэргүүнд тооцогддог бөгөөд 1959 оноос эхлэн Энэтхэгт амьдарсан цагаачлалын он жилүүд нь өдөр бүрийн хар дарсан зүүд мэт хэцүү байдалд өнгөрсөн боловч Түвдийн бурхны шашны зүг дэлхий нийтийн анхаарлыг татаж чадсан нь чухамхүү түүний нэр нөлөөтэй холбоотой юм.

1959 онд Хятадын Засгийн газрыг эсэргүүцсэн түвдүүдийн бослого амжилтгүй болж цаашдаа олон хүний амь нас үрэгдэх шинжтэй болмогц түүүнээс сэргийлж бурханы шашны тухайн үеийн оюун санааны гол удирдагчдыг өөртөө нэгтгэн дагуулж Энэтхэгт дүрвэн гарсан нь эцсийн дүндээ түвд хэл дээрх бурхан шашны нэр хүндийг бүрэн бүтнээр нь авч үлдэхийн төлөөх олон жилийн нөр их тэмцлийн эхлэл болсон байна. Далай лам өөрийнхөө тэмцлийг тодорхойлон хэлэхдээ “…миний олон жил өрнүүлсэн энэхүү үйл ажиллагааны гол утга учир нь түвд хэл дээрх бурханы шашин, ялангуяа их хөлгөнийн ном сургаалыг хадгалж үлдээхэд чиглэж байсан билээ” гэсэн байдаг.

Бурханы шашинтнууд төдийгүй дэлхий дээрх өөр шашинтай болон огт шашин шүтдэггүй олон сая хүн Далай ламтай уулзаж түүний барааг холоос ч болов ганц удаа ч гэсэн харахыг эрмэлзэн зүтгэдэг нь түүний амьдрал тэр чигээрээ амьтан бүхнийг гэсэн энэрэн нигүүлэсэхүйн үзэл санааг баримтлал болгож амьдралынхаа мөч бүрийг энэхүү санааны илэрхийлэл болгосоны үр дүн юм хэмээн түүний шавь нар хэлдэг. Далай лам сүүлийн 20 гаруй жилийн турш дэлхийн улс орнуудаар байнга аялж сургаалиудаа айлдаж яваа бөгөөд явсан газар бүртээ бурханы шашинтнуудтай тааралдан уулзаж энэ шашнаа хадгалан хамгаалж явахыг захиж сургаж байдаг нь тэдэнд ихээхэн сэтгэгдэл төрүүлдэг байна.

Хятадын харъяаллын Түвдийн автономит мужид болон Энэтхэгийн соёлын хүрээнд  төрж өссөн түвдийн ард түмний бүхэл бүтэн хоёр үеийнхний хооронд ахуй соёл болоод шашнаа хүндэтгэж үзэх үзэл улам бүр харилцан адилгүй болж байгаа өнөө үед бурханы шашны нууцын сургаалыг өдий болтол хадагласан түвдийн ард түмэн эгнэгт салан бутрах вий гэдэг нь Далай ламын гол айдас юм.

Үүний зэрэгцээ 14 дүгээр Далай лам нь Монгол Улс, Бутан, Балба болон ОХУ-ын Буриад, Тува, Халимаг зэрэг оронд зонхилдог бурханы шашинтнуудын төдийгүй дэлхийн бусад оронд тархан амьдарч буй олон үндэстэн бурханы шашинтнуудын хүлээн зөвшөөрсөн, оюун санааны албан ёсны багш гэдэг нь үнэн юм.

Далай лам улс төрийн зүтгэлтэн болох тухай

Дөнгөж 15 насандаа 1950 оны арваннэгдүгээр сарын 17-нд Далай лам Түвдийн Үндэсний ассамблейн хүсэлтээр улс төрийн бүрэн эрх авч Түвдийн Засгийн газар ба төрийн тэргүүн болсон байна. Хятадын ардын чөлөөлөх арми Түвдэд орж ирсэн учраас ард түмэн буюу сүсэгтэн олныхоо хүсэлтээр тэр ийм шийдвэр гаргасан байдаг.

1951 онд Түвд-Хятадын хэлэлцээр байгуулагдан Түвд улс шинээр эмхлэгдэн байгуулагдаж байсан БНХАУ-ын бүрэлдэхүүнд орсон. 1950-1959 онд 14 дүгээр Далай лам Хятадын засаг захиргаатай энх тайвнаар зэрэгцэн орших оролдлогуудыг хийж иржээ. Тэрээр 1951-1959 онд Бүх Хятадын Ардын Зөвлөлдөх хорооны гишүүн, 1954-1959 онд Бүх Хятадын Ардын төлөөлөгчдын хурлын депутат, 1953-1959 онд БНХАУ-ын бүрэлдэхүүнд Түвдийн автономит районыг байгуулах хорооны дарга ба Хятадын бурханы шашинтнуудын нийгэмлэгийн тэргүүн байжээ.

1950-иад оны дунд үеэс Түвдэд Хятадын эсрэг хөдөлгөөн эхлэн 1959 онд зэвсэгт бослого болон хувирсан юм. Хятадын эрх баригчид бослогыг цэргийн хүчээр даржээ. Үүний улмаас 1959 оны гуравдугаар сарын 17-нд Далай лам Энэтхэгт дүрвэн гараад өнөөг хүртэл Энэтхэг, Хятадын хилийн ойролцоох Дарамсала хотод амьдарч байна. Далай ламыг даган Түвдийн бурханы шашинтнуудын оюун санааны гол удирдагчид буюу элитууд дүрвэсэн байдаг. Тухайн үед хамгийн эрдэм номтойд тооцогдож байсан болон гол хийд, дацангийн тэргүүн лам нар бурханы шашнаа хадгалан хамгаалах гэсэн үзэл санааны дор Далай ламын амьдарч байгаа нутагт дүрвэн ирж суурьшсан байна.

Эдгээр хамтран зүтгэгчид нь нөгөө талаасаа түүний улс төрийн үзэл бодлыг дэмжигчид, Түвдийг Хятадаас тусгаар улс байхын төлөө тэмцэгчид учир үнэн чанартаа улс төрийн дүрвэгсэд байсан юм. Энэ нь Энэтхэгт Далай лам Түвдийн цагаачлалын Засгийн газрыг байгуулан түүнийг тэргүүлэх, тусгаар улсын засгийн газарт байдаг, зэвсэгт хүчнээс бусад байгууллагуудыг бий болгон ажиллуулах үндэс болсон байна. Ялангуяа дүрвэгсдийн хүүхдүүдийг сургах сүлжээ болох шашны сургуулиуд болон түвдийн судалгааны дээд төвийг бий болгосон нь ихээхэн үр дүнгээ өгсөн байдаг.  Далай ламын улс төрийн үйл ажиллагааныхаа хүрээнд бурханы шашны гол зарчмууд болон Хүний эрхийн түгээмэл тунхагт тулгуурлан боловсруулсан ардчилсан гэж нэрлэгддэг Үндсэн хуулийг ирээдүйн эрх чөлөөт Түвдийн загвар хэмээн 1963 онд тунхагласан болно.

Далай лам өрнө, дорнын маш олон орноор айлчлан улс төр, шашин, соёл урлаг, бизнесийн төлөөлөгч нартай харилцаа холбоо тогтоожээ. Ингэхдээ хэдийгээр бурханы шашны тэргүүн гэдэг нэрийн дор энэ үйл ажиллагаагаа явуулж байсан боловч эцсийн дүндээ түүний эдгээр айлчлалын үр дүн нь улс төрийн утга агуулгатай болон хувирч байсан юм.

Далай лам түвдийн гүн ухаан ба шашны номнолоор цөөнгүй ном бичсэн нь дэлхийн олон хэл дээр орчуулагдан гарсан байна.

Түүний шашны буюу энх тайвны төлөө тэмцлийг олон улсад үнэлэн 1989 онд Нобелийн энх тайвны шагнал олгож байлаа. Мөн Азийн Нобелийн шагнал гэгддэг Хүний эрхийн төлөөх Филиппины Магсейн шагналыг Далай лам авсан юм. Түүнчлэн АНУ-ын хүмүүнлэгийн Альберт Швейцарийн шагнал, Германы Леопольд Лукхмын шагнал, АНУ-ын “Цөмийн зуун” сангийн “Энхийг сахиулах үйлсийн тэргүүлэгч” шагнал, Энэтхэгийн Үндэсний энхийн бага хурлын “Энх тайван ба эв нэгдлийн төлөө” шагнал,  Германы Сарториусын сангийн тэргүүн шагнал, АНУ-ын Конгрессийн Алтан медаль зэрэг нэр хүндтэй шагнал авч байжээ.  1994 онд Орост айлчлан “Улс түмний найрамдлын одон”-гоор шагнагдан Төрийн думд нь үг хэлж байсан түүхтэй. Канад улс 2006 онд Далай ламыг хүндэт иргэнээ болгосон байна.

Тэрээр өөрөө 2008 онд өгсөн нэг ярилцлагадаа “хэдийгээр би улс тєрийн үйл хэрэг явуулдаггүй ч хятадууд ингэж үздэггүй. Хэрвээ би Түвдийн тусгаар тогтнолын тєлєє тэмцэл єрнүүлж байгаа бол хүссэн хүсээгvй улс тєрийн үйл хэрэг болно. Би юуны тєлєє яваад байгаа юм бэ. Тvвдийн соёл, уламжлалыг хадгалж үлдээхийн тєлєє л тэр шүү дээ. Түвд Хятадын бүрэлдэхүүнд байхыг би аль хэдийнээ зєвшєєрчихсєн” хэмээн хэлсэн байдаг

Тэрээр мөн “Хятадууд Түвдэд орсноос хойш 50 гаруй жил єнгєрчээ. Энэ хугацаанд түвдvvд Хятадад уусч, Түвдийн тусгаар тогтнолын тєлєє дуугардаг улс орнууд гэж байхгүй болсон байна. Дахиад 50 жил єнгєрєхєд Түвд ямар байдалтай болох бол. 50 жилийн дараа юу болохыг би зориглож хэлж чадахгүй нь. Үнэнийг хэлэхэд, би сайнаар тєсєєлєхгүй байна. Түвд одоо ямар байдалтай болсныг дэлхий нийт харж л байгаа. Тэнд лам нарыг хэрхэн хавчиж хяхаж байгаа тухай мэдээлэл надад байнга ирдэг. Дэлхий нийтийн анхаарлыг Түвдэд хандуулах гэж оролдсон ч сайн үр дүн авчирсангvй. Хятадууд ч тэгээд айхтар хүмүүс юм.

Уг нь Тvвд өөрийн Үндсэн хуультай, Засгийн газар, парламенттай болж, гадаад улс орнуудтай харилцаа тогтоосон байсан бол байдал огт єєр байх байж. Даанч Маогийн цэрэг орж ирэхээс ємнє би үүнийг хийж амжаагүй. Тэгэхэд би дєнгєж 21 настай байлаа. Түвд цэвэр шашны улс байсан нь Хятадын эрхшээлд ороход ихээхэн нєлєєлсєн. Харин Бутанд яагаад тэгж аз дайрсныг би ойлгодоггүй. Хятадууд, хэвлэл мэдээллийнхэн л цагаачлалын гэдэг болохоос энэ нь тийм Засгийн газар биш юм. Энэ бол Түвдийн хууль ёсны Засгийн газар. Харамсалтай нь, дэлхийн хамтын нийгэмлэг бидэнд тэгж их анхаарал тавьж, Израиль шиг газар нутаг єгєхгүй биз. Ялангуяа, Энэтхэгийн эрх баригчид Түвд Хятадын салшгvй хэсэг гэдгийг дєрвєн жилийн ємнє хүлээн зєвшєєрчихсєн. Тэгэхээр түвдүүдийн ууган эх орноос гадна Түвд улсыг байгуулах бараг боломжгүй. Дарамсала дахь Түвдийн Засгийн газар тэндэхийн түвд иргэдийн асуудлыг шийддэг. Мєн дэлхий даяарх түвд иргэдийн тєлєє дуугардаг байгууллага юм.

Хэрэв би Хятадад үлдсэн бол Панчин лам яалаа, яг л тэрэн шиг юм болох байсан. Хятадууд жинхэнэ Панчин ламыг хулгайлж єєрсдєє шинэ Панчин ламыг томилсон. Намайг бас л тэгэх байсан байх. Магадгүй би ингэж зугтаж гарч чадсан нь их хувь заяа. Зугтаж явахдаа буудуулж болох байсан. Би зугтаж гарч чадаагүй бол єнєєдєр Түвд дэх байдал бүр дор байх байсан. Хэдийгээр бид тусгаар улсаа сэргээн босгох бараг боломжгүй болсон ч Түвд vндэстэн мєхєж сєнєхгүй байх. Эд хаана ч явсан зүрх сэтгэл нь Түвдийн тєлєє цохилж байгаасай гэж би хүсдэг. Яг л еврей хүмүүс шиг. Тэгсэн цагт би амар амгалан нойрсож чадна” гэж ярьсан нь түүний улс төрийн зүтгэлтний хувьд баримтлаж явдаг гол санаануудыг илэрхийлж байгаа юм .

14 дүгээр Далай ламын хойд дүрийг тодруулах асуудал

Хойд дүрийн тухай бурханы шашны ойлголт, журам, дэг жаяг

Түвдээр “Далай лам” гэдэг нь “Далай-багш” гэсэн утгыг илэрхийлдэг. Далай багшийн түүх зургаан зууныг дамжин үргэлжилж байгаа юм. Зовлонгоос ангижруулах Бодисадьва Авапокитешварагийн хойд дүр нь Далай лам болдог гэж бурханы шашин үздэг. Бясалган гэгээрсэн Авапокитешвара хорвоогийн амьтдаас ганц нь ч гэсэн зовон зүдэрч байгаа цагт дэлхийг орхихгүй гэсэн ам өгсөн гэдэг. Хорвоогийн амьтдын зовлон тасрахгүй учир Авапокитешвара дахин дахин төрдөг гэдэг нь Далай ламын хойд дүрийг тодруулдаг бурханы шашны гол үзэл санаа юм.

Ийм учраас бурханы шашны ёсоор бол, Далай лам таалал төгссөнийхөө дараа эргэж төрдөг номтой. Иймээс ээлжит Далай ламыг нас барсаны дараа ойрын хүрээллийн тусгайлан сонгогдсон лам нар нь түүний хойд дүр болох жаалыг тодруулах эрэлд гардаг. Тэр жаал өөрийн гэсэн тодорхой зан чанар, шинж төрхтэй байх учиртай бөгөөд сорилт туршилтыг давах ёстой байдаг.

Ер нь Далай ламын хойд дүрийг хайх ажил нарийн түвэгтэй, олон жилийн хугацаа шаарддаг үйл заншил юм.

Уг нь бол Далай ламыг таалал төгссөнөөс хойш 49 дэх хоногоос нь хоёр жилийн дотор голчлон Түвдээс түүний хойд дүрийг тодруулж ирсэн уламжлал тогтсон юм. Ингэхдээ Далай ламын гэрээслэл, Нечунг хийдэд байдаг Төвдийн төрийн судрын сургаал болон хойд дүрийн эзний ер бусын чадвар зэргийг Далай ламын хойд дүрийг тодруулах лам нарын тусгай хэсэг тооцон үзэж ирсэн байна.  Үүний тулд талийгаач Далай ламыг занданшуулан ширээнд нь залаад, тэр биеийн байдлаа өөрчлөн, гол төлөв толгойгоо эргүүлэхийг хүлээнэ. Дараа нь зарим нэг үсэг үзэж болох ариун нуурын усанд таавраа үргэлжлүүлнэ. Тэдгээр үсгээр Далай ламын хойд дүрийг эрэх хэрэгтэй болдог. Далай ламын хойд дүр төрсөн байж магадгүй гэсэн Түвдийн мужийн багцаалсан нэрийг тааж, тийшээгээ лам нарыг зориуд явуулна. Хойд дүрийг тодруулахад өмнөх Далай ламын эд хогшлыг хойд дүр нь хэрхэн таньж буй нь их чухал байдаг. Хэрэв хойд дүрээр тодруулах боломжтой олон хүүхэд байх юм бол сонголт явуулна. Дараа нь тэр хүүхдийг Лхас руу явуулж, туршлагатай лам нарт шавь оруулна. Гол төлөв Түвдэд төрсөн Далай ламын хойд дүрийг лам нар хэдэн шинжээр эрж хайж тодруулж ирсэн байдаг. Гэхдээ Хятад юмуу Монголын нутагт Далай ламын хойд дүрийг эрж хайсан буюу тодруулж байсан түүх бас бий.

Далай ламыг хэрхэн тодруулдаг талаар 14 дүгээр Далай ламын бичсэн «Миний нутаг, миний ард түмэн» номноос уншвал нэлээд зүйл тодорхой болдог. Түүний бичсэнээр 13 дугаар Далай лам таалал төгссөний дараа Лхас дахь Далай ламын Норбулинк дахь зуны харшид байрлуулсан түүний бие урд зүг хандсан байсан ч хэдэн өдрийн дараа түүний нүүр зүүн зүг харсан нь  анзаарагджээ. Түүнээс гадна Лхас хотоос зүүн хойш хачин хэлбэртэй үүл харагдаж, Далай ламын бие байрласан сүмийн зүүн хойд тал дахь модон шон дээгүүр таван хошуу хэлбэртэй асар том үүл гэнэт гарч иржээ. Тогтсон уламжлалын дагуу усанд нь ирээдүйг тольдон харж болох зөнч нуур – Лхамо Лхацо ариун нуурт хандан тусламж хүсэв. Эрлийн бүлэг нуурын эргээр хэдэн өдөр явж, эцэстээ нуурын гадарга дээр түвд «А», «Ка», «Ми» үсэг гарахыг харж, түүнийгээ дараа нь Далай лам Кумбум хийдээс /«Ка», «Ма»/ холгүй Амдо /«А»/ мужид төрсөн гэж тайлсан гэжээ. Далай ламын ярьснаар, ногоон, алтлаг дээвэртэй хийд, бас номин өнгийн хавтангаар барьсан байшинг нуураас харсан гэдэг. Энэ байшингаас хоёр настай жаал илрүүлжээ. Тэр жаал «эд юмаа хийсэн шуудайг тоглоомон моринд ганзгалан, тэр морио унаж тоглох дуртай байжээ. Тийнхүү хоёр настай Лхамо Дхондрупийг 13 дугаар Далай ламын хойд дүр гэж тодруулжээ.

14 дүгээр Далай лам намтартаа дурссан нь «Хойд дүр болох жаахан хүүхдүүд гол төлөв түрүүчийн амьдралынхаа эд юм, хүмүүсийг санадаг. Тэдний зарим нь хэн ч сургаагүй байтал шашны судар уншиж чадна… Эрлийн бүлгийн лам нар манайд ирээд, талийгаач Далай ламын эд юмсаас хоёр настай байсан миний өмнө тавив. Би тэдгээрийг олон юм дотроос сонгож авч, «Энэ минийх» гэсэн. Тийнхүү талийгаачийн сүнс чухамхүү миний биед шингэж, би Далай ламын  хойд дүрээр тодорсон» гэжээ.

Түүнээс гадна ирээдүйн 14 дүгээр Далай лам эрлийн бүлгийнхнийг нэрээр нь дуудаж, дараа нь энэ амьдралдаа хэзээ ч сонсож байгаагүй нийслэл Лхас хотын аялгуугаар тэдэнтэй гэнэт ярьж, нэг мөргөлчний хүзүүнд өлгөөстэй байсан 13 дугаар Далай ламын эрхийг өгөхийг шаардсан гэдэг.

Журмын дагуу туршсаны дараа Лхамо Дхондрупийг 13 дугаар Далай ламын хойд дүрээр тодруулжээ. Ингээд 14 дүгээр  Далай ламыг Түвдийн нийслэл Лхас хотноо 1940 оны хоёрдугаар сарын 22-нд ширээнд нь залсан байна.

Бурханы шашны, ялангуяа шарын шашны сүм хийдэд  Далай лам төдийгүй, хэрэг дээрээ түүний бүх шадрын хойд дүрийг тодруулдаг юм. Жишээ нь, 1980-аад оны дундуур 14 дүгээр Далай ламын багш, 81 настай Линг Римбуучи таалал төгссөн. Линг багшийнх нь сүнс Энэтхэгийн умард нутагт Гималай хавьд дахин төрснийг Далай лам өөрөө мэдэрчээ. Түүнийг эрэхээр талийгаачийн зарц тэргүүлсэн олон хүнтэй эрлийн бүлэг илгээжээ. Тэд Энэтхэгийн умард нутгийн янз бүрийн газраас дөрвөн жаал сонгож авав. Лингийн эрхийг хүүхэд бүрээр таалгажээ. Тэдний нэг эрхэнд хүрээд, баяр хөөр болгон хашгирч, талийгаачийн зарцын өвөр өөд асчээ. 1987 оны долдугаар сарын долоо дахь өдөр тэр хүүг Лингийн долоо дахь хойд дүр хэмээн зарлажээ.

Үүсээд буй нөхцөл байдал

Энэтхэгт цагаачлан амьдарч буй Далай лам түүний эх орон Түвд эргэлт буцалтгүй Хятадын нэг хэсэг болсон гэдгийг үгүйсгэхээ болиод нэлээд удаж байна.

Хятад улс Далай ламыг салан тусгаарлагч, үймээн самуунд уриалагч хэмээн буруутгадаг боловч Далай лам сүүлийн жилүүдэд үүнийг няцааж “Би Түвдийн тусгаар тогтнолын төлөө биш, харин автономит өргөн эрхийн төлөө тэмцэж байгаа” хэмээн мэдэгддэг болсон нь үүний нэг илэрхийлэл юм. Түвдийн ард түмэн ч үндсэндээ бий болсон нөхцөл байдалд дасаж Хятадын бүрэлдэхүүнд амьдарсаар олон жил болжээ.

Гэвч Бээжингийн удирдлага Түвдүүдийн энэ харьцангуй дуулгавартай байдалд төдийлөн итгэхгүй байгаа юм. Түвдийн өөртөө засах мужид болон Хятадын зэргэлдээх мужуудад амьдарч буй түвдүүд Далай ламыг Түвдэд эргэж ирэхийг ил тод уриалсан хэвээр байгаа. Тэд түүнтэй уулзахын тулд Энэтхэг рүү очихоор амь бие үл хайрлан зүтгэсээр, үүнийхээ зэрэгцээ элдэв янзын эсэргүүцлийн хөдөлгөөн өрнүүлж зарим тохиолдолд зэвсэгт үймээн дэгдээсээр байгаа нь үүний нотолгоо юм.

Үүнээс гадна Далай ламын хойд дүрийг тодруулах асуудал нэлээд хэдэн жилийн өмнөөс гэнэт гарч ирж шинэ маргааны эхлэлийг тавьсан юм. Үүнээс үүдээд, асуудал улам хурцадмал шинжтэй болсоор байна.

Өдгөө 75 хүрсэн Далай ламын нас ахих тусам гадаадад дүрвэн гарсан Түвдийн цагаачлалын Засгийн газрын хувь заяа улам бүр бүрхэг болж цаашдаа яах бол гэдэг асуудал бурханы шашныг шүтдэг хэн бүхний сэтгэлийг зовоож байгаа нь тодорхой байна. 15 дугаар Далай лам тодрох эсэх асуудал нь одоогийн Далай ламыг амьд сэрүүн дээр нь хүчтэй яригдаж эхэлсэн бөгөөд Түвдийн цагаачлалын Засгийн газрын доторхи элдэв бүлэглэлүүд энэ тухайд санал зөрөлдөөнтэй болж олон төрлийн цуурхал яриа Дарамсалад төдийгүй дэлхий даяар тархаж эхэлжээ.

Шарын шашны сүсэг бишрэлээр бол Далай лам бурхан болсны дараа түүний оюун санаа өөр нэг хүүхдийн биед шингэх учиртай тухай дээр өгүүлсэн. Шинэ Далай ламыг тодруулах ажлыг хойд дүр хэн болохыг тогтоох нарийн аргыг сайн мэддэг өндөр мяндаг тушаалтай лам нар гүйцэтгэх ёстой байдаг. Жишээлбэл, Далай ламд үнэнч лам нар 1989 онд шашны дэв зэргээрээ хоёрдугаарт орох Панчин ламын хойд дүрийг Түвдээс тодруулсан боловч тэр хүү удалгүй алга болсон. Түүнийг "Хятадын хамгаалалтад байгаа" гэсэн мэдээлэл тараагдаж байсан. Одоо 21 хүрсэн залуу байх ёстой аж. Түвдийн лам нар Хятадын засгийн газрын дэмжлэгтэйгээр түүний оронд шинэ Панчин ламыг тодруулсан гэж яригддаг. Гэсэн хэдий ч 20 настай энэ залуугийн талаарх мэдээлэл хомс байна. "Хятадын амьд бурхан" гэгддэг энэ Панчин богд халамжлан хүмүүжүүлэгчдийнхээ үгэнд сайн ордоггүй" гэсэн цуурхал Түвдэд нэлээд газар авсан байдаг.

Ер нь Далай ламын дараах Түвдийн ирээдүйн талаар хоёр санаа бодол байгаа юм. Зарим хүн Далай лам нас барвал Түвдийн асуудал түүний хамт бүрмөсөн мөхнө гэж ярьдаг. Гэтэл нэг хэсэг хүн харин Түвдийн асуудал улам хурц, бүр хүчтэйгээр тавигдах болно гэдэг. Ер нь түвдүүдийг тусгаар тогтнох гэсэн хүсэл эрэмэлзэл, шашин шүтлэгээсээ татгалзахыг хэн ч ятгаж, хөтөлж дөнгөхгүй нь улам бүр тодорхой болсоор байгаа юм. Хятадын Засгийн газрын иймэрхүү оролдлогуудын эсрэг түвдүүд улам бүр гөжүүдэлдэг болох нь ойлгогдож байгаа болно. Ийм учраас үнэндээ энэ асуудалд Далай ламыг нас барсаны дараа л цаг хугацаа бодит байдал хариулт өгөх болоод байгаа юм.

Далай лам нас барвал Түвдийн асуудал байхгүй болно гэдэг ярианы тухайд гэвэл өнгөц талаасаа байдал иймээр эргэж болох талтай юм. Гэвч Түвдийн асуудал бол зөвхөн Далай ламын хэрэг биш бөгөөд бурханы шашин шүтдэг олон сая хүний болон бүхэл бүтэн нэг үндэстний асуудал гэдгийг сайтар ухаарах хэрэгтэй юм. Далай лам нас барвал  Түвдийн цагаачлалын Засгийн газарт  болон шарын шашны дээд зиндааны лам нарын бүрэлдхүүнд тодорхой өөрчлөлтүүд гарч, баримтлах бодлогын хувьд ч шинэ санаанууд гарч ирэх нь ойлгомжтой хэрэг. Гэхдээ түвд үндэстэн оршин тогтносоор, шарын шашнаа шүтсээр байх учраас энэ үндэстний асуудал шийдвэрээ хүлээсээр, Түвдийн цагаачлалын Засгийн газар үйл ажиллагаагаа үргэлжлүүлсээр байх магадлал ихээхэн өндөр юм.

Энэ талаар Далай лам өөрөө хэлэхдээ “…хангалттай хүсэл эрмэлзэл, эдийн засгийн бололцоотой хөгжил цэцэглэлтэй байхад үүнийг үргэлжлүүлээд аваад явах боломжтой. Еврейн нийгмийг хар л даа. 1000 жилийн турш гол сүнс, үзэл хадгалсаар ирсэн. Заримдаа юм амар хялбар байвал түвдүүд маадгар, хэнэггүй болчихдог. Юм хэцүү ноцтой болбол түвдийн оюун ухаан улам хүчтэй бат бөх болдог” гэсэн байдаг.

Үүнтэй уялдаатайгаар дараагийн Далай ламыг хаанаас, хэн тодруулах, түүний бодол санаа, Хятадын талаар баримтлах байр суурь ямар байх вэ гэдэг нь хамгийн анхаарал татсан асуудал болж байгаа юм. Далай ламын засаглал буюу Түвдийн цагаачлалын Засгийн газрын үйл ажиллагаа цаашдаа үргэлжлэх эсэхийг үндсэндээ Түвдийн ард түмэн, өөрөөр хэлвэл бурханы шашинтнууд шийдвэрлэх нь тодорхой юм. Хэрэв тэдний олонхи нь үүнийг хэрэггүй гэж үзвэл энэ засаглал дуусаж 15 дугаар Далай ламыг тодруулах шаардлагагүй байдал үүсэж болох юм.

Гэвч Далай лам нас барвал бурханы шашинтнууд, түвдүүд түүний хойд дүрийг тодруулахыг хүлээх, шаардах нь бараг тодорхой зүйл юм. Шашны тэргүүний, ер нь хутагт, хувилгаадын хойд дүрийг тодруулах нь тэдний өмнөх амьдралын зорилго болон хийж амжаагүй зүйлийг нь гүйцээн биелүүлэхийн тулд байдаг. Шарын шашны энэ зан заншил нь Далай ламын хойд дүрийг түүний амьдарч байгаа улс орон буюу ойр хавиас нь, гэхдээ түүний хүрээллийн лам нарын эрэл хайгуулаар тодруулах байх гэсэн таамаг үүсгэж байгаа юм. Бүр тодруулж хэлвэл одоогийн Далай ламын үзэл санааг дэмждэг ойлгодог улс орнуудын бурханы шашинтнуудын хүүхдүүд дотроос түүний хойд дүрийг тодруулах ёстой гэсэн үзэл бодол хүчтэй оршиж байгаа юм. Үүнээс үүдэн Далай лам Түвдээс гадна амьдарч байгаа болохоор түүний хойд дүрийг Түвдээс өөр газраас тодруулах, эсвэл түүний гэрээслэлийн дагуу үүрэг хүлээсэн лам нар Түвдээс тодруулан Дарамсалад аваачих гэсэн хоёр асуудал үүсэн гарч ирж байгаа болно.

Тэгвэл үүнтэй уялдан Хятадууд асуудлыг ийм байдлаар шийдвэрлэхийг хүлээн зөвшөөрөх эсэх болон Далай ламын хойд дүрийг Түвдээс өөр газраас тодруулвал Хятадын түвдүүд түүнд хэрхэн хандах вэ гэсэн асуудал бас урган гарч ирж байгаа болно.

Мэдээж хэрэг Хятадын Засгийн газар үүнийг хүлээн зөвшөөрөхгүй нь бараг тодорхой хэрэг. Өөрөөр хэлвэл Хятадын Засгийн газар Панчин ламыг дэмжин тодруулсан шиг өөр Далай ламыг Түвдийн дээд зиндааны өөрийн талыг баримтлагч лам нарын туслалцаатайгаар тодруулах нь гарцаагүй. Энэ нь хоёр далай лам гарч ирэх магадлал байгаа гэсэн үг юм. Нэг нь 14 дүгээр Далай ламын гэрээслэлийн дагуу тодруулсан шинэ Далай лам, нөгөө нь Түвдийн лам нар тодруулж Хятадын Засгийн газраас албан ёсоор хүлээн зөвшөөрсөн Далай лам. Үүнээс үүдээд энэ хоёр Далай ламыг дэлхийн бурханы шашинтнууд хэрхэн хүлээж авах вэ? гэдэг бас нэг асуудал үүсэж байгаа юм. Энэ тохиолдолд Тvвдийн асуудал улам хурцдаж, хятадууд, түвдүүд хоорондын төдийгүй олон улсын шинж чанартай шинэ маргааны эхлэл тавигдах болно.

Үүний зэрэгцээ Хятадуудаас өрсөн дараагийн Далай ламыг одоогийн Далай лам өөрөө тодруулах магадлал улам их болсоор байна. Хэдийгээр энэ нь Далай ламыг тодруулах уламжлалт ёс заншилд нийцэхгvй ч ингэхээс єєр аргагvй болоод байгаа талаар тэрээр байнга ярих болсон. Энэ нь нөгөө талаасаа одоогийн Далай лам дэлхий дахинд ихээхэн нэр хүндтэй хүн учир Түвдийн асуудал алга болохгүй байгаа бөгөөд дараагийн Далай лам мөн л ийм нэр хүндтэй байж гэмээж Түвдийн цагаачлалын Засгийн газар үйл ажиллагаагаа олон улсын тавцанд үргэлжлүүлэх бололцоотой байхтай уялдаатайгаар гарч ирж байгаа зүйл юм.

Ер нь Хятадууд Далай ламыг тодруулах юм бол цагаач түвдүүд өөрсдийн Далай ламыг тодруулах нь бараг тодорхой юм. Газар газрын түвдүүд Далай ламыгаа одоо болтол бишрэн шүтсээр байгаа. Үүний гол учир шалтгаан нь тэрээр Хятадын Засгийн газраас тусдаа бие даасан шашны болон улс төрийн үйл ажиллагаа явуулж чадаж байгаад нэлээд хэмжээгээр орших юм. Үүнийг ойлгохыг тулд одоо хоёр Панчин лам байгаа талаар түвдүүд юу боддогыг мэдэх хэрэгтэй юм. Тэд “ … жинхэнэ Панчин богд Хятадад байсан болохоор хулгайлагдаад чимээгvй болсон. Хэрэв тэр гадаадад байсан бол ингэж “дарагдахгvй” байсан юм. Далай лам гадагшаа гарсан учраас ийм нэр хүндтэй байгаа болно” гэж ярьцгаадаг болно. Үүнээс үзвэл түвдүүд 14 дүгээр Далай ламын өөрийн гэрээслэлийн дагуу тодруулсан шинэ Далай ламыг илүүтэй үзэх нь ойлгогдож байгаа юм.

Өөр нэг чухал асуудал бол шинэ Далай лам балчир хүүхэд байх нь тодорхой юм. Тэгвэл тэрээр эрдэм ухаанд суралцаж, өсөж өндийн одоогийн Далай ламын зэрэгт хүрч, Хятадын Засгийн газартай эн зиндаанд тэмцэлдэх, олон улсад нэр хүндтэй болохын тулд цөөнгүй жил шаардагдах болно. Ингэхлээр энэ хугацаанд Түвдийн цагаачлалын Засгийн газар юу болж хувирах, энэ Засгийн газрыг үнэн чанартаа толгойлж дэлхийн бурханы шашинтнуудыг нэгтгэж чадах өөр нэг хүн бас байх ёстой нь тодорхой байна. Далай лам ч үүнийг бас бодсон бололтой байдаг. Ийм хүн нь нэлээд хэдэн жилийн өмнө Түвдээс цагаачлан Дармасалад хүрч ирсэн Гармала лам байж болох тухай, түүнд энэ үүргийг оногдуулж болох юм гэж итгэдэг талаараа тэрээр хэд хэдэн удаа ярьсан байдаг. Гармапа бол Далай лам, Панчин ламын дараа ордог бурханы шашны гурав дахь том лам юм.

Хятадын Засгийн газрын байр суурь

Шарын шашны түүхэнд Түвдийн гаднаас Далай лам нар тодорч байсан нэг тохиолдол бий. Тухайлбал 4 дүгээр Далай ламаар монгол хүн тодорсон байдаг. Одоогийн Далай лам энэ түүхэн баримтад тулгуурлан өөрийнхөө хойд дүрийг Түвдээс өөр газраас буюу Энэтхэгээс эсвэл Монголоос, түүнчлэн буддын шашинтай өөр бусад орны ард түмнүүдийн дундаас сүсэгтэн олон өөрсдөө тодруулах тухай ярих болсон юм.

Үүнийг Хятадын Засгийн газар зөшөөрөхгүй нь тодорхой тухай дээр хэлсэн. Ийм учраас БНХАУ-ын шашны хэрэг эрхлэх газраас Түвдийн асуудлыг хурцатгахгүй байхын тулд хэдэн жилийн өмнө Түвдүүдийн оюун санааны амьдралтай холбоотой өвөрмөц заавар гаргасан тухай үнэн худал нь мэдэгдэхгүй мэдээлэл дэлхийд түгээд байна. Энэхүү зааварт "амьд бурхан"-ы хойд дүрийг тодруулахдаа зөвхөн БНХАУ-ын Засгийн газрын дэмжлэгтэйгээр гүйцэтгүүлэхээр тусгасан гэж яригдаж байгаа. Түүнчлэн энэ нь хууль бөгөөд түүнд "Хятадын Засгийн газар, шашны хэрэг эрхлэх газрын зөвшөөрөлгүйгээр өөрийгөө тунхагласан "амьд бурхан"-ыг хууль бус хэмээн үзэх болно", Далай ламын хойд дүрийг тодруулах үйл явц "хилийн чанадад байгаа ямар ч бүлэг, хувь хүний нөлөөн дор явагдах ёсгүй" гэж заасан байгаа тухай хаа сайгүй яригдаж байгаа болно.

Хэрэв ийм хууль, эсвэл ямар нэгэн заавар, журам гарсан нь үнэн бол Хятадын Засгийн газар Далай ламын хойд дүрийг Түвдээс өөрсдөө тодруулна гэдгээ шулуухан ойлгуулж байгаа хэрэг бөгөөд Энэтхэгт цагаачлан гарч Түвдийн цагаачлалын Засгийн газрыг 50 гаруй жил тэргүүлэн амьдарч байгаа Далай лам Данзанжамц болон Хятадын эрх баригчдын хоорондох амаргүй харилцаа улам ээдрээтэй болохын нэг эхлэл болж байгаа юм.

Энд нэг сонирхуулж хэлэх зүйл бол шашны ямар нэг эрх мэдэл, цол мяндаггүй байсан боловч Цяньлун хаан Цин улсыг захирч байх үедээ шодолт, алтан хайрцаг, хүүхдүүдийн нэртэй бөмбөлгийн тусламжтайгаар Далай лам, Панчин эрдэнийг сонгож байсан тохиолдлууд Хятадын түүхэнд байдаг болно. Магадгүй үүнийг үндэслэн өнөөгийн Хятадын Засгийн газар Далай ламын хойд дүрийг шинээр тодруулах журмыг боловсруулсан байж болох юм.

14 дүгээр Далай ламын шинэ санаачлага

Өөрийг нь амьд байх үед Түвд Хятадаас тусгаар тогтнохгүй бол тэр хойд төрөлдөө зөвхөн чөлөөт улсын нутагт дахин төрнө гэж 14 дүгээр Далай лам анх 2000 онд мэдэгдсэн. Энэ мэдэгдлийг Хятадад тийм ч найрсаг ханддаггүй өөр ямар нэг оронд хойд дүрээ тодроосой гэж түүний боддогийн илэрхийлэл боллоо гэж дэлхийн олон нийт тухайн үед нь хүлээн авсан болно.

Энэ бодлоо гүнзгийрүүлэн 50 гаруй жилийн өмнө Төвдөөс Засгийн газрынхаа хамт дүрвэн гарсан 14 дүгээр Далай лам өөрийн хойд дүрийг хайх шарын шашны уламжлалыг солих саналыг хэдэн жилийн өмнөөс дэвшүүлэх болсон билээ. Энэ саналын гол агуулга нь Далай лам залгамжлагчаа өөрөө нэрлэх эсвэл бурхны шашны том лам нарын сонгуулиар тодруулах талаар бүх нийтийн санал асуулгийг Төвд, Монголын бурхны шашинтнуудын дунд явуулах асуудал юм.

Энэ нь бурханы шашинтуудын уламжлалт ёс заншлын хувьд цоо шинэ зүйл юм. Өмнө нь тухайн Далай ламыг нас барсны дараа хойд дүрийг нь тодруулдаг байсан. Харин Түвдийг өөртөө нэгтгэсэн Хятад улс түүнийг нас барсаны дараа хойд дүрийг нь тодруулах асуудлыг “улстөржүүлж” магадгүй гэж үзэж байгаа учир 14 дүгээр Далай лам ийм санал гаргахаас өөр аргагүй байдалд ороод байгаа бололтой юм. Тэрээр өмнө нь “Миний хойд дүр эрх чөлөөт оронд төрөөсэй” гэж олон удаа хэлж байсан бөгөөд энэ нь түүнийг нас барсаны дараа Хятадын Засгийн газраас түүний хойд дүрийг тодруулах ажлыг дангаар эрхлэн зохион байгуулж магадгүй гэдгээс болгоомжлон сэрэмжилж байсны илэрхийлэл байсан нь одоо тодорхой болж байна.
.
Бээжингийн эрх баригчид бурханы шашны тэргүүний дээрх санаачилгыг “шашны уламжлал, түүхэн зан заншлыг зөрчих гэсэн хачин жигтэй оролдлого” хэмээн дургүйцэж байгаагаа нь үүний нэг нотолгоо болж   байгаа юм.

14 дүгээр Далай лам Данзанжамц Энэтхэгийн болон Монголын бурханы шашинтнуудын төлөөллийг цуглуулж шарын шашны тэргүүний залгамжлагчийг тодруулдаг уламжлалт зан заншлыг халах талаар санал асуулга зохион байгуулах бодолтой байгаагаа мэдэгдсэн  нь Далай ламын Засгийн газар, Хятадын  Засгийн газар хооронд төдийгүй дэлхийн бурханы шашинтнуудын дунд шинэ маргааны эхлэлийг тавьсан юм. Энэ нь Далай ламыг нас барсны дараа Түвд дэх бага насны хүүхдүүдийн дундаас Далай ламын дараагийн дүрийг тодруулдаг олон зууны уламжлалыг өөрчлөх тухай асуудал болохоор түвдийн сүсэгтэн олон нэлээд цочирдон хүлээж авсан нь тодорхой юм.

Далай ламын хэлж буйгаар, уг уламжлалыг халж, нэр хүнд бүхий санваартнуудын дээд зөвлөлийн хуралдаанаар Ромын шашны Пап ламыг тодруулдаг тогтолцоог нэвтрүүлж болох талтай ажээ. Энэ тохиолдолд өнөөгийн Далай ламыг амьд байхад залгамжлагчийг нь тодруулах бүрэн боломжтой болох юм.

Санал асуулгыг ямар хэлбэрээр зохион байгуулах нь одоогоор тодорхой бус байгаа юм. Хэрвээ өөрийнх нь бие лагшин илт муудах юм бол энэхүү санал асуулгыг явуулах бэлтгэл ажлыг нухацтайгаар эхлүүлнэ хэмээн Далай лам онцлон тэмдэглэсэн байдаг. Хэдийгээр эмнэлгийн байнгын үзлэг шинжилгээгээр Далай лам дахиад 20 жил амьдрах эрүүл мэндтэй гэж байгаа ч залгамжлагчийн тухай яриаг эхлүүлэхгүй бол болохгүй хэмээн тэрээр үзэж байгаа бололтой.

Гэхдээ тэрээр бас “…Хэрвээ бурханы шашинтнууд Далай ламыг тодруулдаг уламжлалт зан заншлыг хадгалан үлдэх ёстой гэж үзвэл үүнийг хэвээр үлдээх болно” хэмээн онцлон тэмдэглэсэн нь анхаарал татаж байгаа юм. Yүнтэйгээ уялдаатайгаар түүний залгамжлагчийг уламжлалт аргаар тодруулбал хойд дүр түвд хүн биш байж болзошгүй хэмээн Далай лам тодотгож хэлсэн байна. Уламжлал ёсоор бол Далай ламын хойд дүрийг түүний нас барсан газрын ойр орчмоос эрж хайдаг жамтай аж. Тэгэхээр 14 дүгээр Далай лам Энэтхэгт байж байгаад өөд болох магадлал ихтэй байгаа учир өөрийнхөө хойд дүрийг Энэтхэгээс тодруулахыг гэрээслэж байна гэж ойлгож болох  талтай юм.

Анхаарал татаж байгаа бас нэг зүйл бол шарын шашинтнууд шинэ Далай лам эрэгтэй хүүхэд байх уламжлалыг хэлбэрэлтгүй дагадаг байв. Харин үүнийг эсэргүүцэхээр эхэлж зүрхэлсэн хүн нь 14 дүгээр Далай лам өөрөө болоод байна. Тэрээр нэг ярилцлагадаа “…Далай ламын шинэ хойд дүр эмэгтэй хүн байхад болохгүй юм байхгүй” гэж мэдэгджээ. “…Эмэгтэй Далай лам байгаагүй нь зөвхөн эртний түвдийн нийгэмд эрчүүд зонхилдог уламжлалтай байснаас л болжээ. Гэхдээ олон зуун жилийн өмнө Түвдэд өндөр мяндагтай эмэгтэй лам байсан юм” гэж тэр нэмж хэлсэн байна.

Бүхэлд нь дүгнэж хэлэхэд Далай лам  өөрийн хойд дүрийг Хятадаас л биш бол хаанаас ч ямар ч хэлбэрээр тодруулж болно гэж үзэж байгаа болох нь түүний удаа дараагийн мэдэгдэл, ярилцлагуудаас үндсэндээ тодорхой байгаа юм.

Далай ламын хойд дүрийг Монголоос тодруулах тухай ярианы талаар

Шарын шашны уламжлалаар талийгаач болсон Далай ламын хойд дүрийг Түвдэд юмуу түүний хилийн ойролцоо Энэтхэг, эсвэл Балбаас заавал эрэх хэрэгтэй гэж үздэг. Энэ нь ч саяхан болтол мөрдөгдөж ирсэн юм. Гэвч шарын шашны түүхэнд Түвдийн гаднаас буюу Монголоос Далай лам тодорч байсан тохиолдол байдаг болно.

Ер нь "Далай лам" хэмээх нэрийг анх Монголын Түмэдийн Алтан хан олгосон гэдэг. Тэрээр 1578 онд Хөхнуурт очиж, Төвдэд элч томилон урьсан ламын шашны Гэлэгва-гийн тэргүүн Содномжамцтай "Цавцаал" хийдэд уулзахдаа түүнд "Бурханыг айлдагч Очирдарь Далай лам" гэдэг нэр хайрласан байна. Дараа нь өмнө нь байсан Гэндэндүвийг 1 дүгээр Далай лам, Гэндэнжамцийг 2 дугаар Далай лам хэмээн нэхэмжлэн дуудах болсон байна. Yvнээс эхлээд "Далай лам" гэдэг цол сүсэгтэн олны дунд тархсан бололтой.

Алтан ханыг Хөхнуурт очих үед тэнд ламын шашны Гэлүгбагийн урсгал буюу шарын шашин маш их нөлөөтэй байсан бөгөөд тухайн үеийн монголчууд бөөгийн шашин шүтэж, эр нөхөр нь үхвэл эхнэрийг нь хойлго болгон, нас барсан хүнд үлэмж олон адуу мал нядалж, тахилга тавиж байсан тул Алтан хан Содномжамцтай уулзан, тухайн үедээ дэвшилттэй гэж үзээд шарын шашныг Монгол оронд дэлгэрүүлжээ.

Ийнхүү 3 дугаар дүрийн Далай Ламаас 14 дүгээр дүрийн Далай Лам хүртлэх урт хугацаанд Монгол Төвдийн харилцаа нарийн уялдаа холбоотой хөгжиж иржээ. Ер нь үе үеийн Далай лам нь монголчуудын сүүлийн 500 шахам жилийн түүхтэй салшгүй холбоотой бөгөөд цаашдынн далай лам нарын хувь тавилан ч гэсэн мөн монголчуудын оршин тогтнох эрх болон оюун санааны ирээдүйтэй ямар нэг хэмжээгээр холбогдох нь тодорхой юм.

1583 онд Алтан хан Түмэддээ харьж ирээд нас нөгцсөнд түүний хүү Сэнгэдүүрэн хан элч томилон Хөхнуурт очуулж Содномжамцийг урьсан тул тэрээр 1586 онд Монгол нутагт ирж ном айлдсан байна. Yvнээс эхлэн Монголчууд ламын буюу шарын шашныг шүтэх болсон билээ.

Монголоос тодруулсан 4 дүгээр Далай ламын номын нэрийг Ёндонжамц гэдэг, Монголын Алтан хааны жич хүү бөгөөд Сүмбэр Хунтайжийн гэрт 1589 онд мэндэлжээ. Ёндонжамц нь одоо хүртлэх 14 Далай ламын түүхэнд цорын ганц түвд биш Далай лам, Монголын алтан ургийн хүн байжээ. З дугаар Далай лам Содномжамц Монголд нас барсан нь түүний хойд дүрийг Монголоос тодруулах шалтгаан болсон байна. Энэ нь бас тэр үед Монголд шарын шашин ихээхэн дэлгэрсний нэг нотолгоо болно. Гандан, Брайвун, Сэрээ хийдийн лам нар зөвшилцсөний үр дүнд энэ хүүхдийг Далай ламын хойд дүр мөн болохыг баталжээ. Далай ламын нас балчир учир түдгэлзсээр 14 нас хүрмэгц Төвд оронд илгээсэн байна. Гандан хийдийн Ширээт лам Гэндэнжалцан нараар сургааль ном заалгаж судар, тарнийн ёсонд суралцжээ. 1615 онд Хятадын Мин улсын Ванли хааны урилгаар Нанжин хийдэд залагдаж, Төвдийн буддизмыг Хятадын онцлогт тохируулан шинэчлэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн байна. Тэрээр Брайвун, Сэрээ зэрэг хийдийн хамба ламын үүргийг бусад ламын нэгэн адил гүйцэтгэж байгаад 1616 онд 28 насандаа таалал төгсчээ.

4 дүгээр Далай лам 1602 онд Євөр Монгол нутгаас Түвдэд хүрч, 1616 онд бурхан болтлоо Түвд оронд 14 жил амьдарсан байна. 4 дүгээр Далай ламыг нас барсан талаар түүнийг Түвдийн Дэшид Цанба Хаан хорлосон гэсэн яриа байдаг. Тухайн үед умард Түвд Цанба хааны эзэмшилд орж, тэрээр шарын шашинтай дайсагнаж байсан гэдэг. Цанба хаан Гаржодба буюу цагааны шашины гарамбагийн гаржодба урсгалд багтдаг шашныг шүтдэг байсан бөгөөд Гарамбагийн бүлэг нь Юан улсын үед Түвдэд их нөлөөтэй шашин байсан юм. Гарамбагийн номын хаан их Монгол Улсын нийслэл Хар Хоринд очиж Монголын хаанд бараалхаж, "Төрийн багш" цол, алтан эмжээртэй хар малгайгаар шагнагдаж байсан тул бас "Хар малгайт номын хаан" гэж нэрлэгдэх болжээ. Гарамбагийн бас нэг номын хаан Бээжинд хүрч Их Монгол Улсын хаанаас улаан малгайгаар шагнагдсанаар энэ номын хаан гарамбаг "Улаан малгайт номын хаан" гэх болжээ.

1 дүгээр Далай Ламаас 5 дугаар Далай лам хүртэлх цаг хугацаа нь Төвд орныг Гаржодбагийн урсгал буюу цагааны шашин ноёрхож байсан үе байсан бөгөөд тэр үед Түвдэд эрх барьж байсан Цамба хааны үед 5 дугаар дүрийн Далай лам Лувсанжамц болон 4 дүгээр дүрийн Панчин лам Лувсанчойнжин хоёул Хөхнуурт нүүж ирээд, Монголын Хошууд аймгийн Гүүш (Төрбайх) ханы ивээлд орж, Гүүш хан Төвдэд цэрэг илгээн Цамба хааныг устгаж 5 дугаар дүрийн Далай Ламаар төлөөлүүлсэн Гэлүгбагийн бүлгийг тэтгэн Төвдийн засгийн эрхийг түүнд хулээлгэн өгсөн байдаг. Ингэж Түвдэд шарын шашин голлох болжээ. Үүнээс гадна 13 дугаар дүрийн Далай Лам 1904 онд нийслэл хүрээнд ирж хоёр жил хиртэй байсан байна. Тиймээс Далай ламын түүх нь монголчуудтай тодорхой хэмжээгээр холбоотой бөгөөд Монголын хаад болон олон аймгийн ноёд Түвд, Монголд шарын шашин хөгжихөд ихээхэн хувь нэмэр оруулсан нь түүхэн үнэн юм.

Энэ бүхнээс үзэхэд Монгол Төвдийн харилцаа эрт дээр үеэс холбоотой байсан бөгөөд одоо дэлхий дахинаар нэр алдар нь мандсан "Далай лам” гэдэг нэрийг Монголын нэг хаан хайрласан, Далай лам дахиж амилаад 14 дүр болтол бусад 13 дүр нь Төвд гаралтай хүн байсан бол цорын ганц 4 дүгээр Далай лам Ёндонжамц Монголын алтан ургийн хүн байжээ. Хэдийгээр тэрбээр 28 хан нас насалсан боловч бурханы шашин Монголд дэлгэрэхэд томоохон үүрэг гүйцэтгэсэн билээ. Дээр нь одоо Түвдэд голлож байгаа шарын шашныг төрийн шашин болгоход Монголын хаад, ноёд ихээхэн үүрэг гүйэтгэсэн байна.

Эдгээртэй уялдаатайгаар 15 дугаар зуунд 4 дүгээр Далай лам монгол хүн байсан учир 15 дугаар Далай лам монгол хүн байж болох юм гэсэн яриа өнөөгийн Монгол Улсад нэлээд тархаад байгаа юм. Үүнд хэдийгээр албан ёсоор хуульчлаагүй боловч одоогоор бурханы шашныг төрийн шашны хэмжээнд авч үздэг, хүн ард нь үндсэндээ бүхэлдээ энэ шашныг шүтдэг тусгаар тогтносон орон учир Монгол Улс бурханы шашны төв байх ёстой гэдэг үзэл бодолтой хүмүүс Монголд олон байдаг нь ийм яриа гарахад нэлээд түлхэц болж байгаа бололтой юм.

Үүний зэрэгцээ бурханы шашинтнуудын хутагт хувилгаанаа дахин тодруулах өвөрмөц ёс заншил нь дэлхий дээр цорын ганц байдаг. Энэ нь ихээхэн нарийн түвэгтэй үйл явдал бөгөөд түүнийг хэрэгжүүлэх зохих нөхцөл бүрдсэн байх ёстой юм. Гэтэл энэхүү ёс заншлын түүхэн хүрээнээс монголчууд 1924 оноос хойш үндсэндээ хасагдсан, үүнийг мэддэг хүн Монголд одоо бараг байхгүй гэдгийг бас санах учиртай болно.

Судлаачийн дүгнэлт

Дээрх зүйлүүдэд дүгнэлт хийж үзэхэд Далай ламын хойд дүрийг тодруулах асуудлаар дараах дүгнэлтүүдийг хийж болмоор санагдаж байна. Үүнд:

1. Нэг талаас Түвдийн цагаачлалын Засгийн газраас эрхлэн Энэтхэгээс буюу өөр бусад орноос Далай ламын хойд дүрийг тодруулсан тохиолдолд энэ Далай ламыг БНХАУ-ын Засгийн газар хүлээн зөвшөөрөхгүй нь тодорхой бөгөөд түүний дэмжлэгтэйгээр Түвдийн автономит районы дээд зиндааны лам нар Түвдэд, эсвэл Хятадын бусад мужид амьдарч буй түвд хүүхдүүдээс Далай ламын хойд дүрийг тодруулах нь бараг гарцаагүй юм.

Нөгөө талаас Хятадын Засгийн газрын дэмжлэгтэйгээр Түвдээс Далай ламын хойд дүрийг тодруулсан тохиолдолд Түвдийн цагаачлалын Засгийн газар болон Хятадын төвдүүдийн ихэнх нь үүнийг хүлээн зөвшөөрөхгүй бөгөөд Далай лам өөрөө буюу түүнийг нас барсан тохиололд гэрээслэлийнх нь дагуу 15 дугаар Далай ламыг Хятадаас өөр хаа нэг газраас тодруулж магадгүй юм.

Ингэснээр үндсэндээ хоёр Далай лам бий болж ээдрээтэй нөхцөл байдал үүсэх болно.

Монгол Улс болон дэлхийн бусад оронд буй бурханы шашинтнууд Далай ламын гэрээслэлийн дагуу тодруулсан хүүхдийг хүлээн зөвшөөрөх талдаа байх боловч Түвдийг бурханы шашны төв гэдэг үүднээс Хятадаас тодруулсан Далай ламтай ойлголцох байдлаар харилцах магадал нэлээд өндөр байгаа юм. Өөрөөр хэлвэл, одоогийн Хятадын Засгийн газрын хүлээн зөвшөөрсөн Панчин ламтай хэрхэн харилцаж байгаатай төсөөтэй зүйл гарч ирж магадгүй юм.

Эдгээр орны Засгийн газруудын тухайд бол Хятадын Засгийн газартай харилцаагаа хурцатгахгүй байх үүднээс энэ асуудалд шууд оролцохгүй, бурханы шашинтнуудын дотоод хэрэг гэсэн байр сууринаас хандах магадлалтай боловч өөрсдийн бурханы шашинтнуудын байр суурийг хүндэтгэх үүднээс тодорхой хэмжээгээр Энэтхэгт буй Түвдийн цагаачлалын Засгийн газрын шашны үйл ажиллагааг дэмжих бодлого явуулж бас болзошгүй юм.

АНУ тэргүүтэй барууны улс орнуудын хувьд тэдний зүгээс Түвдийн хүний эрхийг хамгаалах гэдэг урианы дор шинэ Далай лам болон түүний Засгийн газрыг дэмжих бодлого явуулж болзошгүй бөгөөд энэ нь тэдгээрийн Хятадтай харилцах харилцаанд тодорхой хэмжээгээр сөргөөр нөлөөлж болох талтай юм.

Хятадын дотоодод буюу Түвдэд 14 дүгээр Далай ламын талыг баримтлагч болон түүний эсрэг үзэл бодолтой төвд үндэсний дунд мөн хуваагдмал байдал үүсэж, хоорондоо зөрчилдөн  байдал хурцдаж бослого үймээн дэгдэх, ингэснээр яваандаа Түвдийн автономит засаг болон буддын шашны нөлөө суларч болох талтай юм.

Эцсийн дүндээ бурханы шашинтнууд хоёр хуваагдан хоорондоо зөрчилдөж, Түвдийн асуудал шийдвэрлэгдэхгүй удаашран, дэлхийн бусад орны болон Хятадын хоорондох Түвдийн хүний эрхийн талаарх маргаантай асуудал улам хурцдах нь тодорхой болно.

2. Асуудлыг эвийн аргаар шийдвэрлэх арга замын талаар

Дээр дурьдсан хувилбаруудын аль нь ч Түвдийн асуудлыг шийдвэрлэх арга зам биш, харин ч шинэ сөргөлдөөн, дайсагнасан байдлын эхлэлийг тавих, магадгүй Монгол Улсын аюулгүй байдлыг ч ямар нэг хэмжээгээр хөндөж болох талтай нь тодорхой байна. Энэ талаас  нь олон орны түүний дотор Монголын судлаачдын санаа бодлыг нэгтгэн харж байхад хэдийгээр биелэгдэхэд хэцүү боловч асуудлыг эвийн аргаар шийдвэрлэх дараах хоёр арга замыг тэд санал болгож буй нь ойлгогдож байгаа юм . Үүнд:

1. Хятадын Засгийн газраас Далай ламтай хийж буй эвийн хэлэлцээрээ гүнзгийрүүлж Түвдэд Далай ламын хүсээд байгаа шиг өргөн автномит эрх олгох, түүний Түвдийн шашны тэргүүний эрхийг албан ёсоор хүлээн зөвшөөрч, цагаачлан гарсан түвдүүдэд уучлал үзүүлж, тэдэнд Далай ламын хамт эх орондоо эргэн ирж амьдрах эрх олгох арга замыг эрж хайх. Хэрэв асуудал ингэж шийдвэрлэгдвэл Далай ламын хойд дүрийг уламжлалт зан заншлын дагуу Түвдээс тодруулах бололцоо нээгдэж болох юм гэж нэг хэсэг судлаачид үзэж байна.

2. Хятадын Засгийн газраас Энэтхэгт амьдарч буй Далай ламын орон орны бурханы шашинтнуудын тэргүүн гэдгийг нь хүлээн зөвшөөрөх, ингэхдээ Түвдийн цагаачлалын Засгийн газрыг татан буулгах болзолтойгоор ийм зөвшилцөлд хүрэх арга замыг эрж хайх. Хэрэв асуудал ингэж шийдвэрлэгдвэл дээрхийн адил Далай ламын хойд дүрийг уламжлалт зан заншлын дагуу Түвдээс тодруулах бололцоо нээгдэхийн зэрэгцээ Түвдийн бурханы шашинтнуудад Дармасалад очиж Далай ламтай уулзах, түүнд мөргөх бололцоотой болох юм гэж өөр нэг хэсэг судлаачид харж байна.

Төгсгөлд нь хэлэхэд эдгээрт Монгол Улс ямар нэг хэлбэрээр зуучлах үүрэг гүйцэтгэж болох талтай гэж үздэг хүмүүс Монголд болон гадаадад бас нэлээд олон байгаа бололтой.

Шинжлэх ухааны доктор, профессор Д.Мягмар

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж