Тангаргаасаа няцваас хэн ч хууль ёсны цээрлэл хүлээнэ

Хуучирсан мэдээ: 2021.04.12-нд нийтлэгдсэн

Тангаргаасаа няцваас хэн ч хууль ёсны цээрлэл хүлээнэ

Тангаргаасаа няцваас хэн ч хууль ёсны цээрлэл хүлээнэ

Монгол Улсын иргэн би Үндсэн хуулиар хүлээсэн иргэний цэргийн үүргээ үнэнчээр биелүүлж, өвөг дээдсийнхээ ариун гал голомт болсон Монгол Улсынхаа халдашгүй дархан байдлыг амь бие үл хайрлан батлан хамгаалахаа эх орон, төр, ард түмэндээ андгайлан тангараглая. Би ард түмнийхээ үндэсний эв нэгдэл, монгол цэргийн шилдэг уламжлалаа эрхэмлэн хүндэтгэж, цэргийн эрдэмд шамдан боловсорч, улсын нууцыг найдвартай хадгалж, Монгол Улсын хууль, цэргийн дүрмийг чанд сахин биелүүлэхээ батлан тангараглая. Эх орноо батлан хамгаалагч дайчин би өргөсөн тангаргаасаа няцваас төрийн хууль ёсны цээрлэл хүлээнэ.

Энэ бол цэргийн алба хаахаар очсон хүн бүр өргөдөг тангараг. Ердийн хэдхэн өгүүлбэр мэт санагдаж болох ч цэргийн алба хаагчдад бол энэ нь заавал биелүүлэх ёстой хууль.

Хууль зөрчсөн хэн ч хариуцлага хүлээх ёстойн адил тангаргаасаа няцсан бол шийтгүүлэх нь зүй ёсны хэрэг. Зарим үед хуулиас ч том мэт ойлгогддог тангаргийн мөн чанарыг ойлгож, үйлдлээрээ ягштал биелүүлэх нь зөвхөн нэг цэргийн үүрэг биш. Тангаргаа биелүүлэх бүх нөхцөлийг нь бүрдүүлж өгөх ёстой цэргийн дарга нарын ч үүрэг юм. Өөрөөр хэлбэл, нэг цэрэг тангараг өргөхөд дагаад цэргийн дарга тангараг өргөдөг гэж ойлгож болно.

Сүүлийн жилүүдэд энэ салшгүй хамаарал алга болсноор цэрэг төвтэй гэмт хэргүүд цөөнгүй гарах боллоо хэмээн мэргэжилтнүүд ярьж байгаа нь үнэний ортой. Цэрэг орголоо, даргыгаа буудаж хөнөөлөө, даргадаа зодуулж амь насаа алдлаа, тахир дутуу боллоо гэсэн мэдээлэл тасралтгүй гарч, нийгэм даяараа буруутныг хайж байна. Мэдээж цэрэг зодож алсан офицер буруудна, тэр хүн хариуцлагаа хүлээнэ, даргыгаа буудаж хөнөөсөн цэргүүд зохих ялаа авна. Энэ бол хууль ёсны дагуу явагдах зүйл.

Тэгвэл хүний амь настай холбоотой ийм хэрэг гардаг шалтгаан юу вэ, гаргахгүй байх талаар юу хийх ёстой вэ. Албаны хүмүүс энэ талаар олон шалтаг шалтгаан тоочиж байгаа ч аль аль талдаа өргөсөн тангаргаа биелүүлэхгүй байгаа явдал нэлээд жин дарна хэмээн учир мэдэх хүмүүс хэлж байна. Тангаргийн үнэ цэнийг цэргүүд, цэргийн дарга нар ч өөрсдөө бүрэн ойлгохгүй байна гэхэд буруудахгүй байх.

Сүүлийн жишээ гэхэд, Говь-Алтай аймгийн хилийн 0214 дүгээр ангид хугацаат цэргийн алба хааж байсан хоёр цэрэг харуулын даргаа буудаж хөнөөгөөд оргосон хэрэг гарсан. Хэргийг тухайн орон нутгийн цагдаагийн байгууллага шалгаж байгаа бөгөөд чухам юунаас болж ийм хэрэг гарсан нь одоогоор тодорхойгүй байгаа юм.

Дарга нь дэглэж зодоод байсан болохоор аргагүйн эрхэнд ийм хэрэг хийсэн байх гэж нэг хэсэг нь өмөөрч байхад нөгөө хэсэг нь, тэр харуулын дарга яруу найрагч, их сайн хүн байсан гээд нийгмээрээ талцан маргалдаж байна. Магадгүй дарга нь зодож дарамталсан байж болох. Хэрвээ тийм бол Батлан хамгаалах яамны дарга нарын хэлдгээр энэ бол байж болшгүй гутамшигт явдал. Хэн нэгнийг буруутгах гэсэнгүй. Гэхдээ тэр цэргүүд хүн хөнөөсөн хэргийнхээ ялыг үүрнэ, хэрэг хийсэн шалтгаан нь ч  тодорхой болно.

Харин тэр цэргүүд торгон хил дээр байх харуулын байраа орхихдоо өргөсөн тангаргаа санасан болов уу. Зүгээр ч нэг харуулын байр биш, Монгол Улсын торгон хил дээр шүү дээ. Дайсанд эх нутгаа алдахгүйн төлөө амиа золин тэмцсэн олон цэрэг дайчдын чин сэтгэл шингэсэн, орхих нь байтугай алхам ч ухрах эрхгүй  ариун газар. Тэд үүнийг ухамсарласангүй, шууд хэлэхэд өргөсөн тангаргаасаа няцаж.

Цэргээ зодож амь насыг нь хохироосон офицер ч цэргийн тангараг өргөсөн. Тангарагт, архи уугаад цэргээ зодож болно гэсэн нэг ч өгүүлбэр байхгүй. Харин монгол цэргийн шилдэг уламжлалаа эрхэмлэн хүндэтгэж, хууль, цэргийн дүрмийг чанд сахин биелүүлнэ гэж заасан байгаа. Тэр офицер архи ууж агсамнаж байхдаа энэ тангаргаа мартжээ. Тийм болоод л ийм ноцтой хэрэг өдүүлж, тангаргаа зөрчиж.

Зөвхөн энэ хоёр жишээнээс харахад өргөсөн тангаргаа умартсанаас болж хайран сайхан залуус гэмт хэрэгтэн болж хувирчээ. Асуудлын гол цөм нь энэ. Мэдээж хувь хүний ёс суртахуун, хүмүүжил, төлөвшил, өссөн орчин, боловсролын ялгаа гээд дагалдах олон шалтгаан бий. Энэ бүгдийг зангидаж, суурь шалтгааныг нь засахгүйгээр байдал өөрчлөгдөхгүй. Ийм төрлийн хэрэг гарсаар байх болно. Тиймээс Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний жанжин штаб хамтарч цэргийн анги нэгтгэлүүддээ соёл, хүмүүжлийн кампанит ажлыг дорвитойхон шиг зохион байгуулах шаардлагатай болжээ. Бас анги болгонд сэтгэл зүйч ажиллуулах, архи уусан цэргийн дарга нарыг өршөөлгүйгээр халдаг болох зэрэг шат дараалсан олон ажил хийхийг бодит байдал шаардаж байна. Мөн сүүлийн үед маш их яригдаад байгаа дарга  нь цэргүүдээсээ мөнгө татдаг асуудлыг ч хууль хяналтын байгууллагуудтай хамтран яаралтай шалгах хэрэгтэй болжээ.

"Цэрэгтэй дүрмийн бус харьцсан тохиолдлыг таслан зогсоосон. Архи уусан тохиолдолд үндсэн ажлаас нь чөлөөлдөг, өшиглөсөн, цохисон тохиолдолд ажлаас нь халах дүрэм мөрдөгдөөд 10 жил болж байна" гэж мэргэжилтнүүд хариулж байгаа ч бодит байдал үүнээс өөр байгааг дээр дурдсан жишээнүүд харуулж байна.

Гэхдээ энэ асуудлыг өөр өнцгөөс харах нэгэн ч бий. Зэвсэгт хүчний жанжин штабын дарга, хошууч генерал Д.Ганзориг УИХ-ын Хүний эрхийн дэд хорооны хурал дээр “Зэвсэгт хүчинд ирж байгаа хугацаат цэргийн албан хаагчид нийгмийн янз бүрийн давхаргаас, ялангуяа хамгийн амьдрал хүнд газраас ирж байна. Энэ бүх хүмүүстэй жилийн хугацаанд ажиллаад, төлөвшүүлээд явуулахад хүндрэлтэй” гэж хэлсэн нь олон мянган хүний шүүмжлэлтэй тулгарсан билээ. Гашуун ч гэсэн генералын үгэнд үнэний хувь байж болох юм. Гэхдээ Д.Ганзориг генерал ч бас цэргийн тангараг өргөсөн гэдгээ санах хэрэгтэй. Элдэв тайлбар хэлэх эрхгүй, цэргүүдийг тангаргаа биелүүлэх орчныг нь бүрдүүлэх үүрэгтэй хүн.

Арми бол хүүхдийн тоглоомын газар биш, цэрэг нь алдаа гаргавал шууд утгаараа буруугүй байсан ч том дарга нь хариуцлага хүлээдэг тийм хатуу дэг журам үйлчилдэг газар. Монголын нийгэм ядуу байгаа, үүнийг дагаад янз бүрийн хүмүүжилтэй залуус цэрэгт ирж байгаа, бас ёс суртахууны дутагдалтай цэргийн дарга нар ч олон байна. Толгойд нь ёс суртахуун суулгахгүй бол гартаа буу барьсан зэрлэгүүд улам олширсоор байна.  Тиймээс л соён гэгээрүүлэх ажил маш чухал гэж онцлон хэлээд байгаа хэрэг.

Өнөө цагт зэвсэг бариад тулалдахаас илүүтэй ёс суртахуунтай, хүмүүжилтэй, өргөсөн тангарагтаа үнэнч байх тийм цэрэг, офицеруудыг бэлдэх нь армийн дарга нарын үүрэг боллоо. Эцсийн дүнд цэрэг нь цэрэг шиг, дарга нь дарга шиг байж өргөсөн тангаргаа үнэнчээр биелүүлдэг болбол Монголын зэвсэгт хүчний жинхэнэ утга учир оршино. Ядаж л нэгнээ зодож дарамтлан шившгээ таримааргүй байна.

Дарга нь цэргүүдээ дарамтлах, дүрмийн бусаар харьцах тохиолдол жилд хэд хэд гардаг бол цэргүүд нь дарга нар руугаа дайрсан, тэрсэлсэн тохиолдол тун цөөн байдаг юм байна. Тодруулбал, одоогоос 12 жилийн өмнө өнгөрсөн долоо хоногт болсон үйл явдалтай тун төстэй үйл явдал болж байжээ. Хэргийг тодруулбал,  2009 онд Дорноговь аймгийн хилийн цэргийн 0129 дүгээр ангид алба хааж байсан О, Т, Л, Э нар нь унтаж байсан харуулын дарга болон заставын орлогч Б, гэрээт хилчин Б нарыг буудаж хөнөөгөөд зугтсан хэрэг гарсан. Цэргүүдийн араас цагдаа, тагнуулын байгууллагын хамтарсан баг мөрдөж, Сайншандаас холгүй Алагийн толгой гэдэг газар саатуулсан юм. Эрэн хайх баг цэргүүдтэй гурван цаг орчим хэлэлцээр хийсний дараа ямар нэгэн эрсдэлгүйгээр цэргүүдийг баривчилж байв. Мөн цэргүүдийг 25 жилийн хорих ялаар шийтгэсэн.

Дарга нар нь энэ төрлийн тохиолдлыг ядуу айлын хүүхдийг хүмүүжүүлж чадахгүй байна, тэдэнд л асуудал байсан гэж тайлбарладаг. Гэхдээ дээрх цэргүүд хэвийн сэтгэл зүйтэй залуус байсныг тухайн ангийн сэтгэл зүйч нар нотолсон нь энэ хариулт дарга нарын өөрсдийгөө хаацайлсан хариулт гэдгийг гэрчилж байгаа юм. Тиймээс цэрэг, дарга, офицер нарыг,  цэргийн анги нэгтгэлүүдэд соёл, хүмүүжлийн кампанит ажлыг дорвитойхон шиг зохион байгуулах шаардлагатай байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
21
ЗөвЗөв
7
ХарамсалтайХарамсалтай
5
ТэнэглэлТэнэглэл
2
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж