Д.Сүхбаатарыг ирэхэд Монголд гамин байгаагүй

Хуучирсан мэдээ: 2011.01.28-нд нийтлэгдсэн

Д.Сүхбаатарыг ирэхэд Монголд гамин байгаагүй

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    Барон Унгерн фон Штернберг.“Галзуу Барон” хэмээн алдаршсан Оросын армийн офицер Барон Унгерн фон Штернберг Хятадын цэргийн эрхшээлд байсан Их хүрээг “цэвэрлэж” Монголын тусгаар тогтнолд ихээхэн гавьяа байгуулсан гэж түүхчид үздэг. Хоёрдугаар сарын 3. Одоогоос 90 жилийн тэртээх энэ өдөр Монголыг эрхшээлдээ аваад байсан гамин цэргийг Их хүрээ буюу одоогийн Улаанбаатар хотоос үлдэн хөөж байжээ. Энэ түүхэн үйл явдлын талаар Олон улс судлалын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ахлах ажилтан, доктор О.Батсайхантай уулзаж ярилцлаа.

    -Гамин цэргүүдийг Монголоос хөөн гаргасны 90 жилийн ой ирэх сарын 3-нд тохионо. Оросын армийн залуу генерал Барон Унгерн фон Штернберг энэхүү түүхэн үйл явдлыг гардан зохион байгуулсан гэдэг?

    -Барон Унгерн фон Штернбергийн тухай монголчууд тун таагүй хандлагатай байдаг л даа. Оросын армийн залуу генералыг өмнө нь хэн ч мэддэггүй байсан гэдэг. Яах аргагүй Монгол Улсын нэгэн цагийн түүх Барон гэгчтэй холбоотой. Тэр хүний үгүйсгэхийн аргагүй гавьяагаар монголчууд гамингийн эрхшээлээс салсан нь үнэн.   Хувь заяа нь Монголтой холбогдсоноор тэр хүний нэрийг дэлхийд гаргасан хэрэг. Бароны талаар ярихаас өмнө нэг бас нэг түүхийг хөндөж ярих нь зөв байх. Монголын орчин цагийн түүх, өөрөөр хэлбэл XX зууны Монгол Улсын түүх 1911 оноос эхлэлтэй юм. Наймдугаар Богд Жавзандамбыг Монголын эзэн хаанаар өргөмжилж, он тооллоо олноо өргөгдсөнөөр эхэлж, нийслэл хотоо Нийслэл хүрээ хэмээн нэрийдэх болсон нь тусгаар тогтносон улсын илэрхийлэл. Тодруулбал, 1911 оны арванхоёрдугаар сарын 29 бол Богд хаант Монгол Улсыг байгуулж, тусгаар тогтносон өдөр юм.

    Монголчууд Манжаас салан тусгаарлаж, улсаа дөнгөж төвхнүүлэх аядаж байх үед Орост хувьсгал өрнөж, үүнийг нь далимдуулсан хятадууд Монголыг дагаар оруулах аргаа хэрэгжүүлэхээр шийдсэн байна. Тэгээд 1919 оны арваннэгдүгээр сард Сү Шү Жан генерал цэрэг дагуулан орж ирээд Богдын ордонг бүсэлсэн тухай түүхийн баримт байдаг юм. Тэгээд айлган сүрдүүлж байгаад монголчуудыг Хятадад дагаар орохыг зөвшөөрүүлсэн байна.

    -Богд хаан дагаар орох бичгийг баталгаажуулаагүй гэдэг байх аа?

    -Богд албан ёсоор баталгаажуулан гарын үсгээ зураагүй юм билээ. Тэгээд хятадууд Богдыг 52 хоног шоронд хориод дараа нь гэрийн хорионд оруулсан. 1920 онд  Хятадын эсрэг үндэсний хөдөлгөөн Монголд өрнөж эхэлсэн. Үүний хажуугаар Барон Унгерн Монголын зүүн хилээр мөн оны есдүгээр сард  цэргүүдтэйгээ орж ирсэн байдаг.  Барон Унгерн фон Штернбергийн гамин цэргийн эсрэг хийсэн анхны дайралт бүтэлгүй болсон. Тиймээс Тэрэлжийн цаахна өвөлжиж, цэргийн хүчээ монгол цэргүүдээр зузаатгаад дахин дайралт хийсэн байдаг.

    Тодруулбал, 1920 оны аравдугаар сарын 26-нд Их Хүрээг довтолсон боловч Хятадын гамин цэргийн галын хүч илүү давуу байсан тул эхний дайралт амжилтгүй болжээ. Тун удалгүй хоёр дахь дайралтыг харьцангуй амжилттай хийсэн ч эцэстээ сөрөг давшилтанд цохигдон Хэрлэн голын зүг ухаржээ. Тиймээс монгол, буриад цэргүүд, түвдийн зуутаар хүчээ зузаатган, дэг журмаа сайжруулсан Барон Унгерн гурав дахь дайралтыг 1920 оны  арванхоёрдугаар сард хийж хэд дахин давуу хүч бүхий ойролцоогоор 10 мянга орчим Хятадын цэргийн хамгаалалтыг бут цохиж 1921 оны хоёрдугаар сарын 3-нд Нийслэл хүрээг эзлэн авчээ. Дайралтын өмнө Хятадын цэргийн хорионд байсан Богд хааныг хулгайлан чөлөөлсөн байна.  Барон Богдыг гэрийн хорионоос суллаад, Манзшурын хийдэд аваачсан гэдэг.  Учир нь Нийслэл хүрээг ариутгасныхаа дараа дахин өргөөнд нь Богдыг залсан байна. Тэгээд Богд хаант Монгол Улсыг байгуулсан юм билээ. Барон их шударга, соёлтой хүн байсан талаар түүхэн баримт бий.

    -Харин ч харгис хэрцгий хүн байсан гэж манайхан итгэдэг шүү дээ?

    -Цэргийн эрдэм сайн эзэмшсэн, шударга, зарчимтай хүн байсан гэдэг. Мэдээж цэргийн хүн болохоор жаахан онгироо, хатуу, зарчимч зан байсан л байлгүй. Ямар ч байсан Хятадад дагаар орох шахаад байсан Монголын тусгаар тогтнолд маш их гавьяа байгуулсныг харлуулж болохгүй. Бага байхад нь социалистууд гэр бүлд нь халдсан юм билээ. Тиймээс хүүхэд байхаасаа л социалист үзэл, еврей хүнд маш дургүй байсан гэдэг. Богд Хаант Монгол Улсыг байгуулсны дараа Нийслэл хүрээнд байсан улаантан орос, еврей нартай хувийн тооцоо хийж дүүжилж алсан нь монголчуудад харгис гэсэн ойлголтыг төрүүлсэн болов уу гэж бодогддог.

    Тэр хүн зэвүүн байх нь өнөөдөр гол биш, хамгийн гол нь гамин цэргүүдийг нийслэл хүрээнээс хөөж, Монголын хаант засгийг сэргээсэн нь чухал. Монголд байсан Бароны хэмээн нэрлэгдээд байгаа Монголын Засгийн газрын үйл ажиллагааны талаар тун хомс судалгаа хийгдсэн байдаг. Энэ үеийн Засгийн газраас огт үйл ажиллагаа явуулаагүй хэмээн хэлэхэд бэрх бөгөөд архивт буй сурвалжаар Засгийн газраас нилээд зүйлс хийгдсэн болохыг баримтууд илтгэн харуулдаг.

    -Хүрээг гамингуудаас Д.Сүхбаатар нарын хүмүүс чөлөөлсөн гэдэг шүү дээ?

    – Д.Сүхбаатарыг Нийслэл хүрээнд ирэхэд нэг ч гамин цэрэг байгаагүй гэж тэр үеийн түүхчид тэмдэглэсэн байдаг. Яахав, хятад иргэн бол Нийслэл хүрээнд байсан байх аа, жанжиныг ирэхэд.

    -Барон Унгерн фон Штернберг нэлээд сүсэг бишрэлтэй хүн байсан тухай Ф.Осендовскийн бичсэн “Хүн, араатан, бурхад” номонд өгүүлсэн байна лээ. Бараг ховсчин хүн байсан юм болов уу гэсэн сэтгэгдэл төрсөн шүү?

    -Барон Унгерн сүсэг бишрэл ихтэй хүн байсан нь үнэн. Наймдугаар Богдын шавь байсан гэдэг. Хувь заяагаа байнга мэргэлүүлдэг, үхэх цаг хугацаагаа хүртэл мэдэж байсан тухай тэмдэглэл олон бий. Барон Нийслэл хүрээнд орж ирэхээсээ өмнө Богдод захиа илгээж зөвшөөрөл хүссэн юм билээ. Богдоос “Үтэр түргэн орж ир” гэсэн хариу илгээсэн тухай түүхэн сурвалж бий.  1921 оны наймдугаар сард Барон Унгернийг монгол цэргүүд баривчлан Зөвлөлт Оросын улаан цэргийн ангид шилжүүлсэн хийгээд улмаар түүнийг 1921 оны есдүгээр сарын 15-нд Зөвлөлт Оросын Новониколаевск хотноо буудан алсан тухай сонсоод Богд хаан Нийслэл хүрээний бүх сүм хийдээр ном хуруулсан байдаг юм билээ.

    -Барон Унгерн өөрийгөө монгол цусны хүн гэсэн тухай яриа байдаг?

    -Өөрийнх нь хэлснээр бол олон цус холилдсон хүн юм билээ.  Австри, унгар, хүннү цус холилдсон хүн гэж үздэг. Өөрийгөө жаахан дөвийлгөх дуртай хүн байсан юм шиг санагддаг юм. Учир нь өөрийгөө “Дайны бурхан” гэж нэрийддэг, түүнийгээ  цэргүүддээ итгүүлэх дуртай байж. Цэргүүд нь Бароноос үхтлээ айдаг тухай түүхэн тэмдэглэл бий.  Аргагүй ч байх л даа. Олон үндэстэн холилдсон цэргүүдийг хатуу гараар барих шаардлагатай байсан биз. Түүний цэргүүдэд орос, япон, монгол, буриад, төвд хүн байсан гэдэг. Гартаа буу бариад явдаг хүн байгаагүй юм билээ. Түүхээр бол дандаа ташуур бариад монгол дээл, монгол хувцас өмсөөд явдаг хүн байсан гэсэн. Барон Унгернийн нэр хугарах шалтгаан нь бас доод хүмүүстэй нь холбоотой байж болохыг ч үгүйсгэхгүй. Ф.Осендовскийн номонд гарснаар бол тэр Сипайло гэдэг нөхөр их харгис байсан бололтой юм билээ. Бароны нэргийг бариад харгислал явуулдаг байсан гэдэг.

    -Оросын хаант засаг нурсан нь Барон Унгернд хүнд цохилт болсон юм биш үү?

    -Тийм байж болно. Барон бол хаант засаггүй улс гэж байж болохгүй гэсэн үзэлтэй, энэ үзлийнхээ төлөө тууштай тэмцсэн хүн.  Орос, Монгол, Манжид хаант засаг тогтоохыг мөрөөддөг, тэрхүү мөрөөдлийнхөө нэгийг биелүүлсэн талаар ярьдаг байсан тухай түүхэн дурдатгалууд бий.

    -Ингэхэд Барон Унгернийн алдартай эрдэнэс олдсон юм болов уу. Та энэ талаар сурвалжилж үзэв үү?

    -Барон Оросоос орж ирэхдээ чингэлэг дүүрэн алт эрдэнэстэй  ирсэн байдаг. Дээрээс нь Хятадуудын банкийг дээрэмдээд овоо алттай бололгүй яахав. Түүнийхээ тал хэсгийг Нийслэл Хүрээнээс холгүй нуусан гэсэн яриа бий. Нөгөө хэсгийг нь Монголын зүүн говьд нуусан байх гэсэн таамаглал байдаг.  Би бодохдоо эрдэнэсийг нь цуг нуулцсан хүн буцаж ирээд авсан байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ ихэнх нь олдоогүй байх.

    -Оросын энэ залуухан офицер Монголд өмнө нь ирж байсан тухай таны түүхэн сурвалж нийтлэлд дурдсан байна лээ?

    -Тийм.  Роман Федорович Унгерн Штернбэрг, Монголд лав хоёр удаа ирж , тодорхой хугацаанд байсан нь мэдэгдэж байгаа бөгөөд эхний удаа 1913 онд ирэхдээ Ховдод нилээд хэдэн сар болсон байдаг. Ховдод байх хугацаандаа  монгол, хятад хэл сурч байсан гэнэ лээ. Богдоос Барон Унгернд Чин ван, Монгол Улсыг мандуулагч их баатар цол олгосон тухай баримт бий. 

    -Барон Унгернийн талаарх судалгаа Монголд хэр хийгдсэн байдаг юм бол?

    -Нарийн судалгаа сайн хийгдээгүй гэхэд болно. Урьд нь түүнийг цуст алуурчин, бузар муухай нөхөр хэмээн сурталчилдаг байсан шүү дээ. Харин сүүлийн жилүүдэд түүний  тухай дурдатгал номууд цөөнгүй орчуулагдаж гарах болсон. Тэндээс монголчууд Барон Унгерн гэж хэн байсан тухай жаахан үнэн ойлголттой болсон болов уу. Ерөнхийдөө энэ хүнийг шүүн хэлэлцэж, буруутгахаас илүү Монголын тусгаар тогтнолын төлөө оруулсан хувь нэмрийг нь үнэн зөвөөр үнэлэх хэрэгтэй.  Юу үнэн бэ гэвэл түүх үнэн.

    Ж.НЯМСҮРЭН

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж