Францын нэрт хөгжмийн зохиолч А.Аданы романтизмын үеийн шилдэг бүжгэн жүжиг болох “Жизель” хайр дурлалын эмгэнэлт балетыг хоёрдугаар сарын 1-ний өдөр Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрын тайзнаа тоглох гэж байна. Энэхүү гайхалтай бүжгэн жүжгийг анх 1841 оны зургадугаар сарын 28-нд Жин Коралли, Юлис Перрот нарын дэглэлтээр Францын Парис хотноо “Гранд Опера” театрын тайзнаа амилуулж байв. Харин 1884 оноос эхлэн балетмейстер Мариус Петипагийн дэглэлтээр тавьсан байдаг. Манай улсад анх 1979 оны арванхоёрдугаар сарын 22-нд тоглож байжээ.
Ирэх сарын нэгэнд тоглох “Жизель” балетын симфони найрал хөгжмийг урлагийн гавъяат зүтгэлтэн Ж.Бүрэнбэх удирдах бол туслах найруулагчаар Гавьяат жүжигчин Х.Гэрэлчимэг ажиллах юм байна.
Дүрүүдийн хувьд Жизельд Ч.Ганчимэг, Альберт гүнд О.Ганцоож, ойн захирагч Гансын дүрд А.Өлзий-Орших, Батильдад Р.Байгальмаа, Вильфридэд Ц.Төмөрсүх, Миртад Б.Саруул нар тус тус тоглоно.
Э.ТЭКҮ