Энд тэнд хог хөглөрч, архины шил хагарсан энэ газар бол гэр хороололд байрлах хүүхдийн тоглоомын талбай. Хагарч, эвдрээгүй тоглоом гэж алга. Бариул нь хугарсан савлуур, гишгүүргүй шат, хагархай гулсуур. Гэсэн ч өөр талбай байхгүй учраас энд хүүхдүүд тоглодог. Тиймээс бид энэ удаагийн сурвалжлагаараа хүүхдийн тоглоомын талбайн асуудлыг хөндөж байна.
БИ ХОГГҮЙ, ЦЭВЭР ОРЧИНД ТОГЛОХЫГ ХҮСДЭГ
Сонгинохайрхан дүүргийн 11 хороонд байрлах энэ тоглоомын талбайг хүүхдийн тоглоомын талбай гэж хэлэхэд хэцүү болжээ. Стандартын дагуу байрлуулсан байх ёстой элс, хайрга асгасан ч энд тэндгүй шилний хагархай хэвтэнэ. Ингээд ч зогсохгүй гулсуур дор нохой хэвтэж, булан тохойд нь хэн нэгэн "хүндэрчихсэн" байв.
Таван настай хоёр жаал эвдэрхий тоглоом дээр хэд, хэд гулсаж байгаад явав.
Бид замын эсрэг талд байрлах бас нэгэн хүүхдийн талбайг зорин очлоо. Энэ тоглоомын талбай нь зай талбай ихтэй, дэргэдээ сагсан бөмбөгийн талбайтай аж. Хүүхдүүд ч цөөнгүй байв. Бас л хог тоос шороондоо дарагджээ. Талбайн голд жижиг гулсуураас өөр тоглох тоглоом ч алга.
Гэсэн ч хүүхдүүд дулаан өдөр энэ талбайдаа багтахгүй шахам олноороо тоглодог талаар ойр орчмын иргэд нь хэлж байлаа.
Тэнд найзтайгаа сагсан бөмбөг тоглож байсан хүү “Хүүхдүүд оройхон тоглоомын талбайд цуглардаг. Энэ хавьд анх хүүхдийн тоглоомын талбай барьж өгөхөд их гоё байсан. Гэтэл энд хэтэрхий олон хүүхдүүд тоглосоор байгаад эвдэрч муудсан. Гэр хороололд ийм зориулалтын талбай бага байдаг. Уг нь хоггүй, цэвэр орчинд тоглохыг хүсдэг. Даанч тийм байж чаддаггүй” гэв.
Тоглоомын талбайн гадаргуу хайрга, элс, дахин боловсруулсан резин байх ёстой гэсэн боловч бидний очсон тоглоомын талбайнуудын суурь нь ихэвчлэн цемент байна.
Энэ бол Улаанбаатар хотын төвд сүндэрлэх үй түмэн барилгуудын ганцхан жишээ. Бодит байдал гэвэл эцэст нь хүүхдүүд гар, хөлөө хугалж, ГССҮТ-ийн Яаралтай түргэн тусламжийн тасгийн гадаа дугаарлан зогсогчдын эгнээнд шилжиж байна. Харин үүнд хариуцлага хүлээх эзэн тодорхойгүй. Энэ мэтчилэн дүр зураг нийслэлийн аль ч дүүрэгт харагдана.
ХҮҮХДИЙН ТОГЛООМЫН ТАЛБАЙД БҮРЭН БҮТЭН ТОГЛООМ ГЭЖ АЛГА
Орон сууцны гадна таван алхмын газарт төмөр хашаа татаж, нэг гулсуур байрлуулсан нь хүүхдийн тоглоомын талбай гэнэ. Тэр багахан зайд бас л хүүхдүүд салхилж, тоглож наадна. Энэ бол Баянгол дүүрэг буюу бидний хэлдгээр 3, 4 хорооллын бичил. Гэр хороололтой хаяа залгаа орших орон сууцны иргэдэд авто зогсоол, хүүхдийн тоглоомын талбай дутагдалтай нь харахад л илт.
Хүүхдээ сургуулиас авахаар явж буй иргэн Ж.Цэцэгсайхан “Машин тэрэг ихтэй энэ хавьд хүүхэд тоглоход хэцүү. Ойр орчим согтуу улсууд ч их бий. Гэрээсээ хүүхдээ нэг их гаргахгүй, гарч тоглох болбол заавал хамт гардаг. Тоглоомын талбайг том хүмүүс нь л эвдэж сүйтгээд хаячихдаг юм уу бүү мэд. Хүүхэд тоглохын аргагүй л газар байх юм. Байрны ойр орчим хүүхэд тоглох зориулалтын талбайтай, аюулгүй л байвал болохсон” гэж бухимдангуй ярилаа.
Байрны урд хэсэгт эвдэрхий гулсууртай, резин нь хавтан нь хууларсан талбайд хоёр эмээ салхилж, сууна. Тэд “Энэ хавьд хөлөө амрааж, салхилах газар байдаггүй. Энүүхэн байрны урд нэг талбай бий. Тэр нь бас эвдэрхий. Одоо яалтай билээ. Өөр талбай байхгүй энд л хааяа сууж амардаг” гэсэн юм.
Хүүхдийн тоглоомын талбай цементэн гадаргуутай байхыг хориглодог. Ер нь хайрга, элс, дахин боловсруулсан резинэн хавтан байх ёстой. Зай талбайн хувьд хамгийн багадаа 0-2 насны хүүхдэд зориулсан талбай 100 м.кв, 6-12 настай хүүхдэд зориулсан талбай 150 м.кв байх ёстой гэнэ. Бодит байдал дээр ийм хэмжээтэй талбай ч цөөн байна.
Шинээр орон сууц барихад бүтээн байгуулалтын 30 хувь тохижилт, ногоон байгууламж байгуулсан байна гэж хууль, дүрэмд тусгасан байдаг. Мөн л бодит амьдрал дээр автомашины зогсоолд зориулан талбай гаргаж, хүүхдийн тоглоомын талбайд маш бага зай талбай ногддог. Харин сүүлийн жилүүдэд эсрэгээрээ хүүхдийн тоглоомын талбайд түлхүү анхаарч, хандлага нь өөр болсон талаар албаныхан хэлж буй.
“Ер нь энэ хавьд тоглоомын талбай маш бага. Байгаа ганц нэг талбай нь шаардлага хангахгүй байна. Бариулгүй шатаар гүйлдэж, гулсана. Талбайн резин нь уначихсан, түүнд нь хүүхдүүд тээглэж унаж бэртэж байна. Зай талбайгүй газар ганц нэг тоглоом тавиад л тоглоомын талбай гэж нэрлэнэ. Бүрэн бүтэн тоглоом гэж алга. Хүүхдүүд хөөрхий бөмбөг өшиглөөд, зам дээр дайруулчих шахам л тоглоно.
Ойр орчимд машин, согтуу хүмүүс их байдаг. Би хүүхдүүдээ тоглуулж чадахгүй хэсэг гадаа салхилж байгаад л гэрт нь оруулдаг. Урд байрны өмнө талд бас нэг зай багатай талбай бий. Өөр хүүхдийн талбай их хомс” гэдгийг иргэн М.Цэрэннадмид учирлав.
“ХҮҮХДИЙН ТОГЛООМЫН ТАЛБАЙН 65 ХУВИЙГ ЗАСЧ САЙЖРУУЛАХ ШААРДЛАГАТАЙ”
Нийслэлийн хэмжээнд хэчнээн хүүхдийн тоглоомын талбай байдгаас хэд нь стандартын шаардлага хангадаг талаар албан ёсны тоо байдаггүй. Хамгийн сүүлд холбогдох газрууд нь 2020 онд шалгалт хийж, тоолсон гэх.
Одоогоос гурван жилийн өмнөх байдлаар нийт 1452 хүүхдийн тоглоомын талбай байгаагаас төрийн байгууллагын харьяа 757, төрийн бус байгууллагын 649, харьяалалгүй 92, стандарт шаардлагын хувьд солих шинэчлэх шаардлагатай 583, огт тоглоом байдаггүй 143, 1-3 ширхэг тоглоомтой 683, наймаас дээш тоглоомтой 130 талбай байна гэж тоолсон байх юм.
Харин өнөөдөр энэ тоо нэмэгдсэн эсвэл хасагдсан талаар тодруулсан юм.
Нийслэлийн Стандарт, хяналтын газрын Хотын хөгжлийн стандартын хэлтсийн дарга Б.Ариунтуяа:
-Манайд 976 хүүхдийн талбайг стандартад нийцэж байна уу гэдгийг шалгаж, үзсэн. Тэрнээс биш нийслэлийн хэмжээн дэх нийт хүүхдийн тоглоомын талбайг хэлж мэдэхгүй байна. Нийслэлийн Хүүхэд, гэр бүл, залуучуудын газар хүүхдийн тоглоомын талбайгаа, Биеийн тамир спортын хорооноос спортын талбайгаа зөвхөн тоолж, хариуцдаг. Нэгдсэн тоон мэдээллийг ажил болж гаргадаг. Манай байгууллагаас энэ жил тоолоогүй.
Нийт 976 тоглоомын талбайг шалгахад 65 хувь буюу 630 гаруй талбайг засч сайжруулах шаардлагатай гэдэг дүгнэлтийг гаргаж байсан.
Хүүхдийн тоглоомын талбайг тухайн дүүрэг, хороо, байрны СӨХ хариуцна. Гэр хороололд стандарт хангахгүй гэхээс илүү тоглоомын талбайгүй газар их байсан. Сүүлийн хоёр гурван жил хотын захын гэр хорооллоор тоглоомын талбай барьж, орчин нөхцөл нь сайжирч байна. Өнгөрсөн хавар Захирагчийн ажлын албанаас тоглоомын талбайгаа цэвэрлэж, арчлах аян зохион байгуулсан. Бүх СӨХ эргэн тойрны бүх талбайг угааж, засч сэлбэсэн” гэв.
Гэрэл зургийг Б.Эрдэнэбилгүүн
Холбоотой мэдээ