Монголын парламентад хамгийн олон удаа сонгогдсон, Хууль зүйн сайдаар хамгийн олон удаа ажилласан гээд Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ц.Нямдорж цол гуншин ихтэй нэгэн. Тасралтгүй УИХ-д сонгогдож, сайд дарга хийсэн Ц.Нямдоржийн хувьд 2020 оны сонгуулиар өвдөг шороодож, Л.Оюун-Эрдэнийн гал тогоог сахих болсон. Өөрөө бол хуулийн салбарт гавьяатай нэгэн гэж бахархах дуртай эрхэм. Гэхдээ Ц.Нямдоржийг сайд байх хугацаанд хуулийн байгууллага өндөр, сүрлэг барилгуудаар дүүрснээс өөрөөр хуулийн салбарт хийсэн гавьяа тун цөөн гэдэг. Л.Оюун-Эрдэнийн хэлснээр амаргүй цаг үеийг туулж яваа Засгийн газрынх нь гал тогоог хамгийн сайн хамгаалагч нь Ц.Нямдорж байсан. Гэхдээ эцсийн дүндээ зөвхөн өөрийн, хувь эрх ашгийн төлөө улс төр хийдэг Ц.Нямдоржийг явуулж байна.
Ингэхдээ Үндсэн хуулийн Цэц рүү явуулахаар тохироо хийгдэж эхэлсэн гэнэ. Учир нь Үндсэн хуулийн Цэцийн Их суудлын хуралдааны тогтоол нь Цэцэд цэвэрлэгээ хэрэгтэй, хууль эрх зүйн орчныг нь сайжруулах хэрэгтэй гэдгийг нотолгоо байлаа. Үндсэн хуулийн Цэцийн гишүүдийг Ерөнхийлөгч, УИХ, Улсын дээд шүүхээс санал болгосноор УИХ томилдог зохицуулалттай.
Өнгөрсөн хугацаанд эдгээр томилгоо Үндсэн хуулийн шүүх гэхээс илүү улс төрийн томилгоо, шагнал байж ирсэн учраас өнөөдрийн энэ нөхцөл үүссэн гэдгийг хуульчид дуу нэгтэйгээр илэрхийлэх болсон. Тиймээс ч Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт хийх эсэхээс үл хамаарч Цэцийн асуудлыг ярих ёстой гэдгийг ээлжит бус чуулганы нээлтийн үеэр Г.Занданшатар хэлсэн.
Тэрбээр "Цэцийн энэхүү шийдвэр хууль зөрчсөн, ард түмний төлөөлөл болсон Улсын Их Хурлын бүрэн эрхэд, Үндсэн хуульт байгуулалд халдсан үйлдэл болж, буруу жишиг тогтоолоо гэж зарим судлаачид, түүний дотор Үндсэн хууль тогтоогчдын холбоо үзэж, эсэргүүцлээ илэрхийлж, саналаа албан ёсоор бичгээр ирүүлснийг дурдахгүй өнгөрч болохгүй ээ. Цаашид Үндсэн хуулийг чандлан сахиулахын баталгаа болсон Үндсэн хуулийн цэцийн эрх зүйн орчныг боловсронгуй болгох шаардлага зүй ёсоор тавигдаж байна. Өнгөрсөн 30 жилийн хугацаанд эдгээр хуулиудыг шинэчлэн найруулаагүй бөгөөд Цэцийн гишүүнийг санал болгох, томилох үйл явц нь хаалттай, ил тод бус, салбартаа хүлээн зөвшөөрөгдөөгүй, мэргэжлийн бус хүнийг томилдог, олон нийтийн санал бодлыг сонсдоггүй гэх мэт шүүмж гарсаар ирсэн. Мөн Хууль зүйн байнгын хорооны 2021 оны 22 дугаар тогтоолоор Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай, Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулах Ажлын хэсгийг байгуулсан. Ажлын хэсэг Үндсэн хуульд хууль, зарлиг, төрийн байгууллагын шийдвэр, нийт байгууллага, иргэний үйл ажиллагаа бүрнээ нийцэх зарчмыг баримтлан хуулийн төслийг эцэслэн боловсруулж, ойрын үед УИХ-д өргөн барих шаардлагатай байгааг онцлон тэмдэглэе” гэсэн юм. Энэ бүхнээс харвал Үндсэн хуулийн Цэцтэй холбоотой хууль тогтоомж өөрчлөгдөж, түүнийг дагаад бүтэц нь өөрчлөгдөж магадгүй байгаа юм.
Тиймээс улс төрийн хүрээнд яригдаж буй Ц.Нямдорж, Д.Лүндээжанцан нарын МАН-ын тэтгэвэртээ гарсан “өвөө” нарыг Цэцийн гишүүнээр томилох тохироо хийгдсэн гэх яриа оргүй биш бололтой. Ц.Нямдорж Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар ажиллах хугацаандаа үүргээ гүйцэтгэсэн, хэргээ бүтээлгэсэн учраас түүнийг шууд тэтгэвэрт нь суулгана гэдэг бараг л худлаа. Ц.Нямдорж өөрөө ч үүнийг хүсэхгүй. Тиймээс л Цэц энэ удаад муйхарлаж, өөрсдийнхөө нэр хүндийг ч бодолгүй шийдвэр гаргасан байж ч болох. Үүний жинхэнэ “захиалагч” Ц.Нямдорж байхыг ч үгүйсгэмгүй.
Ш.ЧИМЭГ
Холбоотой мэдээ