-Б.Энхболд: ХЭҮК шүүхийн үйл ажиллагаанд хөндлөнгөөс нөлөөлөх эрхгүй-
Нүүрсний хулгайн хэргээр шүүгдэж буй “Эрдэнэс тавантолгой” компанийн захирал асан Б.Ганхуяг ХЭҮК-т улс төрийн хоригдол болоод буй талаараа гомдол, мэдээлэл гаргасан. Тэгвэл Б.Ганхуягийн гомдлыг хүлээн авсан эсэхийг ХЭҮК-ын гишүүн Б.Энхболдоос тодрууллаа. Тэрбээр “Б.Ганхуягийн гомдол мэдээллийг судалж байна. Гомдлын агуулгыг нарийн судалж нягтлах шаардлагатай. Эхний ээлжид гомдол манай байгууллагын бүрэн эрхэд хамаарч байгаа эсэхийг тогтооно. Дараа нь комисс эрх үүргээ хэрэгжүүлдэг. Одоогоор ийм үйл явцтай байна. Нөгөө талаар манай байгууллага шүүх ажиллагаанд хөндлөнгөөс нөлөөлөх эрхгүй” гэлээ. Хүний эрхийн комиссын тухай хуульд заасны дагуу комисс гомдол, мэдээллийг хүлээн авснаас хойш 30 хоногт багтаан шийдвэрлэнэ. Хэрвээ нэмэлт судалгаа, шалгалт хийх шаардлагатай бол комиссын дарга 30 хүртэл хоногоор сунгадаг зохицуулалттай аж.
“Эрдэнэ тавантолгой” компанийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг 2023 оны есдүгээр 14-нд ХЭҮК-т хандсан. Тэрбээр гомдолдоо “Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн зохион байгуулалттай шаардлага, захиалгаар Авлигатай тэмцэх газар, прокурор, шүүгчийн шийдвэрийн золиос боллоо… Цор ганцаараа улс төрийн хоригдол болж, олон сар хоригдож байгаа” талаар өгүүлсэн байдаг.
Харин Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хөдөө орон нутагт ажиллах байхдаа "Нүүрсний хулгайг тойроод олон л асуудал өрнөж байна. Зарим нэг хоригдсон хүмүүс нь ХЭҮК-т хандсан байна билээ. Авлигачид баригдахаараа л хүний эрхийн мэдрэмжтэй болдог. Хүний эрхийг тэгтлээ дэмждэг байсан юм бол яагаад авлига авав гэдэг асуудал үүсэж байгаа" хэмээн Б.Ганхуягт хариу барьсан юм.
Б.Ганхуягийн гомдол ХЭҮК-т хүрэхээс хоёр хоногийн өмнө буюу 2023.09.12-нд түүнийг УИХ-ын дэд дарга асан Т.Аюурсайхан тэргүүтэй 10 хүний хамт зохион байгуулалттай гэмт бүлэг байгуулсан гэх хэргийн урьдчилсан шатны хэлэлцүүлэг Чингэлтэй дүүргийн шүүхэд эхэлсэн. Б.Ганхуяг тухайн шүүх хуралдааны үеэр “Намайг шоронгоос гарна гэхээр маш олон хүний зүрх нь зогсох учраас тэд айж байгаа… Одоо намайг энэ тухай хэлчихэнгүүт маргааш баахан хэвлэлийн хурал болно. Ар, араасаа үсэрч гарч ирнэ. Хамгийн түрүүнд гарч ирсэн нь хулгайч шүү. УИХ тэр чигээрээ над руу дайрлаа, Засгийн газар тэр чигээрээ над руу дайрлаа, нам тэр чигээрээ дайрлаа, эрх баригчид дайрлаа, бүх хэвлэл дайрлаа, бүх хар масс дайрлаа. Нэг улс, нэг гэр бүл ч дааж чадахааргүй гүтгэлэг дунд би есөн сар байлаа шүү дээ… Нүүрсийг надаас илүү сайн мэдэх хүн байхгүй” гэсэн ноцтой мэдэгдлээ хийсэн.
Тэгвэл 2023.09.21-нд болсон удаах шүүх хурал дээр Б.Ганхуяг “Намайг арав дахь сардаа хорьж байна. Шалгаагүй, эрүүдэн шүүгээгүй хамаатан садан, найз нөхөд байхгүй. 68 хүнийг хамруулан шалгасан.
Намайг арванхоёрдугаар сарын 8-нд баривчлахдаа "Жагсаал зохион байгуулсан" гэж баривчилсан. Энэ хугацаанд нэг ч удаа жагсаалын талаар асуугаагүй. АТГ-аас асуухаар бидэнд байхгүй, ЦЕГ-т байж магадгүй гэдэг. Эрх зүйн байдлаа дордуулахгүйн тулд би энэ хэргийг нэхээд байгаа. Маш ноцтой юм энд яригдаж байна. МАН-ын асуудал яригдаад байна, энд. 220 мянган гишүүнийг энд авчраад шүүмээр байна. Манай намын дарга хаана байна” хэмээн нүүрсний хэргийг илрүүлэхэд мэдээлэл өгөх, хамтарч ажиллах хүсэлтээ илэрхийлсэн. Улмаар гэр бүл, хамаатан садан болон өөрийгөө хамгаалалтад авахуулах хүсэлтээ шүүхэд амаар гаргасан юм.
Холбоотой мэдээ