Владимир Путин, Петр Порошенко
Фото: Sergey Bondarenko / POOL / AFP
Украины ерөнхийлөгч Петр Порошенкотой хийсэн хэлэлцээр нааштай боллоо гэж Оросын ерөнхийлөгч Владимир Путин дүгнэв. Харин хоёр цаг үргэлжилсэн хэлэлцээрийн явцад Зүүн Украинд гал зогсоох нөхцөлийн талаар ярилцаагүй гэж Владимир Путин хэлжээ.
”Бид гал зогсоох нөхцөл байдал, Киев, Донецк, Луганскийн хэлэлцээний талаар ярих ёсгүй. Миний үзэж байгаагаар зайлшгүй шаардлагатай хэлэлцээг хийх итгэлцлийн уур амьсгалыг бий болгоход л бид тус дэм үзүүлэх боломжтой. Энэ талаар л бид ярилцсан” хэмээн Путин тэмдэглэв
Украин дахь үймээн самууныг зогсоох болон энхийн үйл ажиллагаанд нь шаардлагатай бүхнийг хийхэд Орос бэлэн гэж Путин хэлээд “Ийм үйл ажиллагааг аль болох хурдан эхлэх хэрэгтэй байна” гэж тэмдэглэв. Үүний тулд хэлэлцээ байгуулах ажлын хэсэг Минскт цугларна гэж тэр мэдээлэв. “Бид Донецк, Луганскт хүмүүнлэгийн тусламж үзүүлэх шаардлага, боломжийн талаар ярилцлаа. Энэ тал дээр бид бид хамтран ажиллахаар тохиролцлоо” гэж Путин тэмдэглэв.
Эдийн засгаа хамгаалахаар Оросын авч байгаа арга хэмжээнд Барууны орнууд хүндэтгэлтэй хандана гэж найдаж байна гэж тэр хэлэв. “Манай түншүүд сайтар дүгнэж цэгнээд зохих шийдвэрээ гаргана. Манай Европ, Украин түншүүдийн ямар ч сонголтыг бид хүндэтгэнэ. Өөрийн сонирхлыг хамгаалахаар авч байгаа бидний арга хэмжээнд тэд ч бас хүндэтгэлтэйгээр хандана гэж найдаж байна” хэмээн Оросын төрийн тэргүүн хэллээ.
Путины хэлснээр, хэлэлцээрийн явцад хийн асуудал сөхөгдөж, мухардалд орсон талууд “эрчим хүчний яриа хэлцлийг сэргээх” хэрэгтэй гэсэн дүгнэлтэд хүрчээ. “Бид гэрээнийхээ заалтыг бүрэн биелүүлж байгаа. Бид хөнгөлөлтийн талаар ч санал тавих эрхгүй болсон. Учир нь Украин Стокгольмын арбитрийн шүүхэд хандсан. Хөнгөлөлтийн талаарх манай ямар ч саналыг шүүх дээр ашиглах магадлалтай юм.” гэжээ.
Украины Аюулгүйн албаныханд баривчлагдсан Оросын десантын цэргийнхний талаар Путин сэтгүүлч нарт тайлбар өгөхдөө, тэд хилийн эргүүл хийж яваад хил зөрчсөн байж болно гэжээ. Тэрбээр мөн Оросын талд Украины хэдэн арван цэргүүд хил зөрчиж байсныг сануулаад асуудал гарахгүй гэж найдаж буйгаа хэлжээ.
EPA/MYKOLA LAZARENKO/POOL
Украины ерөнхийлөгч Петр Порошенко Минскийн хэлэлцээрийг “ээдрээтэй хүнд” гэж нэрлэсэн тухай Reuters мэдээлж байна.
Агентлагийн мэдээгээр, Путинтэй хэлэлцээр хийсний дараа Порошенко Украины Элчин сайдын яаманд Европын холбооны Гадаад хэрэг аюулгүй байдлын дээд комиссар Кэтрин Эштонтай хэлэлцээр хийжээ.
Владимир Путин, Петр Порошенко хоёр Минскт хэлэлцээр хийхдээ хоёр орны хилийн албадын хооронд зөвөлгөөн явуулж эхлэхээр тохиролцсон тухай агентлаг дамжуулав. Украины зүүн өмнөд хязгаарт гал зогсоох талаар аль болох хурдан хугацаанд төлөвлөгөө боловсруулна хэмээн Порошенко мэдэгдсэн байна.
Украинд эвлэрэлийн талаар хэлэлцээр эхлүүлэхийг Европын холбоо өмнө нь санал болгосон байна. “Украинд гал зогсоох хэлэлцээг эхлүүлэх, хилийн бүрэн хяналтыг тогтоох, хүмүүнлэгийн тусламжийг олон улсын хэм хэмжээний дагуу хүргэх саналуудыг би тавилаа” хэмээн Кэтрин Эштон тэмдэглэжээ.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР