Одоогоос хоёр жилийн өмнө 2023 оны долдугаар сарын 5-ны өдөр. Сэлбэ гол эргээсээ хальж үерлэн олон иргэн, аж ахуйн нэгж эд хөрөнгөөрөө хохирсон. Үерт автомашинууд живж, ойр орчмын сургууль, цэцэрлэгүүд усанд автаж, лаг шаварт дарагдсан дүр зурагтай зуныг үдсэн. Энэ нь 1966 оны үерийг 2023 оны үертэй харьцуулахад 5-7 дахин их үерийн ус орж ирснийг мэргэжилтнүүд онцолж байв.
Өнөөдөр 2025 оны дөрөвдүгээр сарын 7. Өнгөрсөн хугацаанд үерийн далан барьж, ард иргэдийг гамшиг ослоор бүрэн хамгаалж чадсан уу?
Сэлбэ гол дагуу үерийн далан барих ажил бетонон хана болж хувирсанд иргэд шүүмжлэлтэй хандаж байна. Бетонон хана 1.5 км урт, 4-4.5 метр өндөртэй гэнэ. Урт бетонон хана Натурын гүүрнээс урд талын төмөр замын гарам хүртэл үргэлжлэх бөгөөд 100 жилд тохиолдох том үер, газар хөдлөлтөд тэсвэртэй, эвдрэхгүй далан хийнэ гэж албаныхан тодотгож байсан юм. Тухайн үед хотын менежер Ц.Төрхүү мэдээлэхдээ "Сэлбэ голын инженерийн байгууламж дотор байгаа бургас, лагийг зөөж байна. Энэ ажлыг нэгдүгээр сарын 5-наас эхлэн хийж байгаа. Нийслэлд 1966 оноос хойш Сэлбэ гол дагуух даланг байгуулсан. Нийт 24 км даланг байгуулж, гар хийцлэлээр хийсэн. Бид энэ жил 1.5 км төмөр бетонон хийцтэй болгохоор ажиллаж байна.
Иргэдийн зүгээс гол дагуух бургасыг тайрч сүйтгэж байна гэж шүүмжилдэг. Ер нь инженерийн байгууламж буюу далан дотор мод бут сөөг байх ёсгүй.
Хууль журамдаа ч тэгж заасан байдаг. Нийт 30 дүгнэлт гарч, шинжлэх ухааны үндсэн дээр энэ ажлыг хийж байгаа. Бургас мод усны урсацыг удаашруулж, далангаа сэтэлж урсах нөхцөл байдал үүсгэдэг" гэж мэдээлж байв.
Харин “Сэлбэ” хотхоны оршин суугчид 2024 оны дөрөвдүгээр сард мэдээлэл хийхдээ 20 тэрбум төгрөгөөр үерийн далан барихыг эсэргүүцэж мэдээлэл хийж байсан юм. Тэд “Төр засаг ажил төрлөө хий. Бид хангалттай тэслээ. Бид шударгаар хөдөлмөрлөж, байр авсан. Хохирлын хэмжээг тогтоогоод, барагдуулна гэж амласан хотын дарга хүний үг худлаа байж болох уу. Хийхгүй бол худлаа амлаж, цаг нөхцөөж явдгаа болих хэрэгтэй. Эхлээд голын урсацыг сайжруулаад, оршин суугчдыг айх аюулгүй болгож өгөхийг хүсч байна” гэсэн юм.
ҮЕР, УСНЫ ГАМШГААС ХАМГААЛАХ БАЙГУУЛАМЖ БАРИХАД 4.9 ИХ НАЯД ТӨГРӨГ ШААРДЛАГАТАЙ

Улаанбаатар хотын үерийн эрсдэлийн үнэлгээгээр Улаанбаатарт 1996 оны үертэй дүйцэх хэмжээний үер тохиолдоход Туул гол орчмын 3200 га суурьшлын бүсээс эхлээд Төмөр зам, Дунд гол, ТЭЦ-4, Төв цэвэрлэх байгууламж усанд автах магадлалтай аж.
Мөн 34.900 га талбай нэг метрээс дээш гүнтэй усанд автах эрсдэлтэй аж. Улаанбаатар хотын хэмжээнд 163.6 км үерийн хамгаалалтын далан байдаг.
Гэхдээ үерээс хамгаалах далан, суваг, ус хүлээн авах шүүрт худаг, замын боло хөрсний ус зайлуулах шугамуудын 67 хувь нь насжилт хэтэрсэн байна. Иймээс үер, усны гамшгаас урьдчилан сэргийлэх зорилгоор “Улаанбаатар хотын инженерийн бэлтгэл арга хэмжээний мастер төлөвлөгөө 2040”-ийг дөрвөн үе шаттай хэрэгжүүлж, 408 км үерийн хамгаалалтын барилга байгууламж, 88.4 км урт ул хөрсний түвшин бууруулах байгууламж, 290 км зам, талбайн борооны ус зайлуулах шугам сүлжээ барих шаардлагатайг мэргэжилтнүүд мэдээлсэн.
Нийслэл хотыг үер, усны гамшгаас эрсдэлгүй байлгах барилга байгууламжийг бүрэн бий болгоход нийт 4.9 их наяд төгрөг шаардлагатай гэсэн тооцоо гарсан байдаг.

Хотын дарга асан Д.Сумъяабазар 2022 онд “Сэлбэ сэргэлт” хэмээх төслийг санаачилж, зураг төслийн ажлыг эхлүүлсэн байдаг. Уг төслийн удирдагчаар жүжигчин Б.Цэцэг ажиллахаар сонгогдоод байсан юм. Төслийг хэрэгжүүлэх хүрээнд нийслэлийн 2023 оны төсөвт 3.1 тэрбум төгрөг тусгаад байсан ч илүү хэрэгтэй төсөлд хөрөнгийг зарцуулах шаардлагатай гэж үзсэн.
Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хуралдаанаар 2023 оны нийслэлийн төсвийг хэлэлцэж, хамгийн их хэл ам дагуулж буй Сэлбэ гол төсөлд санхүүжилт олгох боломжгүй гэдэг шийдвэрийг НИТХ дахь МАН-ын бүлгээс /2022.12.01/ гаргасан байдаг. Одоогоос 14 жилийн өмнө 2011 онд Сэлбэ голын урсацыг сайжруулах, орчныг тохижуулах төслийг боловсруулж, Их тойруугийн гүүрнээс Арслантай гүүр хүртэлх 1.3 километр хэсгийг хоёр тэрбум төгрөгөөр тохижуулж байсан билээ.
3,576.02






















































Холбоотой мэдээ