Ялалтын 70 жилийн ойн медалиар монгол дайчдыг шагнав

Хуучирсан мэдээ: 2015.03.16-нд нийтлэгдсэн

Ялалтын 70 жилийн ойн медалиар монгол дайчдыг шагнав

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин зарлиг гаргаж, Монгол Улсын 347 ахмад дайчинд “Аугаа эх орны дайны ялалтын 70 жилийн ойн медаль”-ийг олгохоор болсон байна. Тэдгээр ахмад дайядын төлөөлөл болгон өнөөдөр Хан-Уул, Баянзүрх дүүргийн 60 ахмад дайчинд ойн медалийг гардуулан өглөө. Медалийг ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Азизов Искандер Кубарович гардуулсан юм.  Монгол Улс дахь ОХУ-ын Элчин сайдын яамны байранд болсон 70 жилийн ойн медаль гардуулах ёслолын арга хэмжээнд Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн дарга,  хошууч генерал З.Болдбаатар оролцож үг хэлсэн. 1939 оны Халх голын байлдаан болон 1945 оны эх орны дайнд оролцсон ахмад дайчдын төлөөлөлтэй уулзаж санал бодлыг нь сонслоо.

Хурандаа Цэндийн Алтангэрэл /93 нас/:

-Эх орны дайны хүнд бэрх жилүүдэд би Орос ах нартай мөр зэрэгцэн тулалдаж явснаараа бахархдаг. Дайн эхлэх үед би Москва хотод оюутан байсан юм. Сайн дураараа улаан армид элсч, дайны хүн бэрхийг хамтдаа туулсан даа. Дайнд германууд шүдээ хүртэл зэвсэглэн оролцож байсан бол улаан армийн хувьд учир дутагдалтай зүйл их байсан юм. Зөвлөлтийнхөн цэрэг зэвсэг техникийн хувьд хоцрогдмол байсан санагддаг. Туршлагатай жанжнуудаа хэлмэгдүүлээд барьж хорьсон, туршлага муутай залуу офицерууд удирдаж байсан даа. Уг нь би уугуул Төв аймгийн хүн. Орост оюутан болсон жил маань дайн эхэлж, овутнуудын сайн дурын отрядад тулалдаж явсан. Ганц Москва төдийгүй бусад 3-4 хотыг хамгаалах үйлст оролцож байлаа. Хожим нь Баруун фронтод сайн дураараа тулалдсан. Тэнд гурван жил шахам байлдаад баруун мөрөндөө шарх авч байсан. Тэнд тулалдахын зэрэгцээ цусаа өгч, донор болсон. Тэрхүү үйлсээрээ би цөөнгүй хүний амийг аварч байсан даа. Бидний хамтын тэмцэл зөвхөн манай хоёр улсын тусгаар тогтнолыг олгоод зогсоогүй дэлхийн хүн төрөлхтөний аз жаргал, сайн сайхны төлөөх тэмцэл байсан юм. Дайн самууны хар утааг дахин бүү дайраасай. Хойч үе, залуус маань халдах дайсан, хатгалдах муу бүхнээс холуур байг гэж ерөөе.


Фронт Цэгмэд /94 нас/:

-Севердловскийн фронтод бэлэг гардуулж өгөх бүрэлдэхүүнд багтаж, эх орны дайны фронтод хөл тавьсан цөөн хүний нэг болохоор намайг “фронт” гэж хочилдог болсон юм. 19 насандаа аварга саальчин болсон болохоор монгол түмнийхээ чин сэтгэлийн бэлгийг Зөвлөлтийн дайчдад хүргэх хувь завшаан надад тохиосон нь тэр юм. 1945 оны арванхоёрдугаар сард маршал Х.Чойбалсангаар ахлуулсан хүмүүс 215 вагон бэлэг авч Севердловскийн фронтод очсон юм. Тэдгээр хүмүүс дунд таван л эмэгтэй байсны нэг нь би. Булган, Архангай, Өвөрхангай, Хэнтийгээс нэг нэг эмэгтэйчүүд очиж байсны хамгийн бага нь би байсан даа. Хувиасаа нэг цэргийг иж бүрэн хувцаслаж байлаа. Бид окопонд байрладаг байлаа. УАЗ 469 машинд Одоо эмээ нь 105 ач зээтэй болсон.

 


Хурандаа Дагвын Дэнзэн /97нас/:

-Би Булган аймгийн Хутаг-Өндөр сумын уугуул хүн. Одоо бол баянзүрх дүүргийн нэгдүгээр хороонд амьдарч байна. 1945 оны байлдаанд байлдаж явсан. Эх орны дайны хүнд жилүүдэд тулалдаж явсан бидэнд Эх орны дайны 70 жилийн ойн медаль гардуулж байгаад баяртай байна. Армид 18 наснаас 65 нас хүртлээ тасралтгүй ажилласан. Их бууны үйлдвэр, зэсвгийн төв склад зэрэг онц чухал газруудад ажиллаж байгаад хожим нь Цэргийн ерөнхий сургуульд олон жил багшилсан. Мөн Батлан хамгаалах яамны Жанжин штабт 10 жил ажилласан даа. Ахмад дайчид бидэнд жил бүрийн тавдугаар сарын 9-ний өдөр хүндэтгэл үзүүлдэг ОХУ-ын Элчин сайд, тус яамны ажилтнуудад талархаж явдаг даа.


Цыренова Софья Малановна /83/:

-“Хүнд бэрх дайны жилүүдэд хүүхдүүд ерөөсөө урваагүй юм” гэж Монголын хүүхэд багачууд дуулдаг даа. Яг л түүнийг батлах нэгэн бол би юм. Дайн эхлэхэд би 11 настай байсан. Аав маань фронтод ээж дараа нь нас бараад бид ах дүү наймуулаа өнчин хоцорч байсан юм. Эрчүүд дайнд мордож, арын албыг эхчүүд үүрч явахад хүүхдүүд мөн ч их тусалсан даа. Одоо бол барагтай эр хүний хийхээргүй хүнд бэрх ажлыг хүүхдүүд хийдэг байсан юм. Тэр үед би Улаан-Үүдийн ойролцоох нэгэн жижиг хотод амьдардаг байсан. Дайны дараа надад гарамгай ажилласны төлөө медаль гардуулж байсан. Хожим нь Улаанбаатарт ирж, орос хэлний багшаар ажилласан. 1957 оноос МУИС-д багшлаад дараа нь МУИС-аас АУДС салан тусгаарлахад анагаахын сургууль руу багшаар очсон.

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путины зарлигаар энгэрээ мялаасан ахмадууд ийн өгүүлж байна. 70 жилийн тэртээх хүнд бэрх жилүүдийг энх цагаар солиход хүндтэй гавьяа байгуулсан ахмадууд Эх орны дайны ялалтын ойн медалиар энгэр дэх гоёлоо нэмлээ.

Д.ЦЭЭНЭ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж