Уул уурхайн хийрхлээр хөөрөгдсөн Монголын эдийн засаг газардлаа. Засгийн газар эдийн засгаа эрчимжүүлэх 100 хоногийн ажил өрнүүлээд 25 хонож байна. Шаардлагатай хөрөнгө, мөнгө олохын тулд бизнес эрхлэх таатай нөхцөл бүрдүүлэх, түүний дотор банкны зээлийн төлөлтийг ”нааштай шийдвэрлэх”, 579 төслийн санхүүжилтийг Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас гаргах, зургадугаар сардаа “Эдийн засгийн дээд хэмжээний уулзалт” зохион байгуулан гадаадын том том компаниудыг урин оролцуулах, Монголын компаниуд төслүүдээ танилцуулах зэрэг арга хэмжээ авч байна.
Эдгээр арга хэмжээний зэрэгцээ эдийн засгийн доройтлын бодит шалтгааныг нь зөв тодорхойлж, эх үүсвэрийг нь тогтоож, үндсээр нь засаж залруулахад анхаарахгүй бол эдийн засгийг урт хугацаанд эрчимжүүлэх боломжгүй юм.
Асуудлын гол нь Монголын эдийн засгийн өнөөгийн хямралын суурь шалтгаан нь эдийн засаг гэхээсээ илүү улс төрийн хүрээнд, төр засгийн эрх баригчдын бүрдүүлж, удирдан ажиллуулдаг улс төрийн байгууллын (институц) чадамжтай холбоотой. Яагаад гэвэл хувь хүн, эсвэл аж ахуйн нэгж өөрийн нөөц боломжоо бүрэн ашиглахын тулд хоосон орон зайд биш, төр засгийн түмэн байгуулалтай (институцтэй) харьцаж ажилладаг. Эдгээр байгууллын үндсэн үүрэг нь аль хэр тодорхой байх, түүнийгээ аль хэр чанартай, өгөөжтэй гүйцэтгэж буйгаас эдийн засгийн эцсийн үр дүн хамаардаг. Сайн институц наад зах нь ил тод (transparent), тайлан тооцоотой (accountable) байх ёстой.
Монгол Улсын хөгжилд нэн чухал үүрэг гүйцэтгэх ёстой төрийн хамгийн дээд байгуулал, түүнийг удирддаг эрх мэдлийг сонгуульд ялж авдаг улс төрийн намуудын жишээг энэ өнцгөөс харцгаая.
УЛСЫН ИХ ХУРАЛ
Үндсэн хуульд зааснаар Улсын Их Хурал бол хууль батлах, нэмэлт, өөрчлөлт оруулах монополь эрх мэдэлтэй улс төрийн байгуулал юм. Гэхдээ энэ бол нэг хууль батлаад, дараа нь жил бүр өөрчлөөд бай гэсэн үг уг нь биш. Харин бидний сонгосон үе үеийн гишүүд тэгж үздэг болчихдог. Жишээ нь, НӨАТ-ыг 16 жилд 30 удаа, Эрүүл мэндийн даатгалын хуулийг 20 жилд 10 удаа, гаалийн татварыг бараг улирал бүр өөрчилсөн байна. Улсын төсвийг, жишээ нь жил бүр дахин тодотгодог зуршил тогтлоо. Маш хийсвэр, мөрөөдлийн чанартай, улс төрийн популист өнгөтэй төсөв баталчихаад, дараа нь тодотгох нэрээр засдаг болж асар их цаг, хөрөнгө зарцуулдаг. Хэрэв Их Хурлын хуралдааны нэг цагийн өртөг, зардлыг тооцвол өгөөж нь унасаар л байна.
үргэлжлэл: jargaldefacto.com