Нийт иргэдэд хандаж гаргасан уриалга

Хуучирсан мэдээ: 2013.11.29-нд нийтлэгдсэн

Нийт иргэдэд хандаж гаргасан уриалга

ЭРДЭНЭТИЙН ИЛГЭЭЛТИЙН ЭЗЭД, АНХДАГЧДЫН ЧУУЛГА УУЛЗАЛТААС АЙМГИЙН ХУРАЛ, ЗАХИРГААНЫ БАЙГУУЛАГА, ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР БОЛОН ААНБ-УУД, НИЙТ ИРГЭДЭД ХАНДАЖ ГАРГАСАН УРИАЛГА

Эрдэнэтийн их бүтээн байгуулалтын илгээлтийн эзэд, анхдагчдын төлөөлөл оролцсон чуулга уулзалтаас дараах уриалгыг гаргаж байна.

1. Монгол Улсын зууны манлай бүтээн байгуулалт-Эрдэнэтийг бүтээн босгоход залуу насны эрч хүчээ зориулсан илгээлтийн эзэд, анхдагчдын нэр алдар, хөдөлмөр бүтээлийг  мөнхжүүлэх зорилгоор Эрдэнэт хотод Илгээлтийн эзэд анхдагчдын нэрэмжит цэцэрлэгт хүрээлэн, талбай, хөшөө дурсгал бий болгох, аймгийн музейд Илгээлтийн эзэд-анхдагчдын дурсгалыг мөнхжүүлэх танхим байгуулж, Эрдэнэтийн их бүтээн байгуулалт, түүх соёлын талаар хойч үе, хүүхэд залуучуудад сурталчлан таниулах

2. Эрдэнэт хот, Эрдэнэт үйлдвэрийн улс орны нийгэм эдийн засагт үзүүлж байгаа үр нөлөө, ач холбогдлыг нь сурталчлахад Орхон аймгийн иргэн, байгууллага аж ахуйн нэгж бүр идэвхтэй оролцож анхдагчдынхаа санал бодлыг сонсож, хүндэтгэл үзүүлэх, илгээлтийн эзэд, анхдагчид бид аймаг, хотоо хөгжүүлэхэд санал, санаачилга гарган оролцох

3. Илгээлтийн эзэд, анхдагчдын талаар бодлого /хөтөлбөр/ орон нутгийн хэмжээнд боловсруулж хэрэгжүүлэх, анхдагчдын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагуудыг дэмжин аймгийн Засаг даргын Тамгын газар гэрээ байгуулан хамтран ажиллах.

4. Илгээлтийн эзэд анхдагчдын эрүүл мэндийг хамгаалах болон хөдөлмөр зүтгэлийг  үнэлж, шагнаж урамшуулах ажлыг зохион байгуулан, гадаад, дотоодын аялалд хамруулах, мөнгөн тусламж үзүүлэх талаар бодитой ажлыг Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэртэй хамтран 2014 оноос эхлэн зохион байгуулах.

5. 2014 оны 8 дугаар сард илгээлтийн эзэд зохион байгуулалттайгаар Эрдэнэтэд ирсний 40 жилийн ойг тэмдэглэх, Илгээлтийн эзэд-анхдагчдын жил болгох шийдвэрийг аймгийн ИТХ, ЗДТГ-аас гарган шаардлагатай хөрөнгийг 2014 оны орон нутгийн төсөвт тусган энэхүү чуулга уулзалт дээр гарсан саналуудыг ажил хэрэг болгоход анхаарч хамтран ажиллацгаая.

ОРХОН АЙМАГ, ЭРДЭНЭТ ХОТ МААНЬ ЦЭЦЭГЛЭН ХӨГЖИХ БОЛТУГАЙ.

ЭРДЭНЭТИЙН ИЛГЭЭЛТИЙН ЭЗЭД, АНХДАГЧДЫН ЧУУЛГА УУЛЗАЛТАД ОРОЛЦОГЧИД.

2013 оны 11 дүгээр  сарын 20                                                                     Эрдэнэт

Эх сурвалж: www.erdenet.mn


NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж