“Катар 2020” хөлбөмбөгийн ДАШТ-ий урьдчилсан шатны тоглолтод бэлтгэж буй Монгол Улсын шигшээ баг өчигдрөөс /2019.05.21/ Тайландын Пукет хотод бэлтгэл хийж эхэллээ. Герман мэргэжилтэн Майкл Вайссаар дасгалжуулагчтай Монгол Улсын баг 14 спортын төрлөөр хичээллэх боломжтой “Танянпура спорт цогцолборт”-т 10 өдрийн бэлтгэл хийх юм.
“Талын хөх чононууд” нэртэй Монголын баг өөрийн талбайдаа зургадугаар сарын 6-ны өдөр Бруней улсын шигшээ багтай эхний тоглолтоо хийнэ. Харин хариу тоглолт зургадугаар сарын 11-д Брунейн талбайд болж, хоёр тоглолтын нийлбэрээр дүнгээр тэргүүлсэн баг дараагийн шатанд өрсөлдөх юм.
Дөрвөн жилд нэг удаа болдог хөлбөмбөгийн ДАШТ-ий урьдчилсан шатны эрхийн төлөөх тоглолтод Монголын шигшээ багт шилдэг тамирчид дуудагдсан билээ. Тодруулбал, Зүүн Азийн аварга шалгаруулах тэмцээний нэгдүгээр шатыг давахад түүхэн гоол оруулсан Н.Цэдэнбал, 2014 оны ДАШТ-ий урьдчилсан шатны эрхийн төлөөх тоглолтод Мьянмарын хаалганд гоол оруулсан Х.Цэнд-Аюуш, “Хангарьд” клубийн баруун жигүүрийн хагас хамгаалагч С.Ганхуяг, Үндэсний шигшээ багийн хамгаалагч Б.Даваажав нарын шилдэг тоглогчид багийн бүрэлдэхүүнд багтаад байна.
Холбоотой мэдээ