Ерөнхийлөгч Х.Баттулга Цэргийн ёслолын жагсаалын нээлтэд оролцож, үг хэллээ

Хуучирсан мэдээ: 2019.07.10-нд нийтлэгдсэн

Ерөнхийлөгч Х.Баттулга Цэргийн ёслолын жагсаалын нээлтэд оролцож, үг хэллээ

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Х.Баттулга өнөөдөр тохиож буй Монгол Улсын Төрийн далбааны өдөрт зориулсан цэргийн ёслолын жагсаалыг нээж үг хэллээ.

Төрийн далбааны өдөрт зориулсан цэргийн ёслолын жагсаалын нээлтийн ёслолд Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Х.Баттулга, УИХ-ын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Засгийн газар, УИХ-ын гишүүд, Зэвсэгт хүчний жанжин штабын удирдлагууд, Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд нар, олон улсын байгууллагын төлөөлөгч, албаны бусад хүмүүс болон иргэд, жуулчид оролцов.

Төрийн далбааны өдрийг Монгол Улсын иргэдэд эх оронч үндэсний үзэл, хүмүүжил төлөвшүүлэх зорилгоор жил бүрийн долдугаар сарын 10-нд тэмдэглэж байхаар болсон бөгөөд 2009 оноос Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар баярын энэхүү өдөр Улаанбаатар цэргийн хүрээний нэгтгэл, ангиуд цэргийн ёслолын жагсаал хийдэг уламжлалтай болсон юм.

МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН ДАЛБААНЫ ӨДӨРТ ЗОРИУЛСАН ЦЭРГИЙН ЁСЛОЛЫН ЖАГСААЛЫГ НЭЭЖ
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГА:

“Монголчууд аа,

Цэрэг эрс ээ,

Төрт ёсны их баяр цэнгэл Үндэсний баяр наадмын өмнө Төрийн далбааны өдрийг тэмдэглэдэг уламжлал үргэлжилж байна.

Дээр цэлийх Мөнх хөх тэнгэрт Монголын далбаа ашид үүрд намиран байхыг бэлгэдэн монголчууд бид энэ өдрийг баяр бахдал дүүрэн тэмдэглэн өнгөрүүлэх учиртай билээ.

Монгол бидний хувьд туг сүлд нь эртнээс нааш эр цэргийнх нь сүр хүч, элгэн түмнийх нь эв нэгдэл, эрхэмсэг төрийнх нь шударгуу ёс, тусгаар байдлынх нь бэлгэ тэмдэг байлаа.

Орчин цагийн хэлбэр, агуулгатай төрийн далбааг 1911 онд Богд хаан “Олон улсын дор цөм өөр өөрийн далбаа буй, бидний Монгол болбоос өөрөө эзэрхэг эрх хэмжээ бүхийг илэрхийлбэл зохимой” хэмээн зарлиг гаргаснаар бий болгожээ.

Хожим нь 1945 оны 7 дугаар сарын 10-ны өдөр маршал Хорлоогийн Чойбалсан БНМАУ-ын Бага Хурлын Тэргүүлэгчдийн 43 дугаар хурал дээр “БНМАУ-ын төрийн далбааны маяг, найрууллын тухай” хуулийн заалтыг шинэчлэн найруулахаар тогтсон нь Төрийн далбааны өдрийг сонгох сэдэл болсон юм. БНМАУ-ын төрийн далбааны эхийг Төрийн шагналт, Урлагийн гавьяат зүтгэлтэн Д.Чойдог зохиож, энэ үйл явдлыг “Монгол Улс тусгаар тогтносон улс болсноо өндөр цохон тэмдэглэсэн явдал” хэмээн маршал Х.Чойбалсан тодорхойлж байжээ.

1992 оны шинэ Үндсэн хууль болон Төрийн бэлгэ тэмдгийн тухай хуулиар “Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлын бэлгэ тэмдэг нь Төрийн сүлд, туг, далбаа, тамга, дуулал мөн” хэмээн хуульчилж, төрийн яамд, албан газар, Төрийн цэргийн байгууллагууд далбаагаа тогтмол мандуулж, айл өрх, иргэн бүр сүслэн дээдэлж ирсэн юм.

Монгол Улсын Төрийн далбааны энэ өдөр төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын нийт офицер, ахлагч, түрүүч, байлдагч ажилтан алба хаагчид, нийт монголчууддаа халуун мэнд хүргэе.

Монгол бидний хийморь бахдал оршсон Төрийн алтан соёмбот далбаа Мөнх хөх тэнгэртээ мандан бадарсаар байх болтугай.

Дээдсийн сүр сүлд, Мөнх тэнгэр биднийг ивээг.

Ура, нөхөд өө!” гэлээ.

Энэ жилийн цэргийн ёслолын жагсаалд төрийн цэргийн байгууллага болох Зэвсэгт хүчин, Хилийн цэрэг, Дотоодын цэрэг, Онцгой байдлын алба, хууль сахиулах байгууллага болох ЦЕГ, ШШГЕГ, Дотоод хэргийн их сургууль зэрэг найман байгууллагын 2000 гаруй цэргийн алба хаагч, сонсогч, байлдагч оролцлоо.

Эх сурвалж: www.president.mn

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж