Covid-19 цар тахлын нөлөөгөөр эдийн засаг хүндэрч, бүсээ чангалах шаардлага тулгарсан энэ хүнд цагт Засгийн газар төрд ажилладаг тэтгэврийн насанд хүрсэн ахмад настнуудад 36 сарын цалинтай нь тэнцэх нэг удаагийн тэтгэмжийг нь олгоод чөлөөнд нь суулгаж, давхардсан орон тоогоо багасган, татвар төлөгчдийн нуруунд үүрүүлж ирсэн ачааг хөнгөлж өгнө үү!
Дотоодод цар тахал алдагдан, хөл хорио тогтоосон цаг үеэс хувийн хэвшлүүдийн дийлэнх нь ажиллах боломжгүй болсноор банк, банк бус санхүүгийн байгууллагаас авсан зээл, түрээсийн төлбөрөө барагдуулж чадахгүйд хүрч, эхнээсээ дампуурлаа зарлан, татвар төлөх хүрээ хязгаар хумигдаад байна.
Монгол Улсын хэмжээнд жилдээ нийгмийн даатгалын сангаас 20 гаруй мянган хүн тэтгэвэр тогтоолгодог бөгөөд 2000 орчим нь төрийн албаныхан аж.
Уг нь төрийн албанаас дээрх тооноос ч олон хүн тэтгэвэрт гарах боломжтой ч үргэлжлүүлэн ажиллах хүсэлт гаргаад гэртээ суухыг хүсдэггүй гэх.
Хүчин төгөлдөр үйлчилж байгаа Хөдөлмөрийн хуулиар 2018 оноос эхлэн хүсэлт гаргавал тэтгэвэрт гарах насыг жил бүр зургаан сараар сунгаж, тооцдог болсон. Тодруулж хэлбэл, төрүүлсэн хүүхдийнхээ тооноос хамаарч эмэгтэй 50, 55 нас хүрээд, эрэгтэй 60 нас хүрээд тэтгэврээ тогтоолгох эрх зүйн харилцаа үүсдэг байсан бол дээрх хуулийн үйлчлэлээр 2027 он гэхэд эмэгтэй 60, эрэгтэй 65 насандаа тэтгэвэр тогтоолгохоор болсон.
Харин энэ онд тэтгэврээ тогтоолгох эмэгтэйчүүдийн хувьд төрүүлсэн хүүхдийн тооноос хамаарч 52, 57 нас хүрээд, эрэгтэй нь 62 нас хүрснээр тэтгэврээ тогтоолгох эрх зүйн харилцаа үүсч буй.
Гэвч энэхүү насны босгыг давсан хүмүүс төрийн албанд олон байгаа ч авах цалин нь ахиу гэж боддог уу, аль эсвэл зүгээрийг хийж суугаад цалин авах нь илүү ашигтай тусдаг уу эрх мэдэл, танил тал, ар өврийн хаалга ашиглан төрд шигдсээр…
Ийм хүмүүс нь ихэвчлэн дарга даамлууд. Дарга даамлууд төрд алба хашихын нэг давуу тал нь хүүхдээ үнэ төлбөргүй гадаадад сургах, байрны хөнгөлөлт эдлэх, албаны машин унах зэрэг олон талын хөнгөлөлт эдэлдэг.
Зарим нь бүр дээшээ хов зөөж, хор найруулан, тендер, лиценз зохицуулж, хувь аван тэрбумтан болсон нь бий.
Насаараа шахам компанийн захирал хийсэн хүн гүрийж, гүрийж гурван өрөө байртай болсон байдаг бол төрийн албанд насаараа ажилласан сарын сая гаруй төгрөгийн цалин авдаг албан тушаалтнууд дунд хадгаламжиндаа тэрбум төгрөгтэй, хэд, хэдэн орон сууцтай, зусланд өндөр үнэтэй хаустай, том, том хаш хөөрөг барьсан дарга даамлууд олон бий.
Хувьдаа компанитай захирлаас ч тансаг амьдарч буйгаа “Төрийн буян” гэж хэлдэг.
Үнэндээ ч төрд ажиллахын буян их юм хойно доо. Наад зах нь тэтгэвэртээ суух болоход гурван жилийн цалингийн дунджаар нэг удаагийн тэтгэлэг авна. Цэцэрлэгийн эрхлэгч тэтгэвэртээ сууж, энэхүү тэтгэлэг авахад 40 орчим сая төгрөг, харин Улсын дээд шүүхийн шүүгч 100 гаруй сая төгрөгийн нэг удаагийн тэтгэлэг авдаг. Гэвч энэхүү тэтгэлгээс илүүтэй ажлаа хийж байхыг илүүд үздэг нь түүнээс илүү унацтай юм болов уу.
Хамгийн гол нь тэд хийж бүтээх залууст тээг тавина, санаачлага гаргахад нь дэмжихгүй, төрийн албаар үйлчлүүлэгсдэд ч хүнд суртал гаргана, хамт ажиллагсдаа дарамтална, боомилно. Нэг үгээр хэлбэл, ахмад нь залуу үеэ сургаж, хойч үеэ бэлддэг гэх яриа өнөөдөр төрийн албанд "домог" болсон гэхэд үнэнээс хол зөрөхгүй.
Дээр нь улс төрийн алба хашиж байгаа нэрээр тэтгэврийн насны босгыг хэдийнэ давсан улстөрчид мэдлэг, чадвартай залууст зайгаа тавьж өгөх сонирхолгүй, зөвлөх, Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн нэрээр алба хашин, давхар, давхар цалин авна.
Хэний бүлэглэл, фракц хүчтэй байна түүнд ая тал засч, хамгийн их өндөр цалин, хангамжтай газар барааддаг.
Худлаа гэвэл МАН Засгийн эрх барьсан цагаас хэн, хэн ямар суудалд очсоныг эргээд нэг санаарай.
Ерөнхийлөгч асан Н.Багабанди "Оюутолгой" ХХК-ийн Монголын талыг төлөөлсөн ТУЗ-ийн гишүүн бол УИХ-ын дарга асан Д.Дэмбэрэл “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн ТУЗ-ийн гишүүнээр ажиллаж байгаад чөлөөлөгдөж одоо Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын даргын орон тооны бус зөвлөх, Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн даатгуулагчийг төлөөлсөн гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд асан Ц.Нямдорж Ерөнхий сайдын зөвлөх, УИХ-ын гишүүн асан Д.Лүндээжанцан УИХ-ын даргын зөвлөх болсон гээд хөвөрч өгнө.
Дипломат алба ч тэтгэвэртээ гарсан өвөө нарын цаг нөгцөөдөг алба болсон гэдэгтэй маргах хүн гарахгүй биз.
Гадаадын нэр хүндтэй сургуульд суралцан төгссөн залуус нь өгөх авлига, татуулах эрх мэдэлтэй албан тушаалтан байхгүйгээс гудамжинд шогшиж явахад нам дагасан албан тушаалтнууд нь чадвартай, мэдлэгтэй хүмүүсийг төрд ашиглах боломж нөхцөлийг хаан, алба хашдаг энэхүү гажиг тогтолцоог уг нь Covid-19 цар тахлын үед залруулж, төрийн албанд цус сэлбэж, апдэйт хийх бололцоо бий.
Дээр нь дэд сайд зэрэг давхардсан албан тушаалыг цомхотгоод өгвөл төрийн нүсэр зардал багасна. Мөн төрийнхөн том, том жип машин хөлөглөж, жолооч нарыг татвар төлөгчдийн мөнгөөр цалинжуулж, зардал өсгөдөг. Аж ахуй нэгжтэй гэрээ байгуулан, захиалга өгөн үйлчилгээ авдаг болчихвол татвар төлөгчдийн мөнгөөр жолооч цалинжуулахгүй, автомашинд зарцуулах шатахуун, тослох материалын зардал буурч, сэлбэг хэрэгсэл худалдан авах шаардлага ч гарахгүй, авгай хүүхдээ албаны машинаар зөөлөө гэдэг хэл аманд ч орохгүй болно. Тэр хэрээр төсвийн зарцуулалт зөв болж, хувийн хэвшилд ирэх ачаалал ч буурах боломжтой ч уг арга хэмжээг авалгүй өдийг хүргэсэн. Гэхдээ өнөөдөр байдал амаргүй үед хэрэгжүүлье гэвэл шийдвэр гаргахад л хангалттай шүү дээ.
Г.ХОРОЛ
Холбоотой мэдээ