"Саарал жагсаалтад орох харамсах зүйл биш, харин ч маш том боломж"

Хуучирсан мэдээ: 2019.10.17-нд нийтлэгдсэн

Саарал жагсаалт

"Саарал жагсаалтад орох харамсах зүйл биш, харин ч маш том боломж"

"Саарал жагсаалтад орох харамсах зүйл биш, харин ч маш том боломж"

“Парис хотод болж буй ФАТФ-ын жилийн хурлын албан ёсны шийдвэр хараахан гараагүй, Монгол Улс хийсэн ажлаараа ФАТФ-ын саарал жагсаалтад орохооргүй байгаа” гэдгийг Монголбанкны дэд ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн өчигдөр /2019.10.16/ мэдэгдсэн. Харин зарим улстөрч болон эх сурвалжуудын хэлж байгаагаар Монгол Улс саарал жагсаалтад ороход хоёр хүчин зүйлс нөлөөлсөн. Тодруулбал, УИХ-аас Эдийн засгийн өршөөлийн хуулийг баталж, 34 их наядын хөрөнгө гаргаж ирсэн. Далд эдийн засгаасаа хоёр дахин их мөнгө гаргасан нь мөнгө угаалт. Хоёр дахь шалтгаан нь зарим банкуудын өөрийн хөрөнгөө нэмэгдүүлсэн байдлыг Засгийн газар нь шалга гэсээр байхад Төв банк буюу Монголбанк нь шалгаагүй. Энэ хоёр шалтгаан саарал жагсаалтад ороход нөлөөлсөн гэдгийг хэлж байгаа юм.

Монгол Улс саарал жагсаалтад орвол бидэнд ямар эрсдэл тулгарах талаар эдийн засагч Д.Ангартай ярилцлаа.


Хэрэв саарал жагсаалтад орвол манай улсын банк санхүүгийн салбарт ямар эрсдэл үүсэх вэ?

-Саарал жагсаалтад орно гэдэг нь мэдээж сайн зүйл биш. Гэхдээ харамсаад байх ч зүйл биш. Манай улсын санхүүгийн тогтолцоонд олон улсын байгууллагын өгч байгаа дүн гэж ойлгох хэрэгтэй. Сурагч муу сурвал муу дүнтэй авдагтай адил манай улсын санхүүгийн тогтолцоо болохгүй байгаа учраас тэр дүнгээ л бид авсан гэсэн үг. Нэгэнт муу дүн авбал үүнтэй холбоотой дараа дараагийн эрсдэлүүд гарна. Долларын ханшид нөлөөлөх, гадаадын хөрөнгө оруулалт багасах зэрэг тодорхой эрсдэлүүд үүсэх байх. Саарал жагсаалтад орох нь нэг талаараа хүндрэлүүд авчрах ч гэсэн нөгөө талаараа манай улсын санхүүгийн зах зээлийн гажуудлыг засах маш том боломж гэж харж болно. Бид гажуудалтай санхүүгийн зах зээлээ засалгүйгээр  үндсэндээ 30 жил явлаа.

-Санхүүгийн зах зээлийн гажуудал гэж яг юуг хэлж байна вэ?

-Авлига, хээл хахууль, улстөржилт зэрэг дандаа болж бүтэхгүй бүхэнтэй холбогдоно. Ийм санхүүгийн системтэй улс хол явахгүй гэдэг нь тодорхой байсан. Үүнийгээ бид сүүлийн 30 жил засаагүй учраас олон улсын байгууллага муу дүн тавилаа. Бид санхүүгийн зах зээлийн алдаа, зөрчлөө засчихвал саарал жагсаалтаас гарах боломжтой.

-Саарал жагсаалтад ороход нөлөөлсөн гол шалтгааныг юутай холбон тайлбарлах вэ?

-Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо хоёр муу ажилласных. Үндсэндээ энэ хоёр байгууллага 20 жил ажлаа хийсэнгүй. Нөгөө талаар алт мөнгөний дархад, үл хөдлөх хөрөнгийн худалдаа зэрэг зарим жижиг эрсдэлтэй салбарууд бий. Энэ бүхэн өнөөдрийн нөхцөлд ФАТФ-ын саарал жагсаалтад орох хүчин зүйлс нь биш. Саарал жагсаалтад ороход нөлөөлсөн хамгийн том хүчин зүйл нь арилжааны банкуудын өөрийн хөрөнгөө нэмэгдүүлсэн эх үүсвэрээ тайлбарлаж чадахгүй байсных. ОУВС-тай хөтөлбөрийн хүрээнд банкны системд активын чанарын үнэлгээ хийж, нийт банкны системд 500 орчим тэрбум төгрөгөөр өөрийн хөрөнгийн дутагдал гарсан. Ихэнх банкууд үүргээ биелүүлж, өөрийн хөрөнгөө нэмэгдүүлсэн ч эх үүсвэрээ нотолж чадаагүй, мөнгө угаасан гэдэг нь шууд тодорхой. Мөнгө угаах гэдэг нь эх үүсвэр нь тодорхойгүй, хууль бус мөнгийг далдалж хууль ёсны мэтээр халхавчлан эдийн засгийн эргэлтэд оруулах, хэлбэр дүрсийг хувиргах үйлдэл. Үүнийг нь олж илрүүлж хариуцлага тооцдог механизм манайд байдаггүй. Ийм байхад саарал жагсаалтад орох нь зүйн хэрэг. 500 орчим тэрбум төгрөг их мөнгө шүү дээ.

-Популист улстөрчдийн мэдэгдэл саарал жагсаалтад ороход нөлөөлж байна гэдгийг зарим улстөрч хэлж байгаа?

-Олон улсын санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх байгууллага ФАТФ хүний хэлсэн үгэнд үндэслэж шийдвэр гаргадаг байгууллага биш. Арилжааны банкуудын өөрийн хөрөнгийн дутагдлыг ОУВС илрүүлж, энэ дутагдлаа нөх гэдэг чиглэлийг банкуудад өгсөн. Гэтэл арилжааны банкууд өөрийн хөрөнгөө нэмэгдүүлсэн эх үүсвэрээ тайлбарлаж чадахгүй байгаа нь мөнгө угаасан гэж ойлгохоос өөр аргагүйд хүрнэ. Энэ нь саарал жагсаалтад ороход нөлөөлсөн гол хүчин зүйл болсон гэж харж байна.

-Саарал жагсаалтад орсноор гадаад шилжүүлгийн гүйлгээ хийх боломжгүй болох уу?

-Үгүй. Гадаад гүйлгээ хийгдэнэ. Харин гаднын хөрөнгө оруулалтууд буурна. Гэхдээ энэ нь том асуудал гэж харахгүй байна.

-Иргэдийн санхүүгийн амьдралд сөрөг нөлөө үзүүлэх үү?

-Саарал жагсаалтад орсноор иргэдэд шууд нөлөөлөх нөлөө бага гэж би хувьдаа хэлнэ. Иргэдийн амьдрал урьдынхаараа үргэлжилнэ. Харин санхүүгийн системээ шинэчлэх, бүтцийн өөрчлөлт хийх, алдаа гажуудлаа засах ийм л шаардлагатай.

-ФАТФ-аас муу дүн авбал хариуцлагыг хэн хүлээх вэ?

-Арилжааны банкууд болон Төв банк.

-Саарал жагсаалтаас богино хугацаанд гарах боломжтой юу?

-Мэдээж боломжтой, мөнхийн зүйл биш. Магадгүй жилийн дотор саарал жагсаалтаас гарах боломжтой.

-Богино хугацаанд гарахын тулд авах арга хэмжээ нь юу вэ?

-Мөнгө угаахаа л больчих, тэгээд л бол оо. Авлигын мөнгийг бизнест оруулдгаа болиход саарал жагсаалтаас гарна. Банк, банк бус санхүүгийн байгууллагын санхүүгийн систем тэр чигтээ мөнгө угаалт болчихсон.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
62
ЗөвЗөв
9
ТэнэглэлТэнэглэл
4
ХахаХаха
2
ХарамсалтайХарамсалтай
2
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж