УИХ дахь МАН-ын бүлэг хуралдаж, энэ долоо хоногт хэлэлцэх зарим хуулийн төслийн талаар байр сууриа нэгтгэсэн байна. Тодруулбал, бүлгийн хуралдаанаар Засгийн газраас өргөн барьсан Ашигт малтмалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөл, Эдийн засгийг эрчимжүүлэх төслүүдийн талаар ярилцсан байна.
МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт "Ашигт малталын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл бол олон жил хүлээлттэй байсан, гадна, дотны хөрөнгө оруулагчдын анхаарал татсан хууль мөн. Энэ хуулийг Засгийн газраас нийгмийн хүлээлтийн дагуу орон нутгийн иргэдийн оролцоотой болгох, хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх, байгаль орчны нөхөн сэргээлтэд анхаарсан, шийдэл гаргасан хуулийн төсөл өргөн барьсан гэж бодож, МАН-ын бүлэг судалж үзсэн. Харамсалтай нь тэр тал дээр бүрхэг хууль болсон гэж үзэж байна" гэлээ. Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөчрлөлт оруулах тухай хуулийн төсөлд тусгасан "Төсвийн мөнгөөр нөөцийг нь тогтоосон хайгуул хийсэн бол 51, 34 хувиас дээшхийг төр эзэмших ёстой гэсэн заалт байсан ч 51 хүртэл, 34 хүртэл гэж өөрчилсөн байна. Энэ нь тодорхойгүй байгаа нь гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдад тодорхой бус, ойлгомжгүй байдлыг үүсгэнэ гэж МАН-ын бүлэг үзжээ. Тиймээс зарим заалтыг тодорхой болгох, тогтвортой байхаар УИХ нухацтай хэлэлцэх ёстой гэж бүлгийн гишүүд санал нэгджээ. Мөн энэ хуулийн нэг заалт УИХ-ын бүрэн эрхэд халдсаныг МАН-ын бүлэг онцоллоо. Тодруулбал, "Хилийн зурвас, тусгай хамгаалалттай газар нутагт ашигт малтмалын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг УИХ батална гэсэн хуультай. Үүнийг Засгийн газар өөрчилж, Засгийн газар дур мэдэн тусгай хамгаалалт, хилийн зурвастай газар үйл ажиллагаа явуулдаг болохоор оруулж ирж байгаа нь УИХ-ын бүрэн эрхэд халдсан гэж МАН-ын бүлэг үзэж байгаа учраас энэ заалтыг өөрчлөх ёстой гэдгийг хууль санаачлагчид сануулахаар болжээ. Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн бусад асуудал дээр МАН-аас ажлын хэсэг байгуулж ажиллахаар болжээ.
Бүлгийн хуралдаанаар хэлэлцсэн дараагийн асуудал нь Эдийн засгийг эрчимжүүлэх төсөл юм. Өнгөрсөн долоо хоногт МАН-ын зарим гишүүд иргэдтэй уулзаж, эдийн засгийн хүндрэлийн талаар ярилцсан байна. Иргэдийн худалдан авах чадвар буурсан, амьдрал дээр эдийн засгийн хүндрэл нүүрлэж, ард иргэдийн амьдралд нөлөөлж байгаа учраас МАН-ын бүлгээс Засгийн газрын тэргүүн Н.Алтанхуягт эдийн засаг хүндэрсэнтэй холбогдуулан албан тушаалтнууддаа хариуцлага тооцохыг шаардаж байгаа юм байна. Эрх баригчдын зүгээс МАН-ыг ажил хийлгэхгүй байна гэсэн шүүмжлэл хэлээд байгаа учраас өөрсдөө дотроо учраа олж, хариуцлага тооцох асуудлыг яаралтай ярих шаардлагатай. Ерөнхий сайд буруутай сайд нартаа хариуцлага тооцох асуудлыг өөрөө УИХ-д өргөн барихыг шаардаж байгаа юм байна. Хэрэв шаардлагыг биелүүлэхгүй бол Ерөнхий сайд Н.Алтанхуягт өөрт нь хариуцлага тооцох асуудлыг хөндөнө гэж МАН-ын бүлгийн дарга онцоллоо.
Өнгөрсөн долоо хоногт Засгийн газрын нэг гишүүн Х.Баттулга сайдынхаа үүрэгт ажлаас өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх хүсэлтээ УИХ-д өргөн барьсан. Энэ асуудалд МАН-ын бүлгийн зүгээс нэгэнт ажил хийхгүй гэж хэлээд байхад нь хүчээр сайдын ажлаа хий гэж УИХ шийдвэр гаргахгүй байх аа. УИХ-ын гишүүн Р.Амаржаргалыг хүчээр авч үлдсэн шиг нэг сайдаа авч үлдэхгүй байх гэж бодож байна. Тиймээс энэ удаад хүсэлтийг нь хүлээж авах байх гэж бодож байгаагаа МАН-ын бүлгийн дарга онцоллоо.
Ш.ОЧ