Улаанбаатар хотноо маргааш нээлтээ хийх "Ulaanbaatar 2015" туялзуур сэлэмний залуучуудын Азийн аварга шалгаруулах тэмцээний ээлжит хэвлэлийн хурал өнөөдөр “Шангри-Ла” зочид буудалд боллоо.
Хэвлэлийн бага хуралд Азийн туялзуур сэлэмний холбооны ерөнхийлөгч Челсо Дэйрит, Олон Улсын Туялзуур сэлэмний холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Фредерик Пиетрушка, Монголын туялзуур сэлэмний холбооны ерөнхийлөгч Ц.Даваацэрэн, Монголын туялзуур сэлэмний холбооны дэд ерөнхийлөгч П.Баярмагнай, Монголын туялзуур сэлэмний холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Б.Хосбаяр нар оролцов.
"Ulaanbaatar 2015" туялзуур сэлэмний залуучуудын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн есдүгээр сарын 7-12-ны өдрүүдэд Улаанбаатар хотод болно.
Энэ тэмцээний хүрээнд Улаанбаатар хотноо Азийн туялзуур сэлэмний холбооны 2015 оны Ерөнхий Ассемблей болж байгаа бөгөөд өнөөдөр эхэлсэн тус хуралд Азийн 35 улсын туялзуур сэлэмний холбооны ерөнхийлөгч, ерөнхий нарийн бичгийн дарга болон хүндэт зочид оролцож байна.
Залуучуудын ААШТ-д тэмцээнд Монгол улсаас анх удаа бүтэн баг буюу туялзуур сэлэмний 3 төрөл болох epee, foil, sabre төрөлд 15 тамирчин, 4 дасгалжуулагчийн хамт оролцож байгаа юм.
"Ulaanbaatar 2015" туялзуур сэлэмний залуучуудын Азийн аварга шалгаруулах тэмцээнийг үзэхэд үнэ төлбөргүй тул нийт ард иргэд, спорт сонирхогч та бүхэн есдүгээр сарын 7-12-ны өдөр “Буянт-Ухаа” спорт цогцолборыг зорин, Ази, Номхон далайн орнуудын 34 улсын 210 сэлэмчний тулааныг үзэж, Монголынхоо баг тамирчдыг дэмжээрэй.
Тэмцээний өдрүүд УДЭТ-аас “Буянт-Ухаа” спорт цогцолбор чиглэлд шугамын автобус өглөөний 09 цагаас эхлэн цаг тутам үнэ төлбөргүй явах болно.