Улаанбаатарт энэ сарын 6-8-нд болон өчигдөр /2023.07.23/ орсон борооны улмаас нийслэлд олон өрх, аж ахуй нэгж эд хөрөнгөөр хохирч, зам талбай сүйдсэн. Үүнд хотын удирдлагууд байгалийн давагдашгүй хүчин зүйлийн үед хот төлөвлөлтгүйн улмаас ийн их хэмжээний хохирол учирч байна гэдэг тайлбар мэдээллийг өгч байгаа. Улаанбаатарт түр зуурын усархаг бороо орж үерийн эрсдэл үүсч байгаа нь үнэхээр хот төлөвлөлтгүйгээс болж байгаа эсэх асуудлаар Монгол Улсын зөвлөх архитектор Ж.Алтансүхээс тодрууллаа.
-Хотод үүсээд байгаа үерийн эрсдэл юунаас болж үүсээд байна вэ. Үнэхээр төлөвлөлтгүйн улмаас үүссэн үү, эсвэл төлөвлөлтийн хэрэгжилт байхгүйгээс болж байна уу?
-Одоогийн үүсээд байгаа нөхцөл байдал олон зүйлээс шалтгаалж байгаа. Хамгийн гол шалтгаан нь ажил хариуцсан хэсэг буюу Хотын захиргаа, гүйцэтгэх удирдлагатай шууд холбоотой. Нэгдүгээрт, хотын захиргааны хот төлөвлөлт менежментийн байдал зөрчигдсөн. Хоёрдугаарт, хот төлөвлөлт гэдгийг захиргааны аргаар шийдэх гэж оролдож байгаатай холбоотой. Өөрөөр хэлбэл удирдлагын функцүүд нь хоорондоо уялдаа холбоогүй болсон байна. Гуравдугаарт, хотжилтыг мэргэжлийн хүмүүсийн хийсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу хийхгүй, хотын удирдлага өөрийн захиргааны ажил мэт шууд удирдлагадаа байлгаж байгаа нь алдаатай.
Хот төлөвлөлтийн алдааг төлөвлөлт хийж байгаа хүмүүсийн ажилтай нь иргэд шууд холбож ойлгодог. Гэтэл үнэндээ төлөвлөлтийн байдал алдагдаад 30-аад жил болж байна. Энэ бол хотын удирдлагуудын мэргэжлийн бус үйл ажиллагаанаас үйдэлтэй хотын аюулгүй байдал алдагдсан хэлбэр.
Мэдээж хот төлөвлөлтөд үер усны асуудлыг тооцох стандарт, олон улсын арга аргачлал бий. Түүнийг төлөвлөлт хийж байгаа мэргэжлийн хүмүүс тусгаж хийдэг. Харамсалтай нь олон улсын аргачлалын хамгийн наад захын шаардлагыг хотынхон биелүүлдэггүй. Тодруулбал, газар олголт, инженерийн бэлтгэл ажил муутай, гуравдугаар барьж байгуулж хэрэгжүүлдэг хотын захиргааны функцтэй холбоотой.
"ҮЕРИЙН ЭРСДЭЛЭЭС СЭРГИЙЛЭХИЙН ТУЛД ТӨВИЙН ГАЗАР ОЛГОЛТЫГ БҮРЭН ЗОГСООХ ЁСТОЙ"
-Мэргэжлийн хүмүүс төдийгүй иргэд ч зохион байгуулалтгүй, системгүй газар олголт хийснээс Сэлбэ зэрэг голууд далангаа давж хальж үерлэж байна гэж дүгнэж байна. Одоо тэгвэл ямар зохицуулалт хийж, арга хэмжээ авах нь зүйтэй вэ?
-Үерийн шалтгаан нөхцөлтэйгөөр шууд уялдуулж авч үзвэл миний бодлоор Хотын захиргаа төвд хийгдэж байгаа бүх барилгажилтын ажлын газар олголтыг зогсоох ёстой. Хоёрдугаарт, инженерийн бэлтгэл арга хэмжээний дагуу авагддаг ажлуудыг сэргээж хийх хэрэгтэй. Тухайлбал, үерийн байгууламж, далан, хамгаалалтын ажлуудыг төлөвлөгөөний дагуу хийж байна. Гэхдээ ажлыг ерөнхийлөн багцалж хийх нь буруу. Өөрөөр хэлбэл, зам бүрийн дор байдаг инженерийн шугам сүлжээ буюу системүүдийг мэргэжлийн буюу орчин үеийн түвшинд сайжруулж хийх ёстой.
Хуучны арга аргачлал шаардлага хангахаа болиод удаж байна. Тиймээс инженерийн ажлаас эхлээд детальчилж, төлөвлөгөөний дагуу орчин үеийн жишигт нийцэхээр бүтээн байгуулалтыг хийх хэрэгтэй.
Ингэж хийгээгүйгээс иргэдэд их хэмжээний эрсдэл тулгарч байна. Хотод долоо хоног шиврээ бороо ороход л Улаанбаатарыг дахиж сэргээж байгуулах хэмжээнд хүрэх эрсдэлтэй болно. Учир нь үргэлжилсэн бороо ороход хөрсний сулрал үүсч, байгалийн бус гольдролууд, татмууд бий болно. Тэгээд барилгын сууриуд газар хөдлөлтөд нурах аюул 80 хувь болох эрсдэлтэй. Тийм учраас нэн тэргүүнд буруу барьсан замуудыг биш хажуугаар нь барьсан ус зайлуулах шугам хоолойг хавар, зун, намрын улиралд зөв ажилладаг болгох. Өөрөөр хэлбэл, замууд голын хэсэгтээ өндөр байх ёстой. Ямар ч бороо орсон замуудын зорчих хэсэг чөлөөтэй байх хэрэгтэй.
Одоо бол бороо ороход явган хүн битгий хэл машинтай хүн ч замаар зорчиход хэцүү байна. Эндээс харахад стандарт гэдэг улс төр хийх сэдэв биш.
Хот төлөвлөлтийг шинжлэх ухааны үндэстэй, судалгаа шинжилгээнд суурилж байж хийдэг зүйл. Ер нь бол тусгай, хараат бус удирдлага, менежменттэй институт хийх ёстой. Энийг нэн тэргүүнд хийхгүй бол үер боллоо гээд хотын удирдлагууд нь Улаанбаатар хотын ерөнхий төлөвлөгөөний зургийг дэлгээд яриад байж болохгүй. Хотын удирдлагууд нь олон нийттэй ижил амаараа яриад л асуудлыг шийднэ гэдэг утгагүй.
-Та хэллээ. Хот төлөвлөлт гэдэг цогц зүйл. Гэтэл энэ цогц байдал алдагдаад удаж байна гэлээ. Ер нь хот төлөвлөлтөд аюулгүй байдлыг хэр тусгасан байдаг бол. Яг үнэндээ иргэд Улаанбаатарт амьдрахаас айж байна. Нийслэлд аюулгүй байдлыг хангасан байдал үнэхээр байхгүй болов уу. Энэ талаар хот төлөвлөлтөд яаж тусгадаг юм бол. Ер нв хот төлөвлөлт гэж чухам юуг хэлээд байна?
-Хот төлөвлөлтийн аюулгүй төлөвлөлт гэж байдаг. Нийт зургаан чиглэл бүхий аюулгүй байдлын төлөвлөлтөд:
- Утаа,
- Зам,
- Үер усны аюул,
- Тэсэрч дэлбэрэх байдал,
- Халдварт болон халдварт бус өвчнөөс хамгаалах зэрэг зүйлс багтдаг.
Энэ төлөвлөлтийг зангидаж хийдэг хүмүүсийг архитектор гэдэг. Архитектор бол системийн архитектурын хувьд хотыг бүс салбар нэгж, инженерийн байгууламжийг үүрэг, даалгавар өгч, ерөнхий өндөржилт, газар зохион байгуулалт гэхчлэн үүрэг даалгавар өгдөг. Өөрөөр хэлбэл, энэ хэсэгт нийт хэчнээн барилга, байгууламж барих боломжтой гэдгийг тооцоолж өгдөг. Гэтэл өнөөдөр нийслэлд газар олголтоос шалтгаалж барилга байгууламжууд маш эмх замбараагүй болсон. Улс төрөөр удирдагдаж болохгүй мэргэжлийн хараат бус байгууллагатай болж байж хот төлөвлөлт жинхэнэ утгаар хэрэгжинэ.
"ХОТ ТӨЛӨВЛӨЛТИЙГ МӨНГӨ УГААХ ТЕХНИКЭЭР БИШ МЭРГЭЖЛИЙН ХҮМҮҮСЭЭР ХИЙЛГЭХ НЬ ЗӨВ"
-Хотын дарга Д.Сумъяабазар хоёр долоо хоногийн өмнө Сэлбийн ойролцоох үерийн эрсдэлтэй бүсэд баригдсан барилга байгууламжийг нураана гэдгийг мэдэгдсэн. Гэвч арга хэмжээ авч эхлээгүй байна. Энэ шийдвэрийг та хэр зүйтэй гэж бодож байна?
-Нэгэнт газар өгсөн бүс дэх хүний эд хөрөнгийг буулгана гэдэг утгагүй. Өөрсдөө төлөвлөлтгүйн улмаас иргэн, аж ахуй нэгжид олгосон газрын шийдвэрээ буцаах тохиолдолд тухайн хохирлыг хот, улсаас нөхөн олгох ёстой. Тэгэхгүй гэвэл орчин үед арга техник, шинжлэх ухаан хөгжөөд байгаа энэ үед эрсдэлтэй бүсүүдэд урьдчилан сэргийлэх арга хэмжээг хөрөнгө зарч хэрэгжүүлэх нь зөв.
Монгол Улсын Засгийн газар "Шинэ сэргэлтийн бодлого" боомтын сэргэлт гээд л ярьж байна. Яг үүнтэй адилаар хотод чиглэсэн инженерийн төсөл, хөтөлбөрийг яагаад хэрэгжүүлж болохгүй гэж. Тэр нь гол нь мөнгө угаах техникээр биш мэргэжлийн хүмүүсээр хийлгэх ёстой ажил.
Түүнээс хотын захирагч энэ ажлыг хийх боломжгүй. Хотын дарга хотын нийгмийн асуудлыг нийгэм, эдийн засгийн хүрээнд л шийддэг болохоос тухайн төлөвлөлт, зохион байгуулалттай холбоотой ажлыг мэргэжлийн хүмүүс нь л хийх ёстой. Ингэхдээ мэргэжлийн хүмүүс нь салангид биш зангилагдсан хэлбэрээр хийх нь зөв.
-Хотод үүссэн үерийн дараах нөхцөл байдал дээр холбогдох албаны хүмүүс очиж, танилцаж, үүрэг, даалгавар өгч байна. Энэ үед та мэргэжлийн хүний хувьд ямар зөвлөгөө өгөх вэ?
-Тухайн нөхцөлд үүсээд байгаа аюулгүй байдлыг хангахад мэргэжлийн хүний зөвлөгөөгөөр богино, дунд, урт хугацаанд чиглэлийн дагуу ямар гаргалгаа, шийдлийг хийж хэрэгжүүлэх вэ гэдэг чухал. Түүнээс биш хариуцлага тооцно гэж сүржин мэдээлэл хийж, газар авсан, олгосонд хариуцлага тооцно гэж муур, хулгана шиг хөөцөлдөх нь утгагүй. Энэ бол дараагийн асуудал.
Одоо бол хотын байгууламжийн аюулгүй байдлын төлөвлөлтийн эхлэлийг зөв тавих хэрэгтэй.
Тухайн эвдэрсэн зам дээр стандартын дагуу байдлыг л хангах нь зөв. Үүний дараагаар ерөнхийд нь авч үзэж, хотыг цогцоор нь төлөвлөх шаардлагатай гэсэн үг.
ГЭРЭЛ ЗУРГИЙГ Л.ЭНХ-ОРГИЛ
Холбоотой мэдээ