Бүрэн эрхийн хугацаа нь дуусах дөхөж буй зарим Элчин сайдын томилгоог ойрын хугацаанд Засгийн газар, УИХ-аар хэлэлцэнэ. Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатараас зарим зүйлийг тодрууллаа.
-Гадаад харилцааны яамны ТНБД Д.Даваасүрэн, БОАЖЯ-ны ТНБД Ц.Цэнгэл нарыг чөлөөлж тэднийг Элчин сайдаар томилно гэсэн мэдээлэл байна. Сайдын хувьд та уг асуудалд тайлбар өгнө үү?
-Ийм асуудал байхгүй. Энэ талаар би дуулаагүй. Элчин сайд нарыг томилох асуудлаар судалгаа хийж байгаа. Элчин сайдаар томилогдох хүмүүсийн нэрс дунд манай яамны нэлээн олон хүний нэр бий. Яамандаа ажиллаад Элчин сайдаар явах хугацаа, ээлж нь болчихсон хүмүүс байгаа. Энэ талаарх судалгаа гүйцэт дуусаагүй байна.
-Тус нэрс дунд Гадаад харилцааны яамны ТНБД Д.Даваасүрэн, БОАЖЯ-ны ТНБД Ц.Цэнгэл нарын нэр бий юу?
-Лав надад энэ нэрс орж ирээгүй.
-18 улсын Элчин сайд нарыг томилох асуудал Засгийн газрын хуралдаанаар хэзээ орох вэ?
-Ирэх долоо хоногоос Засгийн газрын хуралдаанаар танилцуулна. Гэхдээ эхний 10 нэрийг оруулна. Монгол Улсыг төлөөлөн гадаад улсад суух Элчин сайд нарын бүрэн эрхийн хугацаа хуучин мөрдөж байсан хуулиар гурван жил. Дараагийн шинэ Элчин сайдыг томилох асуудал зургаадугаар сараас нааш, цааш хөдөлгөөн ордог. Тэгэхлээр шийдвэрүүд нь одоо л гарч эхэлнэ гэсэн үг.
-Эхний ээлжид ярих 10 хүний талаарх дэлгэрэнгүй мэдээллийг өгч болох уу?
-Одоогоор нэрсийг нь хэлэх боломжгүй.
-Манайхаас шалтгаалан Элчин сайдаа томилж чадахгүй байгаа нь цаад улстай тогтоосон харилцаанд сөрөг нөлөөтэй биз дээ?
-Томилохгүй удаж байгаа нь асуудал биш. Солонгосоос бусад улсад суугаа Элчин сайд нар бүгд ажлаа хэвийн хийж байгаа. Тэдний хугацаа нь зургаан сард дуусна. Түүнээс өмнө татдаггүй. Дараагийн шинэ Элчин сайд томилогдоход өмнөх хүн нь ирдэг буюу солигддог гэсэн үг.
-Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийн хүү Анхбаяр Монгол улсаас Австрали улсад суух онц бөгөөд бүрэн эрхт элчин сайдад томилогдохоор яригдаж байгаа нь үнэн үү?
-Н.Анхбаярын тухайд манай яаманд олон жил ажиллаж байгаа. Одоо Тамгын газрын даргаар ажилладаг. АНУ-ын Сан-Франциско хотод Байнгын төлөөлөгчийн газрын тэргүүний ажил хийж байсан, дипломат ажлын жинхэнэ туршлагатай хүн. Элчин сайдаар томилогдох хугацаа нь болсон хүмүүсийн жагсаалт дунд Н.Анхбаярын нэр бий.
Холбоотой мэдээ