Хоёр жилийн өмнө буюу 2017 онд Мэргэжлийн хяналтын Ерөнхий газрын Экспорт, импортын хилийн хорио цээрийн хяналтын газрын дарга Э.Аззаяа, Хэлтсийн дарга Н.Баярсайхан нарын байцаагчид улсын хилээр түргэн муудах хүнсний зүйл оруулж ирдэг иргэд, аж ахуйн нэгжүүдийг дарамталж, 700 гаруй сая төгрөгийн авлига авсан гэх хэрэг гарч байлаа.
Энэ бол нотлох баримт хангалттай, үйлдэл дээрээ баригдсан авлигын том хэрэг байлаа. Гэтэл хэргийг мөрдөн байцаалтын шатанд шалгаж байна, яллах дүгнэлттэйгээр прокурорт шилжүүллээ, нэмэлт мөрдөн байцаалтад буцаалаа гэх мэтээр хугацаа хожиж явсаар, анхны шатны шүүхэд очсон ч хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгох шийдвэр гарч байсан. Сануулахад, Улсын Дээд шүүхээс 2016-2018 онд хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон гэмт хэргийн талаар судалгаа хийжээ.Тухайлбал, анхан шатны шүүхүүд эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах, хахууль авах өгөх гэмт хэргүүдийг хэлэлцээд дээрх үндэслэлээр 29 хүнийг цагаатгасан аж.
Үүнээс 10 хүнийг гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй үндэслэлээр, найман хүнийг өршөөл үзүүлэх тухай хуулиар, нэг хүнийг нэмэлт нотлох баримтыг цуглуулах ажиллагааг хийсэн боловч гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдоогүй гэсэн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож, эрүүгийн хариуцлагаас чөлөөлсөн байдаг.
"ЖАСТ"-ЫН Ш.БАТХҮҮГИЙН ХЭРЭГ ШҮҮХЭД ШИЛЖИВ
"Эрдэнэт" үйлдвэрийн 51 хувийг гаднын банкны барьцаанд тавьж, их хэмжээний зээл авсан хэргээр "Жаст"-ын Ш.Батхүүг яллагдагчаар татан шалгаж байгаа билээ. Түүнчлэн "Жаст"-ын Ш.Батхүүгийн "Стандарт" банкнаас 2009-2012 оны хооронд авсан нийт 160.1 сая ам.долларын зээлд "Эрдэнэт" үйлдвэрийг баталгаа гаргасан гэж үздэг.
Тухайлбал, “Жаст групп” ХХК-ийн захирал Ш.Батхүү нарт холбогдох хэргийн мөрдөн шалгах ажиллагааг дуусгаж 2019 оны нэгдүгээр сарын 7-ны өдөр шүүхэд шилжүүлэх саналтайгаар НПГ-т шилжүүлсэн. НПГ-аас 2019 оны нэгдүгээр сарын 14-ний өдөр Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн. ХУД-ийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2019 оны гуравдугаар сарын 5-ны өдөр хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасныг НПГ-аас эс зөвшөөрч эсэргүүцэл бичсэнийг Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх 2019 оны тавдугаар сарын 30-ны өдөр хэлэлцээд эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн. Давж заалдах шатны шүүхийн магадлалыг албажуулан 2019 оны зургаадугаар сарын 18-ны өдөр НПГ-т ирүүлсэн. Ш.Батхүү нь 2019 оны долдугаар сарын 10-ны өдөр Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргасныг хүлээн аваад 2019 оны наймдугаар сарын 17-ны өдөр шүүхэд хүргүүлсэн байна.
Б.ГАРАМГАЙБААТАРТ ХОЛБОГДОХ ХЭРГИЙГ ХЭРЭГСЭХГҮЙ БОЛГОЖЭЭ
УИХ-ын гишүүн асан Б.Гарамгайбаатарт холбогдох эрүүгийн хэргийг 2018 оны есдүгээр сард шүүхэд шилжүүлэх саналтайгаар шилжүүлсэн ч хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болгожээ. Эрүүгийн зарим хэргүүд ч энэ мэтээр хэрэгсэхгүй болох магадлалтай талаар АТГ-аас мэдээллээ.
Н.Батбаярын хувьд АН эрх барих үед Эдийн засгийн хөгжлийн сайдаар ажиллаж, “Чингис”, "Самурай” бондын мөнгийг захиран зарцуулахдаа албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэх хэрэгт буруутгагдан шалгагдсан юм. Харин Б.Гарамгайбаатарын хувьд бондын мөнгөнөөс их хэмжээний зээл авч өөрийн компани руугаа оруулсан, зээлээ эргэн төлөөгүй гэсэн хэрэгт холбогдсон юм.
Р.ОНОНД ХОЛБОГДОХ ХЭРГИЙН ХӨӨН ХЭЛЭЛЦЭХ ХУГАЦАА ДУУСЧЭЭ
Зам тээврийн яамны газрын дарга Р.Ононд холбогдох хэрэг Эрүүгийн хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болжээ. Гэхдээ прокурорын байгууллагатай хамтран Авлигын эсрэг хуулийг үндэслэн шүүхэд хүсэлт гаргасаны үр дүнд Р.Ононгийн үндэслэлгүйгээр хөрөнгөжин эзэмшиж байсан 644 сая төгрөгийн үнэлгээтэй орон сууцыг улсын орлого болгох шийдвэрийг шүүхээс гаргасан байна.
Тодруулбал, Зам тээврийн хөгжлийн яамны Авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын даргаар ажиллаж байсан Р.Ононг нийтийн алба хаших үедээ хууль ёсны орлогоос гадна онц их хэмжээний эд хөрөнгө, орлого олж, хууль бусаар хөрөнгөжсөн гэмт хэрэгт холбогдуулан мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байсан билээ.
Ингэхдээ одоогоос гурван жилийн өмнө АТГ-аас Р.Ононыг Эрүүгийн хуулийн 270 дугаар зүйлийн 270.2-т зааснаар яллагдагчаар татсан байдаг. Энэхүү хуулийн заалт нь нийтийн албан тушаалтан хууль ёсны орлогоосоо гадна онц их хэмжээгээр эд хөрөнгө, орлого олсон нь тогтоогдсон бол тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг таваас дээш арван жил хүртэл хугацаагаар хасаж, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр зуун тавин нэгээс таван зуу дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл гурваас дээш найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заажээ.
Э.АРИУН
Холбоотой мэдээ