Сурвалжлага: Хандиваар 30 гэр цуглуулаад байна

Хуучирсан мэдээ: 2023.02.14-нд нийтлэгдсэн

Сурвалжлага: Хандиваар 30 гэр цуглуулаад байна

Сурвалжлага: Хандиваар 30 гэр цуглуулаад байна

Турк улсын Кахраманмарашт есөн цагийн зөрүүтэй хоёр удаагийн хүчтэй газар хөдлөлт болж хамгийн сүүлийн мэдээллээр 31643 хүн амь насаа алдсан бол бэртэж гэмтсэн хүний тоо 90 мянгад хүрэв. Эд хөрөнгөний хувьд бодит хохирлыг одоогоор тооцож гаргаагүй байна. Монголын Засгийн газар мөнгөн тусламж, аврах багаа илгээсэн бол иргэд ч сайн дураараа туслах ажлыг санаачилжээ. Далайд дусал нэмэр гэдэгчлэн үүний нэгэн жишээ нь “One team” ТББ-аас Сүхбаатарын талбайд “Нэг дэлхий-Нэг гэр бүл” уриан дор гэр хандивлах аян гурав дахь өдрөө үргэлжилж байна.

Сүхбаатарын талбайд гурван эгнээ дараалсан гэр харагдах бөгөөд биднийг очихтой зэрэгцээд хамгийн арын эгнээнд ачааны машинаас гэр буулгаж харагдав. Хандив цуглуулагчидтай уулзахаар гэрт ороход нэгэн эмэгтэй хандив өгөөд эмгэнэлийн дэвтэрт сэтгэлийн үгээ бичиж суугаатай таарав. “ONE TEAM” ТББ-ын гүйцэтгэх захирал Х.Алтаншагай “Турк улс руу хандиваа нэг цонхоор дамжуулан хүргэж байгаа. Тийм учраас нэгдсэн зохион байгуулалтад орж, Элчин сайдын яам руу бүх мэдээлэл болон хүмүүсээс авсан хандиваа өгч байгаа. Туркийн Элчин сайдын яамнаас “Бидэнд гэр сууцны асуудал хамгийн их тулгамдаж байна” гэсэн. Тиймээс 100 гэр хандивлах аяныг эхлүүллээ.

Өнөөдрийн байдлаар нийт 30 гэр цуглаад байгаа бөгөөд Сүхбаатар дүүргээс гурван гэр ирсэн. Өнөөдөр Чингэлтэй дүүргийн Тамгын газраас, ТҮК-ийн хамт олон, Геодези усны барилга байгууламжийн газар, нийслэлийн Хот тохижилтын газрын хамт олон ирэхээ мэдэгдсэн. Энэхүү хандивыг цуглуулсан ч тээвэрлэхэд хүндрэлтэй. Тиймээс цаг уурын нөхцөл байдлаас шалтгаалаад гадуураа брезенттэй, шалгүй, дан гэр илгээхээр болсон.Гэр барих зааварчилгааг видео хэлбэрт оруулаад маш дэлгэрэнгүй байдлаар Турк, Англи, Монгол хэлээр буулгаад явуулна. Мөн Турк улсад суугаа монголчууд, Онцгой  байдлын аврах багийнхан гэр барихад туслана гэдгээ илэрхийлсэн. Монгол гэр үйлдвэрлэдэг жижиг дунд бизнес эрхлэгчдэд тавигдах шаардлагыг хэлсэн. Үйлдвэрлэгчид шаардлагад нийцсэн гэрийг тооцож үзээд нэгдбсэн байдлаар 3.6 сая төгрөгөөр худалдахаар болсон” гэв. Тэд хоёр орны удаан жилийн хамтын харилцаа, түүх соёлоо бодолцон сэтгэлийн хандив өргөхөөр шийдсэн гэдгээ хэлж байлаа. Элчин сайдын яамнаас хоёр дугаар сарын 19-ны өдөр эцсийн байдлаар 100 гэрийг ачаалахад зориулж том каргоны онгоц  гаргаж өгнө гэж мэдэгдсэн аж. Жижиг дунд худалдаа эрхэлдэг хүмүүс нийгмийн хариуцлагынхаа хүрээнд хандивласан гэрийг зөөж, ачиж туслахаар болжээ. Мөн монгол гэр үйлдвэрлэдэг хүмүүс холбоо болоод өөрсдөө оролцоод бүтээгдэхүүнийхээ дээжийг хандивласан байна.

Гэр барихаас гадна хандивын данс нээж /5427126252 Хаан банк бид нэг баг/ цугласан бүх мөнгөөр тодорхой хувиар нь гэр аваад үлдсэн хандивыг мөнгөн тусламжаар цааш дамжуулан өгнө гэдгээ мэдэгдлээ. Турк улсад туслах хандивын тусламж Төрийн болон хувийн хэвшлийн байгууллага, Гандан тэгчилэн хийд, Христийн байгууллага, иргэд, албан байгууллагын ажилчид нэг өдрийн цалингаа хандивласаар байна.

Нурангид дарагдсан хүмүүсийг гаргах ажиллагаа одоо хэр нь үргэлжилсээр байна. Хүсвэл иргэд дулаан хувцас, хөнжил, мешок зэрэг нэн хэрэгтэй байгаа зүйлсийг хандивлах боломжтойг тэд мөн сануулав.

Маргааш /2023.02.15/ төв талбай дээр 1000 зул асаах үйл ажиллагаа зохион байгуулах юм. Мөн хоёр дугаар сарын 17-ны өдөр монголын урлаг соёлынхонтой хамтарч онлайн хандивын тоглолтыг зохион байгуулах гэж байна. Иймд иргэд та бүхнийг идэвхтэй оролцохыг зохион байгуулагчдын зүгээс хүслээ.

Э.Хулан

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж