Энэ жил 1,4 сая тонн хадлан шаардлагатай

Хуучирсан мэдээ: 2013.09.04-нд нийтлэгдсэн

Энэ жил 1,4 сая тонн хадлан шаардлагатай

Намаржилт, хадлан тэжээл бэлтгэл ажлын цаг үеийн байдлаар өнөөдөр Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамнаас мэдээллээ.

Энэ жил нийт нутгийн 50 орчим хувьд зуншлага сайн, 40 гаруй хувьд дунд, 10 гаруй хувьд буюу Баян-Өлгий, Увс, Ховд, Завхан, Хөвсгөл, Говь-Алтай, Баянхонгор, Дундговь, Дорноговь аймгийн 30 гаруй сумдын нутагт бэлчээрийн ургалт муу гандуу байгаа ажээ.

Өнгөрөгч наймдугаар сард нийт нутгаар бороошиж хадлан тэжээл бэлтгэлийн ажилд багагүй цаад учруулсан байна. Энэ жил урьдчилсан байдлаар улсын хэмжээнд 45,0 сая мал /дотоод гадаад хэрэглээг хасаад/ мал өвөлжиж, хаваржихаар төлөвтэй байгаа бөгөөд түүнд шаардлагатай, бэлтгэвэл зохих өвс, тэжээлийн хэмжээг тооцож үзвэл хадлан 1,4 сая тонн, хүчит болон үйлдвэрийн тэжээл 75,0 мянган тонн, гар тэжээл 150,0 тн хэрэгцээтэй ажээ. Аймаг, сумдын түвшинд өвс тэжээлийн аюулгүйн нөөцийг нийт малын 30 хувьд өдөрт нэг кг өвсөөр тооцож бүс харгалзахгүйгээр заавал бэлтгэж нөөцлөх албан даалгаврын Засгийн газрын 2013 оны 210 дугаар тогтоолоор орон нутгийн удирдлагуудад үүрэг өгсөн байна.

Одоогийн байдлаар нийт бэлтгэх 1 сая 478 мянган тн байгалийн хадлангийн 15,2 хувь буюу 225,4 мянган тонн байгалийн хадланг бэлтгээд байна. Аймгуудын хэмжээнд нийт 14,4 мянган тонн өвс, тэжээлийн аюулгүйн нөөц бэлтгэх ёстойгоос одоо 20,5 хувь буюу 2956 тн өвсийн бэлтгээд байна. Өвс, тэжээл бэлтгэлийн явц Баян-Өлгий, Архангай, Булган, Дархан-уул, Сэлэнгэ, Төв, Ховд зэрэг аймгуудад 45,7-16,9 хувьтай сайн явагдаж буй бол Дундговь, Дорноговь, Говь-Алтай, Говьсүмбэр, Орхон, Сүхбаатар, Хэнтий зэрэг аймгуудад, 1,1-8,9 хувьтай муу байгаа талаар Мал аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газраас мэдээллээ.

У.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж