Европ, Дундад Азийн ачааны "шуудайны ам" дээр буй ард түмэн

Хуучирсан мэдээ: 2022.11.25-нд нийтлэгдсэн

Европ, Дундад Азийн ачааны "шуудайны ам" дээр буй ард түмэн

Европ, Дундад Азийн ачааны "шуудайны ам" дээр буй ард түмэн

Мал аж ахуйн орон Монгол Улсад малын эзэн үйлдвэрийн эзэн болж, чинээлэг сайхан амьдрах боломж хангалттай бий. Ялангуяа Монголын баруун өмнөд хэсэгт орших Алтай нутгийнханд орон нутагтаа хөдөө аж ахуйн гаралтай түүхий эдээ боловсруулан, нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн бий болгож, малчдын орлогыг нэмэгдүүлэх боломж нээлттэй байна. Энэ л зорилгоор ноос, ноолуур угаах, арьс шир, мах махан болон сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэх үйлдвэрүүд байгуулах шаардлага нэн тэргүүнд тавигдах болжээ.

300 ЯМААНЫ НООЛУУРААС 49 САЯ ТӨГРӨГ ОЛОХ БОЛОМЖ

Говь-Алтай аймгийн Засаг дарга О.Амгаланбаатарын санаачлагаар Алтай хотноо энэ сарын 19-ний өдөр болсон "Алтайн хөгжил, шийдэл, гарц" уулзалтад оролцсон 3000 малчин дээрх зорилгын төлөө санаа бодлоо солилцож, боломж, гарц гаргалгааг эрэлхийлэв.

Малын гаралтай түүхий эдийн үнэгүйдэл малчдын санааг хамгийн ихээр зовоосон, шийдэл хүлээсэн асуудал болжээ. Мөн өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнийн огцом өсөлт малчдын амьжиргаанд ихээхэн нөлөөлж, түүнийг мал сүргээ өсгөж давах сорилт тулгарч. Таван жилийн өмнө 500 малтай болоод байсан малчин өрх өнөөдөр 1000 малтай чүү чамай амьдралаа залгуулж буй аж. Малаа өсгөхийн зэрэгцээ бэлчээрийн хомсдол, ган, зуд гэх мэт эрсдэлүүд малчдыг тойроогүйг төвөггүйхэн ойлгож болно.

Малын түүхий эдийг боловсруулах үйлдвэр барихдаа эдийн засгийн асуудлаа малчид хамтран шийдэж, өөрсдөө компанийн хувьцаа эзэмшин, үнэгүйдэн жалганд хаягдаж буй малын түүхий эдийг орлогын эх үүсвэрээ болгох боломж бийг тус аймгийн удирдлага олж харжээ.

Говь-Алтайн дотоодын нийт бүтээгдэхүүний 54.3 хувийг хөдөө аж ахуйн салбар дангаараа эзэлдэг бөгөөд нийт бүтээгдэхүүний дийлэнх хувь нь ямааны ноолуур.

Тус аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга Т.Сүхбаатар хэлэхдээ "Сүүлийн хоёр жилийн статистик тоог авч үзэхэд, Говь-Алтай аймгийн хэмжээнд ямааны нэг кг ноолуур 90-110 мянган төгрөгийн хооронд хэлбэлзэж байна. Энэ нь ноолуурын үнэ өсч байгаа мэт харагдах боловч бараа, бүтээгдэхүүний үнэ нэмэгдэж байгаа учраас дагаад ноолуур худалдан авах чадвар буурч байна” гэв.

Говь-Алтай аймаг дунджаар 1.8 сая ямаанаас 700 гаруй тонн ноолуур самнадаг байна. Ноолуурыг боловсруулж буюу угаахад 68-70 хувийн гарцтай байдаг аж. Өөрөөр хэлбэл, нэг кг ноолуур угаахад ойролцоогоор 700 грамм болно гэсэн үг. Үүний зах зээлийн үнэ 160.000 байна.

Ноолуурын нэг шугам 100 мянган ам.доллар буюу 350 орчим сая төгрөг, самнадаг нэг машин 10 мянган ам.долларын үнэтэй.

Малчид ноолуураа өөрсдөө боловсруулснаар ихээхэн ашиг хүртэх боломж нээлттэй байна. Тухайлбал, цамцаар жишээ татахад, нэг кг ноолуур 468 мянган төгрөг болох боломжтой аж.

“300 ямаатай өрх 105 кг гаруй ноолуур самнах боломжтой. Уг ноолуураа зах зээлийн үнэ буюу 90 мянган төгрөгөөр худалдвал есөн сая төгрөг болно. Харин малчид өөрсдөө боловсруулж угаавал 16 сая төгрөг, самнавал 22 сая, утсаа ээрвэл 24 сая, цаашлаад бэлэн бүтээгдэхүүн болговол 49 сая төгрөг олох бүрэн боломжтой” гэж Засаг дарга О.Амгаланбаатар хэлсэн. Мөн тэрбээр “Дэлхийн хүн төрөлхтөний түүх нийлж нягтрах, хамтрахын түүх байдаг” гээд, монголчууд бид сайхан амьдрах боломжоо ашиглаж чадахгүй өнөөдөртэй золгосныг онцлов.

АЛТАЙЧУУДЫН ДЭЛХИЙД ГАРАХ ГАРЦ – НАРАНСЭВСТЭЙН БООМТ

Малчид нэгдэж, хамтраад, боломж бүрийг алдахгүй байх нь юу юунаас чухал юм. Говь-Алтайнхны хувьд Азиас Европ хүрдэг Торгоны замын боломж бий ажээ. Аймгийн Засаг дарга О.Амгаланбаатар “Номхон далайг Атлантын далайтай холбосон төмөр зам, 2000 жилийн түүхтэй Торгоны зам Говь-Алтай аймгийн хилд хамгийн ойр цэгийг дайран өнгөрдөг. Хилээс ердөө 60-хан километрт. Мах, гурил, өмсөх хувцас, идэх хоолоос бусдыг Европоос, мөн далайгаар дамжуулан авчраад, Эрээнээс Улаанбаатарт, Улаанбаатараас Говь-Алтайд хүргэдэг. Бид Европ, Дундад Азиас ирж буй ачааны "шуудайны ам" дээр байгаа ард түмэн” гэж хэлэв.

Нарансэвстэйн боомтыг нээснээр Говь-Алтай аймаг гадаад зах зээлд хамгийн ойр байж, бусад аймгуудаас илүү хөгжих боломжтой.

Тэрбээр ийнхүү онцлоод, “Аливаа улс гүрэн хүчирхэг, чинээлэг байхын тулд дотоодын үйлдвэрлэлээ дэмжиж, экспортод гаргаж, мөнгө олдог. Эрдэнэ сумын малчин н.Алтансүх илтгэл тавихдаа Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумаас авсан малын толгойнуудыг Улаанбаатарт боловсруулаад, Эрээнээр гаргаж, Торгоны замаар Дундад Ази буюу Иранд аваачиж байна. Бид энэ хооронд Улаанбаатар хүртэл 2800 км зам тойрч байгаа юм. Говь-Алтайгаас тооцвол 3800 км. Миний хувьд бидний дэлхийд гарах гарц бол Нарансэвстэйн боомт. Улсын хилээс 500 метр өргөнтэй коридорыг тусгай хамгаалалтаас гаргаж, энэ дагуу 250 км авто зам барьснаар Нарансэвстэйн боомтын асуудлыг шийдэх боломжтой" гэв.

Алтайнхны хувьд Дундад Ази болон Европтой холбогдох хамгийн дөт замын хажууд буй юм. Нарансэвстэй боомт 1993 онд хаагдсанаас хойш уг боомтын талаар хэн ч идэвхтэй санаачлага гаргаж ажиллаагүй байна. Тус боомтын хаагдсан шалтгаан энэ нутаг дэвсгэр мазаалайн гол нутагладаг газар болох цагаан дэрс, шар хулс зэрэг баянбүрдүүд байдагтай холбоотой аж. Бизнес эрхлэгчид уг говийн дархан цаазат газраар дамжиж боомт дээр ирж байсан учраас байгаль орчны болон бусад байгууллагуудаас гаргасан хүсэлтээр Засгийн газраас тус боомтыг хаажээ.

Засаг дарга О.Амгаланбаатар өмнө нь “Өнөөдөр уг нөхцөл байдлыг арилгаж, баянбүрдийг дайрахгүйгээр,  Баянхонгор аймаг буюу  Шивээхүрэн, Бургастай боомтын чиглэлд хилийн зурвас дагуу замын асуудлыг шийдээд нээх боломжтой. Монголын хувьд хойшоо буюу Цагааннуур, Боршоо зэрэг боомтуудтай холбож чадвал хамгийн дөт транзит гарц гарч болно. Энэ бүхнийг нөхөх боломжтой, хэд дахин илүү гарц гаргалгааг нээх боомт бол Нарансэвстэй юм” гэж үзэл бодлоо илэрхийлж байв.

НЭГ МАЛЧИН ӨРХ 50-100 МАЛААР НИЙЛЖ, АЖЛАА ЭХЛҮҮЛЭХ ГАРГАЛГАА

Малчид нэгдэж, түншилж орон нутагтаа хувьцаат компани байгуулж, малын түүхий эдээ боловсруулах нь Монголын хөдөө аж ахуйн салбарт эргэлт, хувьсгал, өөрчлөлт болох юм. Зөвлөгөөнд оролцсон малчид 99 хувийн саналтайгаар үйлдвэртэй болохыг дэмжив. Нэг малчин өрх 50-100 малаар нийлээд, ажлаа эхлүүлэхийг малчдын 40-50 хувь нь дэмжиж байгаагаа илэрхийлсэн. Эхний ээлжид ямар үйлдвэр баривал ашиг авчирч, ногдол ашиг хүртэх вэ гэсэн тооцоо судалгаагаа эрдэмтдийн багтай гаргахаар тохиров.

Сум бүрийн бүх багаас нэг хүний төлөөлөл бүхий 88 хүний ажлын хэсэг байгуулсан. Энэ нь Говь-Алтай аймгийн нийт 8000 гаруй мянган малчны 10 гаруй мянган залуус гэсэн үг. Малчдын хамтарч байгуулах үйлдвэр ашиглалтад орсноор бэлчээрийн даац, ажлын байр, малчдын орлогыг цогцоор шийдэх нөхцөл бүрдэнэ гэж үзжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
2
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж