Йордан Саудын Арабын суудлыг авна

Хуучирсан мэдээ: 2013.11.08-нд нийтлэгдсэн

Йордан Саудын Арабын суудлыг авна

НҮБ-ын Аюулгүйн зөвлөл өнгөрсөн аравдугаар сарын 17-нд Саудын Араб, Чад, Нигери, Чили, Литва зэрэг шинэ таван гишүүнээр бүрэлдэхүүнээ шинэчилсэн билээ. Гэвч маргааш нь Арабын ертөнцийн хамгийн баян орнуудын нэг Саудын Араб Аюулгүйн зөвлөлийн суудлаас татгалзсанаар нэг гишүүний суудал өдгөөг хүртэл хоосон байгаа юм. Тэгвэл Аюулгүйн зөвлөлийн эзэнгүй байгаа нэг суудлыг Йордан улс авахаар болсон байна. Энэ тухай Йорданы ханхүү Зейд аль-Хуссейн мэдэгджээ.

Саудын Араб НҮБ-ын хамгийн хүчирхэг байгууллагын гишүүний суудлаас татгалзах болсон шалтгаанаа Аюулгүйн зөвлөл ард түмнийхээ эсрэг химийн зэвсэг хэрэглэсэн Сирийн Ерөнхийлөгч Башар аль-Ассадад хариуцлага хүлээлгэх болон Израйль-Палестины зөрчлийг шийдвэрлэх асуудалд бүтэлгүйтсэн гэж үзсэнтэй холбоотой гэж тайлбарсан билээ.

Гэхдээ Саудын Араб НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн суудлын оронд Хүний эрхийн зөвлөлийн гишүүн болох хүсэлтэй байгаа гэнэ. НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн гишүүдийн санал хураалт ирэх долоо хоногт болох аж.

Б.АНХТУЯА
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж