"Б.Ганхуяг, Д.Ариунболд нарын 10 гаруй хүнийг шалгаж байна"

Хуучирсан мэдээ: 2022.12.05-нд нийтлэгдсэн

"Б.Ганхуяг, Д.Ариунболд нарын 10 гаруй хүнийг шалгаж байна"

"Б.Ганхуяг, Д.Ариунболд нарын 10 гаруй хүнийг шалгаж байна"

Нүүрсний хэрэгтэй холбоотойгоор ард иргэд Сүхбаатарын талбайд жагсаж, Засгийн газрыг шийдвэртэй алхам хийхийг шаардаж буй. Энэ асуудалтай холбогдуулж, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан, Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар нар өнөөдөр /2022.12.05/ мэдээлэл хийлээ.

Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар: Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар хүн засагладаггүй хууль засагладаг байх тогтолцоог бүрдүүлэхээр ажиллаж байна. Нүүрсний хулгайг гурван удаа ярьсан. Эрх мэдэлтэй, албан тушаалтнууд холбогдсон байдаг. “Эрдэнэс Тавантолгой” компани дээр онцгой дэглэм тогтоогоод ажиллаж байна. Онцгой дэглэм тогтоосноор хэд, хэдэн асуудал тодорхой болж байна. Нүүрстэй холбоотой хэрэг гэхээр гурван төрлийн зүйл яригддаг.  Жагсаж байгаа иргэдэд хариулт өгөхийн тулд хууль хяналтын байгууллагаас мэдээлэл аваад та бүхэнд хүргэж байна.

Нүүрс, тээвэр, төмөр замтай холбоотойгоор нийтдээ 10 эрүүгийн хэрэг үүсгэгдээд шалгагдаж байна.

Нүүрсний хэргээр шалгагдаж байгаа хүмүүсийн нэрс авлаа. “Эрдэнэс Тавантолгойн” захирал асан Д.Ариунболд, Б.Ганхуяг, мөн тус компанийн удирдлагын багт ажиллаж байсан н.Отгонжаргал, н. Нурлат, төмөр замтай холбоотойгоор “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн гүйцэтгэх захирал асан Н.Удаанжаргал нарыг, мөн тээвэртэй холбоотой, нүүрс гаргасан гэх асуудлаар Гаалийн ахлах байцаагч н.Эрдэнэбаяр, Хил хамгаалах ерөнхий газрын Гашуун сухайт дахь төлөөлөгч н.Доржжүгдэр, Хил хамгаалах ерөнхий газрын ахлах н.Дэлгэрдалай нарын 10 гаруй хүнийг шалгаж байна.

Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан:  Монгол Улсын иргэд төр засагтаа тодорхой шаардлага тавьж, Сүхбаатарын талбайд жагсаал зохион байгуулж байна. Хүйтэн байгаа ч нийгэмд үүсээд байгаа асуудлаар бужхимдлаа илэрхийлж, УИХ, Засгийн газрыг асуудлыг шийдвэрлэхийг шаардаж байгааг ойлгож байгаа. Засгийн газар бүлэглэлийн зохион байгуулсан хулгай дээрмийн үйл ажиллагааг олон нийтэд ил болгосон. Түүний үр дүнг нэхсэн ард иргэдийн жагсаал  болж байна гэж бидний зүгээс ойлгож, түргэн шуурхай шийдвэрлэх талд хууль хяналтын байгууллагад хандаж байгаа.

Засгийн газар "Эрдэнэт"-ийн 49 хувь, Хөтөлийн цемент шохой үйлдвэрийн хувьчлал, Дарханы төмөрлөгийн концессын үйлдвэр тойрсон ноцтой асуудлуудыг  олон нийтэд ил болгож, зохих ёсоор хуулийн хариуцлага хүлээлгэхээр шамдан ажиллаж байна. Тухайлбал, "Эрдэнэт"-ийн 49 хувь дээр Засгийн газраас шалтгаалах бүх асуудлыг тодорхой болгож, Авлигатай тэмцэх газарт хандсан.

Саяхан Дарханы төмөрлөгийн үйлдвэртэй холбоотой 2.6 их наяд төгрөгийн санхүүгийн зөрчил илэрснийг олон нийтэд ил болгосон. Өнгөрсөн сард "Эрдэнэс Тавантолгой" компани дээр Бүрэн эрхт төлөөлөгч томилж, хулгай дээрмийн үйл ажиллагааг ил болгох асуудлыг Засгийн газар хөндөөд тавьсан. Нүүрсний хулгайн хэрэгтэй холбоотойгоор 15 хүн шалгагдаж байна.

Орон нутгийн өмчит "Тавантолгой" компанийн хувьцаа эзэмшигчид мөн шалгагдаж байна. УИХ-ын гишүүн бүрэн эрхтэй, хууль хяналтын байгууллага ямар шатанд шалгаж байгаа талаар миний бие мэдээлэл хийх нь өрөөсгөл, хууль хяналтын байгууллага нь мэдээллээ өгөх нь зөв юм.

Монгол Улсыг төргүй юм шиг , Монгол төрийг эзэнгүй юм шиг аашилж байсныг хараад тэвчих арга алга. Чадахаасаа чадахгүйгээ хүртэл Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар ажиллаж байна. Өмнөх Засгийн газруудын халгаад барьж авч чаддаггүй байсан асуудлыг барьж авсан. Дарханы төмөрлөгийн үйлдвэр дээр долоон жилийн хугацаанд концесс хэрэгжүүлэхдээ 2.6 их наядын зөрчил үүсгэсэн байсныг ил болгосон. Үр уршгаар нь монголчууд гангийн үйлдвэртэй болж чадсангүй, орон сууцныхаа үнийг бууруулж чадаагүй.

-Танай нам Хөгжлийн банкны тодорхой зээлдэгч нарт хариуцлага хүлээлгэж чадаагүй. Нүүрсний хулгайч нартаа ч мөн хариуцлага хүлээлгэж чадахгүй юм биш үү? 

-Нэгдүгээрт, Засгийн газар шүгэл үлээгчийн үүргээ гүйцэтгэж байгаа. Хөгжлийн банктай холбоотой зээлдэгч нарыг ил тод болгосны үндсэн дээр 840 тэрбум төгрөг төлүүлсэн. Одоо Хөгжлийн банк Чингис бондыг бүрэн төлөх боломжтой болсон. Хоёрдугаарт, Засгийн газар хууль хяналтын байгууллагад холбогдох албан тушаалтнууд болон хууль зөрчсөн албан тушаалтны асуудлыг шилжүүлсэн.

Хөгжлийн банкны хэрэгтэй холбогдуулж, Авлигатай тэмцэх газар 82 нэр бүхий этгээдтэй холбогдох хэргийг прокурор, шүүхэд шилжүүлэхээр хандсан байгаа. Гэм буруутай этгээд нь тодорхой болохоор ёс зүйн хариуцлага хүлээлгэнэ. Ухарсан, няцсан зүйл байхгүй.

-Хятадын талаас нүүрсний хэрэгтэй холбоотой мэдээлэл өгсөн гэдэг нь хэр үнэн бэ. Хятадын тал нүүрсний хэрэгт холбогдсон хүмүүсээ цаазалсан гэх юм?

Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар: БНХАУ-аас нүүрстэй холбоотой Монгол талаас оролцсон хүмүүсийн нэрс өгсөн гэдэг ташаа. Ямар агуулгаар, ямар зорилгоор энийг сэвээд байгааг ойлгохгүй байгаа. Гэхдээ Улсын Ерөнхий прокурорын газар, Монгол Улсын Засгийн газраас БНХАУ талд нүүрстэй холбоотой мэдээллийг өгөөч ээ гэдэг хүсэлтийг Гадаад харилцааны яамаар дамжуулан тавьсан. Хоёр улсын хооронд харилцах харилцаанд тодорхой процедур шаарддаг.

Их олон хүний эрх ашиг хөндөгдаж байгаа болов уу. Тэгэхэр олон нийтийн цуглааныг ашиглаад тал тал тийш зулгаагаад байгаа. Ард иргнд миаань ухаантай, эцэст нь хэн, юу хийгээд байгааг харж байгаа гэж найдаж байна. Засгийн газар хүн биш хууль засагладаг болохын төлөө ажиллаж байна. Үр дүн чухал учраас хичээж чармайж ажиллаж байна. Энэ бүгд дээр хэвлэлийнхэн маань дэмжиж өгөөч ээ гэж бүлгийн хурал дээр би та бүхнээсээ хүсч байсан.

Д.Амарбаясгалан даргаар ахлуулсан ажлын хэсэг Засгийн газар дээр ажиллаж байна. УИХ дээр ажлын хэсэг гаргаж ажиллаач ээ гэдэг санал тавьсан, нааштай хүлээн аваад ажиллаж байна.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
24
ХахаХаха
13
ТэнэглэлТэнэглэл
9
ЗөвЗөв
3
БурууБуруу
2
ХөөрхөнХөөрхөн
2
ХарамсалтайХарамсалтай
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж