Хуучирсан мэдээ: 2014.06.19-нд нийтлэгдсэн

Эдийн засгийн хямралаас гарахын тулд Монгол Улс янз бүрийн арга хэмжээ авч байна. Хямралаас гарах нь зөвхөн төр, засгийн үүрэг биш учир төрийн бус байгууллагууд ч дэлхий дахинд нүүрлэсэн санхүүгийн хямралаас гарах гарцыг эрэлхийлж байна. Эдийн засаг итгэлцэл дээр тогтдог. Тиймээс хөрөнгө оруулагчдын итгэлийг олох нь өнөөдрийн хувьд юу, юунаас илүү чухал асуудал билээ.

“Монголын эдийн засгийн форум” төрийн бус байгууллагаас зохион байгуулж буй “Монголын бизнесийн дээд хэмжээний уулзалт 2014” форум өнөөдөр 19.00 цагт Их тэнгэрт эхэлнэ. Форумыг нээж Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг үг хэлэх юм байна.

Эдийн засгийг эрчимжүүлэх нь төр засгийн бодлогоос гадна монголчууд биднээс, хүн нэг бүрээс хамаарна. Тиймээс эдийн засгийг эрчимжүүлэхийн тулд гадаадын хөрөнгө оруулагчдыг бүх салбарт татан оролцуулах зорилготой дээд хэмжээний уулзалтад Монголын бизнесийнхэн ч идэвхтэй оролцох нь чухал байна. Уулзалт гурван өдөр үргэлжлэх бөгөөд маргааш Монгол Улсын Ерөнхийлөгч оролцож, гадаад, дотоодын бизнесийнхэнтэй санал солилцоно. Энэ нь гадаадын хөрөнгө оруулагчдыг татахын тулд Монголын төр, засгийн өндөрлөгүүд ч хичээл зүтгэл гаргаж буйн илэрхийлэл юм. Өөрөөр хэлбэл, өнгөрсөн жилүүдэд өмнөх парламент болон Засгийн газраас гаргасан хууль тогтоомж бодлогын алдаа мөн популистуудаас болоод Монголоос зайгаа барих болсон хөрөнгө оруулагчдыг татахын тулд төр засаг гэлтгүй хүн бүр санаа тавьж байна. Тавих ч хэрэгтэй байна.

Эдийн засгийн Дээд хэмжээний уулзалтад Австрали, БНХАУ, ХБНГУ, Энэтхэг, Япон, ОХУ, АНУ зэрэг 20 гаруй орны хөрөнгө оруулагчид оролцох сурагтай. Монголоос  “Цагаан суварга”, “Занаду Майнс”, “Номадс”, “Гацуурт” зэрэг томоохон компаниуд оролцож байгаа аж. Уулзалтын хөтөлбөрөөс товч дурьдвал гадаадын хөрөнгө оруулагчдад төмөр зам, Тавантолгой цахилгаан станц, мах боловсруулах үйлдвэр, Эгийн голын усан цахилгаан станц, хурдны зам болон цементийн төслүүдийг танилцуулах гэнэ.

Хэрэвзээ энэхүү дээд хэмжээний уулзалтад Монголын бизнесийнхэн идэвхтэй оролцож, эв эеэ хичээж чадвал алдсан итгэлээ буцааж сэргээх боломжтой болно.  Өмнөд Солонгосын хямралын үеэр иргэд нь ээмэг бөгжөө мултлаад, улсдаа өгч байсан гэдэг. Ингэж чадахгүй юм аа гэхэд ядаж л бид гадаадын хөрөнгө оруулагчдыг үргээсэн цочоосон, гайхшируулсан үйлдэл гаргалгүй, одоо л гар гараасаа барин, хямралыг давах ёстой юм. Бид эв нэгдэлгүй итгэлцэл, итгэлцэлгүй эдийн засаг гэж байдаггүйг хангалттай мэдэрлээ. Тийм болохоор ирэх хоёр өдөр үргэлжлэх эдийн засгийн чуулганд анхаарал хандуулахыг уриалж байна.

Ж.ЭРХЭС

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж