Томилгоо: УБЕГ-ын даргаар Д.Дэлгэрсайханыг томилов

Хуучирсан мэдээ: 2020.08.05-нд нийтлэгдсэн

Томилгоо: УБЕГ-ын даргаар Д.Дэлгэрсайханыг томилов

Томилгоо: УБЕГ-ын даргаар Д.Дэлгэрсайханыг томилов

НЭМЭЛТ: 

Засгийн газрын өнөөдрийн  хуралдаанаар Дагвадоржийн Дэлгэрсайханыг Улсын бүртгэлийн ерөнхий газар/УБЕГ/-ын даргаар томилжээ.

Тэрбээр Монгол Улсын Техникийн их сургуулийг 1997 онд бакалавр, 1999 онд магистр, 2011 онд докторантаар тус тус төгссөн, компьютерийн программ хангамжийн мэргэжилтэй юм байна. УБЕГ-ын дэд даргаар 2016 оноос хойш ажиллажээ.

Засгийн газар хоёр долоо хоногийн өмнө тус газрын даргаар ажиллаж байсан Б.Баасандоржийг Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар томилсон. Харин өнөөдөр дэд даргыг нь албан тушаал ахиулж, УБЕГ-ыг удирдуулахаар томилгоо хийлээ.

“Ногоон гарц” түр журмын хэрэгжилтийг эрчимжүүлнэ

Засгийн газрын хуралдаанд Монгол Улс, БНХАУ-ын хилийн боомтын “Ногоон гарц” түр журмын хэрэгжилтийг эрчимжүүлэх талаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон танилцуулга хийсэн байна.

Үүнтэй холбогдуулан:

  • БНХАУ-ын талын хяналт тогтоосон бүсэд жолоочийн хоноглох байр, тусгаарлах бэлтгэл ажил хангагдсан эсэхийг албан шугамаар тодруулах
  • Олон улсын “С” зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж, иргэдийн нэрсийг БНХАУ-ын хилийн боомт байрладаг аймгийн дарга нарт хүргүүлэх
  • Хилийн боомтод нуклейн хүчлийн түргэвчилсэн оношилгоо хийх, эсвэл хилийн цаана хийх нөхцлийг бүрдүүлэх чиглэлээр БНХАУ-ын талтай харилцан тохиролцох
  • Газрын тосны экспортын тээвэрлэлтийг боломжит хэмжээгээр нэмэгдүүлэх зэргийг холбогдох сайд, агентлагийн дарга нарт даалгав.

Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр үндсэн зургаан бүлэгтэй байна

Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн төсөлд Монгол Улсын Ерөнхий сайдаас өгсөн чиглэл, сайд нар, УИХ-д суудалтай нам, эвсэл, бие даагч, нутгийн захиргааны байгууллага, олон нийтийн болон төрийн бус байгууллага, мэргэжлийн холбоодын саналыг авч эцэслэн боловсруулахыг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэд даалгав. Үйл ажиллагааны хөтөлбөр КОВИД-19 цар тахлаас үүдэлтэй нийгэм, эдийн засгийн хүндрэлийг даван туулах онцгой бодлого, Хүний хөгжил, Эдийн засгийн, Засаглалын, Ногоон хөгжлийн, Нийслэл ба бүс, орон нутгийн хөгжлийн гэсэн үндсэн зургаан бүлэг, дэд зорилтуудаас бүрдэх юм.

Цахилгаан болон байгаль орчинд ээлтэй тээврийн хэрэгслээр шинэчлэлт хийнэ

Нийслэлийн автозам, нийтийн тээврийн үйлчилгээний талаар Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Ж.Батбаясгалан танилцуулав. Цаашид:

  • Автозамын салбарт шаардлагатай хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээг жил бүр улсын төсөвт үе шаттай тусгах
  • 22 тэрбум төгрөгийн төсөл, арга хэмжээг шуурхай хэрэгжүүлж, нийтийн тээврийн үйлчилгээнд цахилгаан болон байгаль орчинд ээлтэй тээврийн хэрэгслээр шинэчлэлт хийх
  • Парк шинэчлэхэд шаардлагатай хөрөнгийг жил бүрийн төсөвт тусгах
  • Нийтийн тээврийн зориулалтаар импортоор оруулж ирэх стандартын шаардлага хангасан том оврын автобус, троллейбусыг Гаалийн болон Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх хуулийн төсөл боловсруулж танилцуулахыг холбогдох сайд, дарга нарт даалгав.

Автозам: 2020-2025 онд нийслэл хотод 240 км, 2025-2030 онд 244 км автозам тавихаар мастер төлөвлөгөөнд тусган хэрэгжүүлж байна. Долоодугаар сард орсон усархаг борооны улмаас төвийн зургаан дүүргийн 34 газарт 69 км зам их хэмжээгээр эвдэрчээ. Засварт 70 тэрбум, борооны ус зайлуулах шугам шинээр барихад 173 тэрбум төгрөг шаардлагатай гэсэн тооцоо гарсан байна.

Нийтийн тээвэр: 98 чиглэлд нийслэлийн өмчийн хоёр, 17 аж ахуйн нэгж, байгууллагын тов оврын 949 автобус, троллейбус өдөрт 500-600 мянган хүнд үйлчилдэг. 12 жил болсон тээврийн хэрэгслийг ашиглахыг хориглодог бөгөөд энэ онд 133 автобус, 2021 онд 531,  2022 онд 121, 2023 онд 151, 2024 онд 60 автобус үйлчилгээнээс хасагдахаар байна

Засгийн газар 2020 оны төсвийн тодотголыг хэлэлцэж байна

Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр (2020.08.05) болж байна. Тус хуралдаанаар 2020 оны төсвийн тодотгол, Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр болон Улаанбаатар хотын нийтийн тээврийн асуудлыг хэлэлцэхээр төлөвлөжээ.

Эдийн засагчид 2020 оны төсвийг тодотгох зайлшгүй шаардлагатайг онцолж, зардлаа танаж, илүү хэмнэлтийн горимд шилжсэнээр хямралыг давна хэмээн эртнээс анхааруулсаар ирсэн билээ. Тухайлбал, эдийн засагч Н.Энхбаяр "Энэ оны төсвийн алдагдал дотоодын нийт бүтээгдэхүүний 5.1 хувьтай тэнцэж буй. Уул уурхайн экспорт бүрэн зогссонтой холбоотой төсвийн орлого буурах нь нэгэнт тодорхой болсон. Үүнтэй хамт 11.7 их наядын орлогыг төсөвт төвлөрүүлэх боломж хумигдаж байгаа тул хамгийн багадаа зардлаа хоёр их наядаар танах хэрэгтэй" гэж хэлсэн юм.

2020 оны төсвийн зардал 13.8 их наяд төгрөг. Төсвөө танахгүй бол Засгийн газрын өр улам нэмэгдэнэ. Төсвийн хямрал эдийн засгийн хямрал болж байсан удаатай билээ.

Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж