Гэвч энэ асуудлыг чуулганаар хэлэлцэх үед Ардчилсан намын гишүүд дотор эсрэг саналууд гарч, хуулийг хэрэгжүүлэх хугацааг 2014 оныхоор байсан нь зөв гэх гишүүд гарсан тул Ардчилсан намын бүлгийн удирдлагаас эрхийнхээ хүрээнд завсарлага авсан билээ. Ийнхүү авсан завсарлага нь УИХ-ын чуулганы завсарлагааны хугацаатай таарсан тул тус намынханд дотооддоо саналын зөрчилдөөнөө шийдэх боломжийг олгосон 5 хоног нь 65 хоног болсон юм. Ийнхүү АН-ын бүлгийнхэн 65 хоногийн хугацаанд санал бодлоо нэгтгээгүй байсан нь өнөөдөр хуралдсан бүлгийн хуралдааных нь уур амьсгалаар тодорхой болов.
Бүлгийн хуралдаан хаалттай өрнөсөн бөгөөд хуулийн хэрэгжүүлэх хугацааг одооноос эхлэх ёстой гэсэн гишүүд, 2016 оноос эхлэх ёстой гэсэн гишүүдийн маргаан нилээд байжээ. Үүнтэй холбоотойгоор энэ асуудлыг хэлэлцэх хуралдааны санал хураалтад 17 сайдыг оролцох нь сонирхлын зөрчил мөн эсэх талаар хэлэлцүүлэг өрнөсөн аж.
Ийнхүү халуухан маргаан, хууль эрх зүйн мэтгэлцээн, онолын тайлбартайгаар үргэлжилсэн хурлын төгсгөлд “17 сайдыг санал хураалтад орох нь сонирхлын зөрчил үүсэхгүй” гэдэг дээр нэгдсэн байр сууринд хүрсэн бөгөөд “Аливаа нэгэн хуулийн өөрчлөлтөөр Засгийн газар огцрох ёсгүй. Ерөнхийлөгчийн өргөн барьсан хууль бол 2016 оны сонгуулийн дараа байгуулагдах дараагийн Засгийн газрын тухай ярьж байгаа учраас сайд нар санал хураалтад орж болно” гэх тайлбарууд гаргасан байна.