Хайрын түүх: Арван жилийн сурагч байхдаа дурлалцсан хосууд

Хуучирсан мэдээ: 2022.02.14-нд нийтлэгдсэн

Хайрын түүх: Арван жилийн сурагч байхдаа дурлалцсан хосууд

Хайрын түүх: Арван жилийн сурагч байхдаа дурлалцсан хосууд

Гэгээн хайрын баярыг тохиолдуулан хосуудын хайрын түүхийг хуваалцаж байгаа билээ. Энэ удаа залуу хосууд болох О.Ууганбаяр, Э.Булган болон дөрвөн хүүгийн аав, ээж Б.Сэр-Од, И.Одончимэг нартай ярилцлаа.

НЭГДҮГЭЭР АНГИДАА ААВТАЙГАА АЙЛ НҮҮЛГЭЖ, ЭХНЭРТЭЙГЭЭ ТАНИЛЦАЖ БАЙЛАА

-Намайг Б.Сэр-Од, ханийг минь И.Одончимэг гэдэг. Бид Өмнөговь аймгийн уугуул хүмүүс. Ханхонгор сумын сургуульд нэг ангид, нэг ширээнд суудаг байлаа. Анх тавдугаар ангид байхдаа эхнэртээ захиа өгч, хайрын түүх минь эхэлж, одоо дөрвөн сайхан хүүгийн аав, ээж болоод байна. Манайх засварын газар ажиллуулдаг, эхнэр минь тусална, жирийн л нэг гэр бүл. Бид 1987 онд нэгдүгээр ангид орж танилцаад, 1997 онд аравдугаар ангиа төгсч байлаа. Аав минь тээврийн жолооч байсан. Нэгдүгээр ангид орох жил Манлай сумаас айл нүүлгэж ирнэ гэж аавтайгаа яваад нэг их олон охинтой айл нүүлгэж ирсэн. Тэр үед ханийгаа гэр бүлтэй нь нүүлгэж ирсэн юм билээ. Манай хажууханд тэр айлыг буулгаж байсан. Одоо эргээд дурсахаар их сайхан байдаг. Одоогийнх шиг утас, интернэт дэлгэрээгүй үе байсан учраас “I love you” гэж бичээд л, дөрвөлжин захиа өгдөг байсан. Тавдугаар ангиасаа хойш үерхэж, хичээлдээ хамт бэлтгэл сургуулилалт хийж, дугуйландаа яваад, орой нь гэрт нь оруулж өгдөг байлаа. Тэгж явсаар байгаад арван жилээ төгсч, би 1998 онд цэрэгт явж ирээд, эхнэртэйгээ албан ёсоор айл гэр болсон доо. Нэг жилийн дараа бид 2020 оны есдүгээр сарын 20-нд том хүүгээ өлгийдөж авсан.

Ам мурийх, муудах зүйл амьдралд зөндөө тохиолдоно. Ихэвчлэн би бууж өгдөг. Ханийгаа уучлаарай, түргэдсэн байна гээд л. Миний хувьд архи, дарс хэрэглэдэггүй учраас хэрүүл барагтаа бол гардаггүй. Заримдаа асуудал үүсвэл ярилцаж байгаад л шийддэг.

Засварын газарт ажилладаг учраас эхнэр минь үргэлж тусалдаг. Хэрэгтэй багаж, юу байна дөхүүлж өгнө. Чадах зүйлээрээ үргэлж дэмждэг ханьдаа талархаж явдаг. Орой гэртээ хоол ундаа хамт хийнэ. Хоёулаа нэгнээ дэмжээд, хамтарч амьдраад, аз жаргал дүүрэн байна. Би ханьдаа маш их хайртай. Бидний хайрын түүх 30 гаруй жил үргэлжилж байгаа ч яг анхных шигээ л нандин хэвээр байдаг.

НАЙЗЫНХАА ХАМТ ЗУРАГ АВАХУУЛСАН ХӨӨРХӨН ОХИНЫГ ШОХООРХОЖ, 8 ЖИЛ ҮЕРХЭЭД ГЭРЛЭСЭН

-Биднийг О.Ууганбаяр, Э.Булган гэдэг. Дундговь аймагт ажиллаж, амьдардаг залуу гэр бүл. Цэцэг шиг хөөрхөн нэг охинтой. Түүнийг минь У.Энгүүн гэдэг. Одоо хоёр настай. Миний хувьд аймагтаа хувийн компанид ажилладаг, харин эхнэр аймгийн Онцгой  байдлын албанд ажилладаг. Анх танилцсан түүх их сонирхолтой. 2011 оны долдугаар сард наадмаар нутагтаа танилцаж байсан. Бид наймдугаар анги байсан санагдаж байна. Тухайн үед найзынхаа зургийн цомгийг үзэж байгаад, найзыгаа хөөрхөн охинтой хамт зургаа авахуулсан байсныг олж харсан юм. Тэгээд шохоорхож эхэлсэн. Найзаараа дугаарыг нь олуулаад, хэд хэдэн өдөр мессэж бичээд, хариу ирэхгүй болохоор нь байнга залгасаар байгаад танилцаж билээ. Өөр сургуульд сурдаг байсан болохоор уулзах зав тун ч бага байдаг байсан. Манай хичээл өдөр ороод, тэдний хичээл өглөө ороод байсан болохоор их ч хичээлээ тасалдаг байсан даа. Түүнээс хойш оюутан болоод, хамтдаа амьдарч, бараг бүх цаг үед хамтдаа байсан. Бид хоёр хоёулаа цэргийн сургууль төгссөн. Би Үндэсний батлан хамгаалахын их сургуульд, найз охин маань Хууль сахиулах их сургуульд сурдаг байсан юм. Чөлөөт цагаараа их зугаалдаг, алхдаг, хамтдаа ярилцдаг байлаа. Одоо ч чөлөөт цаг гарвал хүүхэдтэйгээ тоглоод л өнгөрч байна. Энэ зун гэр бүлээрээ аялах төлөвлөгөө, маршрут гаргасан.

Бид найман жил үерхсэн. Гэрлээд гурван жил болж байна. Хайрыг бид тохиолддог зүйл биш, харин бий болгодог зүйл гэж боддог. Нэг нэгнээ хүндлэх, халамжлах, ойлгох, сонсох, зөвлөх, дутагдлыг нь хэлэх гээд бидний бүтээж чадахаар хамгийн сайхан зүйл бол хайр юм.

Анх аав болсон үе минь хамгийн аз жаргалтай бөгөөд сэтгэлд тод үлдсэн мөч байлаа. Охиноо хараад л, ханиараа их бахархаж, илүү их хайрлах сэтгэл төрж байсан. Заримдаа үг зөрөх, муудалцах үе гардаг. Тэрсэлдээд, хатуу ширүүн үг хэлж гомдоосон үе ч зөндөө. Тэр болгонд хоёулаа миний л зөв гэж бодоод байдаг байсан байх. Хоёулаа үхэр жилтэйг хэлэх үү, нэгнийхээ дээр гарах гээд их үздэг байлаа. Одоо нөхөр нь л их буулт хийдэг юм байна гэдгийг мэдэж авсан. Гэр бүлийн үнэ цэнээ хадгалж үлдэхэд эрчүүд бид ухамсартай хандахгүй бол энэ нандин харилцаа маань нурчихна шүү дээ. Тиймээс аль болох ойлголцох, ярилцахыг чухалчилдаг болсон.

Аз жаргал бол сэтгэл амгалан, өөртөө байгаа зүйлдээ сэтгэл хангалуун байх. Хосуудын аз жаргал нэг нэгнээ хүндэлж, халамжлах дээр л тогтдог гэж боддог. Бүх сайхан хосууддаа гэгээн хайрын баярын мэнд хүргэж, бүгдээрээ аз жаргалаар бялхаж яваарай гэж ерөөе.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
39
ЗөвЗөв
5
ХахаХаха
4
ТэнэглэлТэнэглэл
3
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж