МАН-ын нэр бүхий 27 гишүүн Засгийн газар огцруулах асуудлаар мэдээлэл хийж байна. Тэд АТГ, Улсын Ерөнхий прокурорын газар, УИХ-ын аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо, Тусгай хяналтын дэд хороонд шаардлага хүргүүлж байгаа ажээ.
Тус шаардлагад, ЖДҮХС-тай нэр холбогдоод буй Засгийн газар болон УИХ-ын гишүүдийг албан ёсоор зарлахыг хүссэн байна. Хэрвээ үнэхээр хэвлэлээр нэр нь дурдагдаад буй гишүүд ЖДҮХС-тай нэр холбогдсон, ашиг сонирхлын зөрчилтэй гэдэг нь тодорхой бол Засгийн газрыг огцруулах эсэх асуудлаар санал хураалтад оролцох эрхгүй гэдгийг УИХ-ын нэр бүхийн 27 гишүүн мэдэгдсэн юм. Мөн тэд энэ шаардлагаа УИХ-ын дарга М.Энхболдод хүргүүлжээ.
Мэдээллийн дараагаар гишүүд сэтгүүлчдийн асуултад хариулсан юм.
-Өнөөдөр ашиг сонирхлын зөрчлийг ярьж байгаа нь сайн хэрэг. Гэхдээ өмнө нь концессын хэрэгт нэр холбогдож байсан гишүүд өнөөдөр чуулганд орж, санал өгч байгаа нь хэр зохистой асуудал вэ?
-Концессын асуудал Засгийн газрын шийдсэн асуудал. 240 жагсаалтаас 100 гаруйд нь гэрээ хийгдсэн. Энэ асуудлыг Ж.Эрдэнэбатын засгийн газрыг огцруулах асуудал болгож байсан тул энэ удаад хамааруулаагүй гэж үзсэн. Өмнө нь З.Энхболд УИХ-ын дарга байх үед оюутны 70 мянгатай холбоотой асуудлыг хэлэлцэхэд их, дээд сургуультай УИХ-ын гишүүн Д.Оюунхорол, Б.Бат-Эрдэнэ нар санал хураалтад оролцож байгаагүй жишиг бий
-ЖДҮХС-гийн зээлийг өмнө нь банкаар өгч байсныг яагаад болиулсан юм вэ? Зээлийн хүү 9 хувь байж байгаад яагаад 3 хувь болсон юм бэ?
-ЖДҮХС-ийн зээлийг салбарын сайд нь олгодог журам байсан. Сайд нь өөрөө ажлын хэсгээ байгуулаад тушаал гаргаж байсан. Хоёрт, ЖДҮХС-ийн зээлийг банкаар мөн олгож байсан. Сайдаар дамжихаар гурван хувийн хүүтэй. Дундын зуучлагч буюу банкаар дамжихаар өндөр хүүтэй байгаад байсан асуудлыг болиулсан хэрэг.
-Та нарын энэ хэрүүл хэзээ дуусах вэ? Эрдэнэтийн 49 хувийн асуудал, таван сум эрчим хүчгүй байгаа асуудал, утааны улирал эхэлчихсэн улс орны нөхцөл байдал хүнд байхад та нар ард иргэдээс сонгогдсон гишүүдийнхээ хувьд энэ талаар бодож байна уу?
-Эрдэнэтийн 49 хувийн асуудал, эрчим хүчний асуудал бүгд Засгийн газартай шууд холбоотой. УИХ-ын зүгээс Засгийн газарт саад болсон зүйл байхгүй. Бид Засгийн газрын оруулж ирсэн асуудлыг цаг тухайд нь шийдээд явсан. Одоо ажиллах л шаардлагатай. Бидний тавьсан шаардлагын хариуны хугацаа баасан гаригт дуусна. Ингээд энэ асуудал чуулганаар орж, эцсийн шийдээ гаргана.
А.АНИР
Холбоотой мэдээ