Их тэнгэрт жагсаал хийх эрхгүйг жагсагчдад анхааруулав

Хуучирсан мэдээ: 2025.01.11-нд нийтлэгдсэн

Их тэнгэрт жагсаал хийх эрхгүйг жагсагчдад анхааруулав

Их тэнгэрт жагсаал хийх эрхгүйг жагсагчдад анхааруулав

НЭМЭЛТ: 

Төв талбайд жагсаж байсан иргэд 20.00 цаг өнгөрч байхад алхсаар төрийн гурван өндөрлөг амьдардаг Их тэнгэрт ирж, Засгийн газрыг огцрохыг, УИХ-ыг тарахыг шаардаж жагсаалаа үргэлжлүүллээ.

Ийм шаардлага тавих болсон үндэслэлээ жагсагчид татварын дарамт их, залуус эх орондоо амьдрах боломжгүй зэрэг олон асуудлыг Засгийн газар, УИХ шийдвэрлэж чадахгүй байгаа тул Засгийн газар огцорч, УИХ бүрэн бүрэлдэхүүнээрээ тарах ёстой гэлээ. Шаардлагын хариуг 24 цагт багтаан өгөх ёстойг сануулав.

Харин цагдаагийн байгууллагын зүгээс өнөөдрийн жагсаалыгг зөвхөн Сүхбаатарын талбайн бүсэд  11.00-17.00 цагийн хооронд хийх зөвшөөрөлтэй тул хууль журмаа барихыг анхаарууллаа. Мөн төрийн тусгай хамгаалалтын бүсэд жагсаал цуглаан зохион байгуулах эрхгүй болохыг сануулсан юм.


НЭМЭЛТ: 

Жагсаалд оролцогчид өнөөдөр төв замыг хааснаас нийтийн тээврийн үйлчилгээнд явж байсан 35 чиглэлийн 284 автобусны чиглэлд өөрчлөлт оруулжээ. Үүнээс 129 автобус 2-6 цагаар зогссон бол 150 гаруй автобусыг өөр замаар тойруулж нийтийн тээврийн үйлчилгээг үзүүлсэн болохыг Нийтийн тээврийн бодлогыг газраас мэдээллээ. Тээврийн цагдаагийн албатай хамтран дээрх зохицуулалтыг хийж ажиллажээ.

  • Энхтайваны өргөн чөлөө Сүхбаатарын талбайн орчим баруунаас ирсэн тээврийн хэрэгслийг Цэцэг төвөөр хойш нь,
  • Зүүнээс ирсэн тээврийн хэрэгслийг МУБИС-иар хойш нь эргүүлж,
  • Урдаас ирсэн автобусыг Нэгдүгээр сургуулиар эргүүлж зохицуулалт хийжээ.

Улаанбаатар хотын хэмжээнд өнөөдөр 960 автобус үйлчилгээнд гарсан юм. Гэвч жагсагчид 12.00 цагийн орчмоос төв замыг хааснаар тээврийн хэрэгслүүд зорчих боломжгүй болсон юм.


НЭМЭЛТ: 

Жагсаал зохион байгуулах цагийг өнөөдөр 11:00-17:00 цагийн хооронд хийх зөвшөөрөл олгосон тул хууль журмаа хэрэгжүүлэхийг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна. Учир нь жагсаал одоог /20.00 цаг өнгөрч байна/ хүртэл тараагүй байгаа тул Жагсаал зохион байгуулах журмаа барихыг онцоллоо. Мөн жагсагчид авто зам хааснаас Түргэн тусламжийн машин, онцгой байдлын машин явах боломжгүй болсноор тусламж үйлчилгээг шуурхай хүргэхэд хүндрэл учруулж буйг ч анхаарууллаа.


НЭМЭЛТ: 

Жагсагчид төв талбайн авто замыг хаасан хэвээр байна. Үүнээс болж төв зам дамжин өнгөрдөг 15 чиглэлийн автобусны хөдөлгөөн хаагдаад хоёр цаг болж буй юм. Тодруулбал, төв зам дагуух баруун, зүүн чиглэл мөн хойшоо болон урд зүгийн хөдөлгөөн бүрэн хаагдаад байна. Жагсагчид зам хааж эхэлсэн цаг үеэс эхэлж иргэдээс Нийслэлийн тээврийн газарт хандан "Нийтийн тээвэр явахгүй байна. M1 буюу "Офицеруудын ордноос-Таван шар", "57 Улаанчулуут-МУИС", "III,IV хороолол-Шар хад", "Зүүн салаа-УБИС", "Сүхбаатарын талбай-Зунжин худалдааны төв", "Архивын ерөнхий газар-120 мянгат-Сүхбаатарын талбай" зэрэг чиглэлийн автобус явахгүй байна. Зарим автобус богино эргэлтээр явж, хүйтэн цагаар хүндрүүлж байна" гэх гомдлыг олонтаа тавьжээ.

Олон нийтийн зүгээс төв зам хаасныг буруушааж, жагсаж цуглах эрхээ бусдад саад учруулахгүйгээр эдлэхийг сануулж буй юм.

Жагсагчдын нэг хэсэг Төрийн ордны гадаа буюу Чингис хааны хөшөө байрлах урд хэсэгт жагсаж буй юм. Үе үе жагсагчид ордон руу дайрч орох үйлдэл хийж, төрийн тусгайгийнхан энэхүү үйлдлийг нь тухай бүрт нь няцааж, хамгаалалт хийсээр байна. Цагдаагийн албан хаагчид мөн хүч нэмэгдүүлэн ажиллаж байна.

Зохион байгуулагчдын зүгээс "Засгийн газар огцрох ёстой" гэх шаардлага тавьж буй бол цугласан олон дунд "Засгийн газар агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр дорвитой ажил хийж, мөн татваруудыг бууруулж хөдөлмөр эрхлэгчдэд тулгарч буй ачааг хөнгөлөх ёстой" гэж үзэж байгаа юм.


Жагсагчид Төрийн ордны гадаа ирлээ

НЭМЭЛТ: 

Жагсагчдын нэг хэсэг нь төв зам хааж, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарласан хэвээр байгаа бол жагсагчдын нэг хэсэг нь Төрийн ордны гадаа ирлээ. Жагсаалд олон зуун хүн цугласан байгаа бөгөөд согтууруулах ундаа хэрэглэсэн хүмүүс жагсагчдын дунд цөөнгүй байна.

Жагсаалд ирсэн залуусын хувьд "Бусдыг өдөөн турхирч болохгүй. Тайван замаар жагсаалд оролцох ёстой" гэдгийг сануулж буй юм.


 

Жагсагчид төв зам хааж хөдөлгөөнд саад учруулаад байна

НЭМЭЛТ: 

Эрх чөлөөний эвсэл намаас өнөөдөр Сүхбаатарын талбайд жагсаал эхлүүлсэн. Жагсагчид Засгийн газрын тэргүүн Л.Оюун-Эрдэнэ, Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар нарыг төв талбайд ирж уулзахыг шаардан төв замыг хаагаад байна. Үүнээс болж, Төв шуудангийн өмнөх авто замаар тээврийн хэрэгслүүд зорчих боломжгүй болж хөдөлгөөнд саад учруулаад байна. Олон нийтийн зүгээс тэдний энэ үйлдлийг буруушааж, тайван замаар жагсаж үзэл бодлоо илэрхийлэхийг сануулж байна.

Д.Сүхбаатарын талбайд жагсаал болж байна

Эрх чөлөөний эвсэл намаас өнөөдөр/2025.01.11/ Сүхбаатарын талбайд "Засгийн газар огцор" нэртэй жагсаалыг зохион байгуулж байна.

Тус нам "Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар утаа, түгж­­рэл, ядуу­­рал, авлига, тат­вар, ажил­­гүйдэл зэрэг асуудлыг  ший­­­­­­­­­­дэж ча­­дахгүйгээ харууллаа. Тиймээс огцруулах нь зүйтэй" гэж үзэж байгаа аж.

Жагсаал өнөөдөр 11:00 цагийн орчимд эхэлсэн бөгөөд жагсаалд оролцогчдын тоо нэмэгдэж байна. Жагсагчдын хувьд "Засгийн газар огцор" хэмээх лоозон барьж, өөрсдийн үзэл бодлоо тайван замаар илэрхийлж байгаа юм.  Тус намынхны зүгээс жагсаалын хүрээнд Засгийн газрыг огцруулах санал гаргуулахаар УИХ-ын 33 гишүүнд албан бичиг хүргүүлжээ. Түүнчлэн, энэхүү жагсаал өнөөдрөөс нэгдүгээр сарын 22-н хүртэл үргэлжлэх юм байна. Жагсаалыг зохион байгуулж буй Эрх чөлөө үндэсний эвсэл нам “Засгийн газар огцор жагсаал Засгийн газартай аливаа хэлбэрээр зөвшилцөлд орохгүй, ямар нэг уулзалт яриа хэлцэл хийхгүй, тайлбар хүлээж авахгүй. Жагсаалын үндсэн шаардлага зорилгодоо хүрэх хүртэл үргэлжилнэ” гэж мэдэгдээд байна.

Гэрэл зургийг О.БОЛОРСУВД

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
61
ЗөвЗөв
44
ТэнэглэлТэнэглэл
27
ХахаХаха
2
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж