Унгарын Будапешт хотноо үргэлжилж буй жүдо бөхийн ДАШТ-ээс Монголын баг тамирчид өнөөдрийн байдлаар/2025.06.16/ нэг хүрэл медаль хүртээд байна. Тус медалийг эрэгтэйчүүдийн -60 кг-ын жинд К.Ёолк хүртсэн билээ. Түүний түүх Олон улсын жүдо бөхийн холбооны цахим хуудсанд нийтлэгджээ.
К.Ёолкын гэр бүл Улаанбаатар хотоос 230 км-ын зайд хойд зүгт Дархан хотын ойролцоо аж төрдөг. Дархан бол Монголын хоёр дахь том хот боловч 900 мянга хүрэхгүй хүн амтай учир хөдөө орон нутаг хэвээрээ аж.

Одоогоос 12 жилийн өмнө Олон улсын жүдо бөхийн холбооны хэвлэл мэдээлэл болон энх тайвны төлөөх хөтөлбөрийн тэргүүн Николас Мезнер Монголын жүдо бөхийн холбооны төлөөлөгчдийн хамтаар орон нутгаар явсан талаараа "Биднийг Дархан хотын ойролцоо ирэхэд үнэхээр бүх зүйлээс алслагдсан газар ирсэн байсан. Холоос бид хэсэг хүүхдүүд энгийн хувцас өмсчихсөн, зарим нь жүдогигоо бүтэн, зарим нь зөвхөн дээд хэсгийг нь өмсчихсөн байхыг харсан. Тэд монгол гэр, үхэрнүүдээрээ хүрээлэгдсэн зүлгэн дээр бэлтгэлээ хийж байсан. Бид замдаа зогсч, тэдэн дээр очсон юм. Их хөгжилтэй байсан. Бэлтгэл нь дуусахад би тэдэнд Олон улсын жүдо бөхийн холбооноос хангасан жүдогиг гардуулж өгсөн юм. К.Ёолк тэр өдөр байсан хүүхдүүдийн нэг байсан юм байна лээ. Дараа нь бид дахин хэсэг хүүхдүүдтэй уулзахад тэдэн дунд Б.Баасанхүү бэлтгэлээ хийж байсан. 2024 онд тэр Абу Дабид дэлхийн аварга болж, дараа нь Парист олимпоос мөнгөн медаль хүртсэн" гэв.

Түүний аялалын гол зорилго нь алслагдсан газруудад жүдо бөх хэрхэн дэлгэрч байгааг олж мэдэх, орон нутгийг нь дэмжих байсан аж. Тэрбээр үргэлжлүүлэн "Үнэндээ би тухайн үед энэ спортын төлөөх хүсэл тэмүүлэл мэдэрсэн ч 12 жилийн дараа энэ хүүхдүүдтэй олон улсын дэвжээн дээр дахин уулзана, олимп, дэлхийн аваргаас медаль авна гэж төсөөлж, хүлээж байсангүй. Энэ бол үнэхээр гайхамшигтай. Олон улсын жүдо бөхийн холбооны жүдог дэлхийн өнцөг булан бүрт хөгжүүлэх гэсэн хичээл зүтгэл зөвдсөнийг энэхүү үйл явдал харуулж байна" гэжээ.

К.Ёолкын хувьд дэлхийн аваргын эхний өдөр мартагдашгүй өнгөрсөн. Тэрбээр ярихдаа "Төсөөлөхийн аргагүй. Анхны дэлхийн аваргадаа оролцож, анхны медалиа авлаа. Би яг зүүдлээд байх шиг байна. Үнэндээ, тэр өдөр юу болсныг одоо ч сайн санахгүй байна. Бүх зүйл үнэхээр хурдан болоод өнгөрсөн. Сэтгэл хөдлөл ч дээд цэгтээ хүртсэн. Юу болоод байгааг ойлгоход хугацаа хэрэгтэй байлаа. Манайхан намайг сэрүүн зүүднээс минь сэрээч, дэлхийн медальтан болсныг минь хэлэх хэрэг гарсан даа" гэв.

Харин Монгол Улсын Ерөнхийлөгч асан, өдгөө Монголын жүдо бөхийн холбооны ерөнхийлөгчөөр ажиллаж буй Х.Баттулга ярихдаа "Эхний өдөр зүүд шиг л байлаа. Одоогоос 12 гаруй жилийн өмнө бид суурьшлын бүсээс маш хол хөдөө очсон. Бидний аяллын явцад хоёр хүүхдийг олж харсан. Нэг нь өнгөрсөн жил дэлхийн аварга, олимпийн мөнгөн медальтан болсон. Тэр бол Б.Баасанхүү. Харин нөгөө нь дэлхийн аваргаас хүрэл медаль хүртсэн К.Ёолк байсан юм. Тэд хоёулаа хөдөө орон нутгаас гаралтай. Биднийг анх уулзахад бид тэдэнд мөрөөдлийг нь бэлэглэсэн. Мөрөөдөл биелдэг юм. Гайхалтай байна. Миний хувьд залуучуудад ирээдүйг нь бэлэглэхийг хүсдэг байсан, одоо ч хүсч байна. Энэ бол зөвхөн өрсөлдөөн биш. Энэ бол гэр бүлийн тухай, суралцах тухай, амьдралдаа шинэ боломж нээх тухай юм" гэлээ.

К.Ёолк нь 13 настайгаасаа эхлэн жүдогийн спортоор хичээллэж эхэлжээ. Өдгөө тэрбээр 24 настай бөгөөд олон улсын өрсөлдөөнд цахиур хагалан орж ирлээ. К.Ёолк үргэлжлүүлэн "Нутагтаа би олон сайн найзтай байсан. Тэдний нэг нь жүдогоор хичээллэдэг байсан юм. Тэр л намайг жүдо руу орохыг ятгасан. Нэг өдөр зуны бэлтгэлийн үеэр бид Олон улсын жүдо бөхийн холбооныхон болон Монголын жүдо бөхийн холбооныхон ирж байгааг харсан. Тэр үед л би анх удаагаа гадаад хүн харсан. Түүнийг надад жүдоги өгснийг санадаг юм" гэж тэрхүү өдрийг эргэн дурслаа.
Б.Баасанхүү, К.Ёолк нар хоёулаа хүсэл мөрөөдөлтэй байж, түүндээ хүрэхийн тулд боломжтой бүхнийг хийх нь гайхалтай амжилтад хөтөлдөг болохыг баталсан. Хүүхдэд зориулсан жүдо, Энх тайвны төлөөх жүдо санаачилга нь маш чухал хөтөлбөрүүд билээ. Энэ бол зөвхөн спорт биш, боловсрол, өөртөө итгэх итгэл юм. Хэн ч өөрийнхөө хязгаарт хүрч, бодож байгаагаасаа ч илүү явж чадна. Зарим жүдоч аварга болж, зарим нь дасгалжуулагч, шүүгч болж эсвэл зүгээр л жүдогоор хичээллэснээрээ сайн иргэн болж төлөвшинө.

К.Ёолк:
-Би хөдөөнөөс ирсэн. Манай хамаатнууд одоо ч нүүдлийн амьдралтай. Аав, ээж минь миний барилдааныг өчигдөр үзэж чадаагүйг мэдсэн. Тэдэнд үзэх боломж байсан ч миний барилдахыг харж чадахгүй, их хэцүү байсан юм. Барилдааны дараа үр дүнг нь олж мэдсэн байсан. Би аав руугаа залгахад тэр үг хэлж чадаагүй. Гэхдээ "Хүүдээ баяр хүргэе" гэсэн. Түүний сэтгэл маш хөдөлсөн байсан.
Хүрэл медалийн төлөө К.Ёолк Бразилын Микель Августотой барилдсан боловч өрсөлдөгч нь барилдааны төгсгөлд бэртэл авсан. К.Ёолк өрсөлдөгчдөө туслан түүнийг өргөж, татамигаас буулгасан нь тэр зөвхөн дэвжээн дээр ялагч төдийгүй амьдрал дээр ч ялагч болохыг харуулсан юм. Энэ талаараа тэрбээр "Энэ бол миний сэтгэл зүй. Өрсөлдөөн бол өрсөлдөөн. Бид өрсөлдөгчид боловч бүх зүйл дууссаны дараа жүдо гэх том айлын гишүүд. Өрсөлдөгчийнхөө өмнөөс харамсч байна. Би шууд л ухаан орж, түүнд тусламж хэрэгтэй байгааг мэдэрсэн. Учир нь тэр бол миний найз" гэв.

Ярилцлагынхаа төгсгөлд К.Ёолк "Боломж үргэлж байдаг. Үүнийхээ эзэн болохын тулд шаргуу хөдөлмөрлөх хэрэгтэй. Хэрэв бид хангалттай хичээж чадвал, зорилгоосоо ухарч буцахгүй байвал ямар нэг зүйлд хүрнэ. Бүх зүйл боломжтой" гэлээ. К.Ёолк болон Б.Баасанхүү нар ч үүнийг үнэн болохыг харуулж, ирээдүйд олон жүдочдод урам зориг өгөхөөр боллоо.
3,569.17






















































Нэргүй 2025-06-16 203.91.115.52
Баяр хүргэе!
Нэргүй 2025-06-16 202.126.91.241
КАЗАХ БОЛ АДИЛХАН ЭСГИЙ ТУУРГАТАН , АДИЛХАН НҮҮДЭЛЧИД
Нэргүй 2025-06-16 89.19.88.57
Монголоос Казах түмнээс гарсан анхны жүдо медальтан.Баяр хүргье
иргэн 2025-06-16 66.181.187.119
Баяр хүргэе
Нэргүй 2025-06-16 66.181.189.46
харахад сэргэлэн, нүдэнд дулаахан сайхан хүү байна. Баяр хүргэе. улам их амжилт гаргаарай
Нэргүй 2025-06-16 202.72.243.182
зөвзамаар явна биз дээ бие хамгаалагч болохгүй бхдаа
Нэргүй 2025-06-16 103.212.162.206
улам их амжилт. Даруухан сайхан сэтгэлтэй хүү минь…
Иргэн 2025-06-16 66.181.187.205
Сайн хүү байлаа. Даруу байж илүү их хөдөлмөрлөж амжилтын дээдийг гаргаарай. Олимпын медалтан болохыг ерөөе.
Karma 2025-06-16 203.91.114.244
Munkh anisan nudtei bandii ataarhaad naachinaaa