Таван сургуулийг нэгтгэж, таван их сургуулийг хаажээ

Хуучирсан мэдээ: 2018.08.29-нд нийтлэгдсэн

Таван сургуулийг нэгтгэж, таван их сургуулийг хаажээ

Монгол Улсад өнгөрсөн жил буюу 2017-2018 оны хичээлийн жилд төрийн болон төрийн бус өмчийн 96 их сургуульд 155 мянган оюутан суралцжээ. Дээд боловсролын сургалтын чанарыг нэмэгдүүлэхийн тулд энэ жил зарим сургуулийг нэгтгэж байгаа. Энэ талаар Боловсрол, соёл, шинжлэх ухаан спортын яамны Дээд боловсролын газрын дарга Т.Амаржаргалангаас тодрууллаа.


-Дээд боловсролын чанарыг нэмэгдүүлэх чиглэлээр ямар ажил хийж байна вэ?

-Дээд боловсролын чанарыг нэмэгдүүлэхийн тулд асуудлыг гурван түвшинд авч үзэж байгаа. Нэгдүгээрт, оюутан залуус сурлагадаа ямар ахиц гаргаж байгааг судлахын тулд, ижил хөтөлбөрийн дунд ямар ялгаа байгааг гаргахын тулд Боловсролын үнэлгээний төвтэй түвшин тогтоох судалгаа хийнэ. Ингэснээр аль сургууль дээр ямар чанартай сургалт явж байгааг тогтоох боломжтой. Хоёрт, хөтөлбөр рүү чиглэсэн үйл ажиллагаа явуулж байна. Магадлан итгэмжлэл дээр сүүлийн гурван жил шалгалт хийсний дүнд шалгуурыг нь өөрчилсөн. Олон улсын түвшинд хүрсэн шалгуураар шалгаж байгаа. Ингэснээр олон улсад долоо, дотоодод 20 орчим хөтөлбөр магадлан итгэмжилсэн. Өөрөөр хэлбэл, манайд олон улсад үнэлэгдэхүйц хөтөлбөр байгаа. Үүнд хөтөлбөрийн харьцуулсан үнэлгээ хийж ажиллана. Гуравдугаарт, чанар дээр хэрэгжүүлж буй хамгийн чухал арга хэмжээ нь сургуулийн үр дүнгээр менежментийг шинэчлэх. Өнгөрсөн жилийн байдлаар магадлан итгэмжлэлийн хугацаа нь дууссан 32 их сургууль байсны 27 нь магадлан итгэмжлэлийн батламжаа авч, үйл ажиллагаагаа явуулна. Хуульд орсон өөрчлөлтөөр магадлан итгэмжлэгдээгүй сургууль манайд бий. Магадлан итгэмжлэл явуулаагүй сургуулийг аттестатчилах замаар хариуцлага тооцох, чанарыг сайжруулах арга хэмжээ авна. Өнгөрсөн жилээлийн жилд 18 их сургуульд хяналт шалгалт хийсэн. Үүнээс шалтгаалан таван сургуулийг бусад сургуультай нэгтгэх, таван сургуулийн тусгай зөвшөөрлийг цуцлах ажил хийж байгаа бөгөөд зургаан сургуульд хугацаат үүрэг өгч, хоёр сургуульд дахин хяналт, үнэлгээ хийхээр болсон.

-Ямар таван сургуулийг бусадтай нэгтгэж, тусгай зөвшөөрлийг цуцалсан бэ?

-Дээр дурдсан 18 их сургуулийг сонгон шалгасан шалтгаан нь сүүлийн жилд сургалтын үйл ажиллагаа алдагдсан, элсэгчдийн тоо буурсан, багшийн хүрэлцээ тааруу, орчин нөхцөл нь шаардлага хангаагүй зэрэг шалтгаан үүссэн юм. Ингээд шалгалтаар гурван төрлийн арга хэмжээ авсан. Нэгдүгээрт, тусгай зөвшөөрлийг цуцлах. Зургаан сараас дээш хугацаагаар үйл ажиллагаа явуулаагүй бол тусгай зөвшөөрлийг цуцлах ёстой байдаг. Ийм шалтгаанаар таван сургуулийн тусгай зөвшөөрлийг цуцалсан. Хоёрт, багшийн хүрэлцээ, хангамж муу байгаа таван сургууль бусад сургуультай нэгдсэн. Гуравт, боловсролын байгууллага заавал магадлан итгэмжлэгдсэн байх шаардлагатай. Магадлан итгэмжлэгдээгүй сургуульд үйл ажиллагаагаа сайжруулах тодорхой хугацаа өгсөн. Тусгай зөвшөөрлөө цуцлуулсан тав, бусад сургуультай нэгдсэн таван сургуулийн талаар тодорхой мэдээлэл өгөх боломжгүй. Учир нь тухайн сургуулийн төгсөгчид, багш нарын нэр хүндийг хамгаалах шаардлагатай.

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж