“Дээд шүүхийн шийдвэрийг банкнаас зээл авсан 1 сая хүн хүлээж байна”

Хуучирсан мэдээ: 2022.08.18-нд нийтлэгдсэн

“Дээд шүүхийн шийдвэрийг банкнаас зээл авсан 1 сая хүн хүлээж байна”

“Дээд шүүхийн шийдвэрийг банкнаас зээл авсан 1 сая хүн хүлээж байна”

Эдийн засагч Д.Ангартай цаг үеийн асуудлаар ярилцлаа.


-Арилжааны банкуудын зээл олголтын нэг хувийн шимтгэлийн талаарх таны жиргээ олон нийтэд хүрснээр иргэд олголтын шимтгэлээ буцааж авах нь гэсэн хүлээлттэй байна. Энэ талаар ярилцлагаа эхлүүлье. Арилжааны банкууд нэг хувийн шимтгэл авах нь хэр зохимжтой вэ?

-Арилжааны банк бол зохицуулалттай этгээд. Төрөөс тусгайлан үйл ажиллагааг нь зохицуулдаг. Банкны тухай хууль, банкны зээл хадгаламжийн тусгайлсан хуулиуд байдаг. Энэ хуулийн дагуу үйл ажиллагаа явуулах үүрэгтэй байдаг. Өөрөөр хэлбэл, дээрх үүргийг биелүүлнэ гэж арилжааны банкууд төрөөс лиценз, тусгай зөвшөөрөл авдаг. Уг тусгай зөвшөөрөлд ямар шаардлага байна гэхээр арилжааны банк  зөвхөн хуульд зөвшөөрөгдсөн хэм хэмжээнд үйл ажиллагаа явуулна гэдгээ баталж төрөөс тусгай зөвшөөрөл авдаг гэсэн үг. Түүнээс биш арилжааны банк энгийн компани, аж ахуй нэгжүүдтэй адилхан зохицуулалтгүй этгээд биш юм. Арилжааны банкуудын үйл ажиллагааг хуулиар тусгайлан зохицуулдаг.

-Арилжааны банкууд хуулиас гадуур ажиллаж, өөрсдөө шимтгэл хураамжийг бий болгож, иргэдэд “дарамт” учруулж байсан гэсэн үг үү?

-Арилжааны банкны тухай хуульд хураамж, шимтгэл гэсэн хуулийн гаргалгаа байхгүй юм билээ. Гэтэл банкууд өөрсдөө санаачлаад зээл олгосны шимтгэл, зээл судалсны шимтгэл, зээлийн график өөрчилсний шимтгэл гэх олон төрлийн шимтгэлийг дур мэдэн хуулиас гадуур гаргаж аж ахуй нэгж иргэдээс сүүлийн 10 гаруй жил авсан байгаа юм. Иргэдэд сонголт байгаагүй. Арилжааны банк өөрсдийн давуу байдлаа ашиглан хүчээр зээлийн нөхцөлөө тулгасан асуудал юм л даа. Жишээлбэл, иргэн нэг хувийг төлөхгүй байвал зээлийг нь өгдөггүй. “Зээл судалсны шимтгэлээ өг. Дараа нь зээлийг нь олгоно” гэдэг тулгалтыг банкууд хийж байсан.

Тиймээс иргэд зээл авахын тулд сүүлийн 10 жил зээл олголтын нэг хувийн шимтгэлийг төлөөд иржээ.

10-аад жилийн өмнө ШӨХТГ-аас дээрх чиглэлээр арилжааны банкуудыг шүүхэд өгсөн байдаг. Хуульч биш хүн  ч гэсэн арилжааны банкны тухай хуулийг уншаад үзэхээр банкууд шимтгэл, хураамж авч болно гэсэн үг үсэг байхгүй. Банкууд зөвхөн хүү, нэмэгдүүлсэн хүү авна гэсэн зохицуулалттай. Гэтэл нэмээд шимтгэл, хураамж гэх хуулиас гадуур бүтээгдэхүүн гаргасан байна.

Тэгэхээр 10-аад жилийн өмнө ШӨХТГ-ын шүүхэд гаргасан гомдлыг анхан шатны шүүх, давж заалдах шатны шүүх хүлээж авсан боловч дээд шүүх дээр очоод “уначихдаг” асуудал гарсан.

Сүүлийн 10 жил процесс яаж замхарсныг мэдэхгүй  ч дээд шүүх дээр очоод уг асуудал алга болчихсон. Тухайн үед О.Магнай ШӨХТГ-ын дарга байсан. Дараа нь одоогийн УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан ШӨХТГ-ын дарга байхдаа дээрх асуудлаар шүүхэд өгсөн ч мөн ялгаа байхгүй анхан давах шатны шүүхэд ялаад, дээд шүүх дээр “уначихсан” юм байна лээ. Ингээд тухайн үеийн түүхэн баримтуудыг судаллаа. Тухайлбал, тухайн үеийн ШӨХТГ-ын дарга Т.Аюурсайхан “арилжааны банкууд өөрсдийн төлөөллийг дээд шүүх рүү оруулсан байна. Өмнө нь арилжааны банкуудад ажиллаж байсан, холбоотой шүүгч нар байгаа учраас уг асуудал шийдэгдэхгүй байна” гэж байр сууриа илэрхийлсэн юм билээ. Үүнээс хойш уг асуудал сураггүй болсон. Гэтэл жил орчмын өмнөөс дахиад сөхөгдөж эхэлсэн.

"ДЭЭД ШҮҮХ АСУУДЛЫГ ИЛ ТОД ШИЙДВЭРЛЭХ ХЭРЭГТЭЙ"

-Иргэдийн зүгээс арилжааны банкуудаас шимтгэлээ авахын тулд Дээд шүүхийн шийдвэрийг анхааралтай ажиглаж байна. Энэ талаар та юу хэлэх вэ. Цаашид ямар процесс өрнөхөөр байна бэ?

-Сүүлийн үед өрнөөд буй кейсын тухайд байгууллага биш хувь хүний зүгээс шүүхэд хандсан байсан. Нийтийн эрх ашгийн төлөө бус, зөвхөн “арилжааны банк зээл олголтын шимтгэл надаас зургаан сая төгрөг авсан байна. Хуулиараа банкууд зээл олголтын шимтгэл авах эрхгүй байсан байна. Надаас зургаан сая төгрөг авсан байна. Тиймээс уг мөнгөө буцааж авъя” гэдэг асуудал юм билээ.

Өөрөөр хэлбэл, нийтийн эрх ашгийн төлөө хуулийн фирм нэгдсэн процесс биш нэг этгээд зөвхөн өөрийнхөө банкинд төлсөн зургаан сая төгрөгийн шимтгэлээ авъя гэсэн маргаан өрнөж байгаа.

Тэгэхээр мөн л ялгаагүй, 10 жилийн өмнөхтэй ижил шимтгэл авсан нь зөрчсөн гэж анхан давж заалдах шатны шүүхээс тогтоочихлоо. Одоо Дээд шүүх рүү уг асуудал шилжсэн. Тиймээс Дээд шүүх асуудлыг ил тод шийдвэрлэх хэрэгтэй. Улсын дээд шүүхийн шийдвэрийг миний тооцооллоор ипотекийн зээл төлсөн, банкнаас лизинг авсан, хэрэглээний зээл авсан дор хаяж нэг сая хүн анхааралтай хүлээж байна. Уг асуудалд олон нийт маш их хүлээлттэй, анхаарал хандуулсан байдалтай байгаа.

-Үүнээс гадна ББСБ-ууд хоморгонд өртөх нь ээ гэдгийг та хэлсэн байна лээ. Тэгэхээр Дээд шүүхийн шийдвэрээс хамаарч ББСБ-аас зээл авсан иргэд зээлийн нэг хувийн шимтгэлээ буцаан авах боломж бүрдэх үү?

-Боломжтой. Зохицуулалттай этгээд буюу төрөөс үйл ажиллагааг нь зохицуулдаг банк, ББСБ, үнэт цаасны брокерын компани, даатгалын компаниуд төрөөс зохицуулагч байгууллагатай байдаг. Банкны хувьд Монголбанк үйл ажиллагааг нь хянадаг бол ББСБ, даатгал, үнэт цаасны газруудыг Санхүүгийн зохицуулах хороо үйл ажиллагааг нь хянадаг. Тэгэхээр банк болон, ББСБ-ын зээлийн нэг хуультай юм билээ. Дундаа нэг хуультай учраас банк нэг хувийн зээлийн шимтгэл авах эрхгүй бол банк бус нь мөн ялгаагүй шимтгэл авах эрхгүй. Яахав сүүлийн нэг сарын хугацаанд банкны шимтгэлийн асуудал олон нийтийн дунд “мэдээ” боллоо. Гэхдээ ББСБ нэг их яригдаагүй. Харин санхүүгийн зах зээлд хэрэгжиж буй хуулиудыг судлаад үзвэл банк бус нэг хувийн дуулианаас мултрах боломжгүй юм.

Тиймээс Улсын дээд шүүхийн шийдвэрийн хүлээлт бүр өргөн болж байна. Хэрвээ дээд шүүхийн шийдвэр иргэдийн талд гарах юм бол ББСБ-аас ч гэсэн нэг хувийн зээлийн шимтгэлээ нэхэх эрх үүснэ гэсэн үг юм.

“ГАДААД ВАЛЮТЫН НӨӨЦ ХАНГАЛТТАЙ БАЙГАА ГЭЖ ОЛОН НИЙТИЙГ ТАЙВШРУУЛДГАА БОЛИХ ХЭРЭГТЭЙ"

-Хоёулаа ярилцлагынхаа сэдвийг жаахан өөрчилье. Сүүлийн үед доллар хомсдож, валют арилжааны төвд ханш 3200 төгрөгт хүрч банкууд хязгаарлалттай олгож байна. Үүний эдийн засаг дахь сөрөг талыг  юу гэж харж байна вэ. Яг энэ чиглэлээр Монголбанк ямар арга хэмжээ авах ёстой вэ?

Энэ улсад тодорхой зүйл байхгүй болчихлоо. Монголбанкаас олон нийтэд өгч буй мэдээлэлд  “Монголбанк ажлаа хийчихсэн, зах зээл дээр ямар ч асуудал байхгүй” гэж яриад байдаг. Гэтэл өнөөдөр аж ахуй нэгжүүд маш хүнд байдалд байна. Гадаадаас бараа захидаг, татан авалтаа хийхийн тулд 100 мянган ам.доллар шилжүүлэх шаардлага гардаг. Арилжааны банкууд ам.доллар өгөхгүй байна. 10 сая төгрөгтэй тэнцэх ам.доллар өдөрт өгч байна. 100 мянган ам.доллар гэдэг гадаад төлбөр тооцоонд бага дүн. Гэтэл 100 мянган ам.долларт бараа захиж байгаа аж ахуй нэгж төлбөрөө шилжүүлэхийн тулд ажлын 30 хоног хүлээх гээд байна.

Ийм асуудлыг Монголбанк арилжааны банкаар дамжуулж, иргэд аж ахуй нэгжийн нуруун дээр үүрүүлж байна. Асуудал байгааг ойлгож байгаа. Түүнийгээ олон нийт, арилжааны банкинд хэлэх ёстой.

“Гадаад валютын нөөц хангалттай байгаа” гэх зэргээр олон нийтийг тайвшруулаад байдаг. Яг бодит байдал дээр арилжааны банкууд өдөрт 3000 ам.доллар өгч байна шүү дээ.

"МОНГОЛБАНК АРИЛЖААНЫ БАНКУУДАД ТА НАР ЗЭЭЛ БИТГИЙ ГАРГА ГЭДЭГ МЕССЕЖИЙГ ӨГСӨН"

-Арилжааны банкууд гэснээс сүүлийн хоёр сар шахуу банкууд зээл олголтоо зогсоочихлоо. Нэг ёсондоо зээл олголт зогсч, эдийн засаг дахь цусны эргэлт байхгүй болчихлоо. Цалин, тэтгэвэр, бизнесийн зээл ч олгохгүй байна?

-Их сөрөг талтай. Сүүлийн саруудад арилжааны банкууд бүх төрлийн зээлээ зогсоочихлоо. Бизнесийн зээл ч өгөхгүй байна. Энэ юутай холбоотой гэхээр Монголбанк маш буруу шийдвэр гаргасан. Инфляци өссөн нь яалт ч үгүй бодит үнэн. Инфляцийг бууруулах гээд бодлогын хүүг өсгөсөн.

Өөрөөр хэлбэл Монголбанк “арилжааны банкуудад та нар зээл битгий гарга, харин зээл гаргах гэж байсан мөнгөө төв банкинд өгчих, бид та нарт есөн хувийг төлье” гэдэг мессежийг өгчихсөн.

Үүнээс болоод арилжааны банкууд эрсдэл хүлээж иргэд, аж ахуй нэгжид зээл өгөх сонирхолгүй болчихлоо.  Нөгөө сул мөнгөө төв банкинд есөн хувийн хүүтэйгээр байршуулах нь банкуудад ашигтай. Тэгэхээр банкуудыг буруутгаж болохгүй. Бизнесийн байгууллага учраас аль ашигтай чиглэлд ажиллана. Гэтэл төв банк бол төрийн бодлого байхгүй юу. Нэг үгээр арилжааны банкуудад “та нар иргэдэд битгий зээл өг” гэдэг бодлогыг төр гаргасан. Энэ бол маш буруу.Одоо энэ асуудлыг УИХ яаралтай авч хэлэлцээд, төв банкны асуудлыг ярих хэрэгтэй. Ер нь Монголын эдийн засгийн сүүлийн 30 жилийн байр байдлыг авч үзэхэд Монголын эдийн засгийг хамгийн их хорлож, аж ахуй нэгжийг туйлдуулж, үйлдвэрлэлгүй болгож, гадаад худалдаанд дулдуйдсан эдийн засагтай болгосон этгээд бол Монголбанк юм билээ. Буруу бодлогын арга хэмжээ дандаа авдаг. Инфляцийг бууруулна гээд бодлогын хүүг өсгөдөг. Бодлогын хүү өсөхөөр хадгаламжийн хүү өсдөг. Хадгаламжийн хүү өсөхөөр зээлийн хүү өсдөг. Энэ механизмаар инфляцийг бууруулна гэж Монголбанк бодоод байна. Гэтэл зээлийн хүү өсчихөөр буцаад эдийн засаг руу маш том дарамт авчирдаг. Ямар ч үйлдвэрлэлийн нөхцөл Монголд оршин тогтнох боломжгүй болдог. Төв банкны 30 жилийн бодлого үйлдвэрлэл хөгжих бүх нөхцөлийг хаасан.

Инфляцийг дарах нь Монголбанкны үүрэг гэж муйхарлаад, нэг хувийн асуудлыг шийдэх гээд, нөгөө талд нь 99 хувийн асуудал үүсгэчихдэг.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
21
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж