-“Гамлет” жүжиг тань “Гэгээн муза” наадамд нэр дэвшиж байна.Сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу?
-Энэ жүжиг маань театрын шилдэг бүтээл тодруулдаг наадамд анх удаа нэр дэвшиж байгаад баяртай байна. Миний хувьд уяач хүн уясан морио түрүүлнэ гэж итгэдэг шиг энэ жүжигтээ найдвар тавьж байгаа. Гэхдээ эцсийн шийдвэрийг мэдээж шүүгчид гаргана шүү дээ.
-Уг жүжгийг тайзнаа тавих нь найруулагчдын хүсэл байдаг байх, тийм үү?
-Тийм ээ, мэдээж дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн У.Шекспирийн агуу бүтээлийг тайзнаа тавина гэдэг ур чадвараа сорьсон хэрэг байсан. Энэ бүтээл бол хүн төрөлхтөнд үнэлэгдсэн, найруулагчдын хүч, ур чадварыг сорьдог, цар хүрээ өргөн, далайцтай жүжиг шүү дээ. Тиймээс дэлхийн ямар ч орны найруулагч энэ жүжгээр өөрийгөө сорих хүсэлтэй байдаг болов уу гэж бодож байна.
-“Гамлет”-ыг тайзнаа тавих эрхийг сонгон шалгаруулалт зарлаж олгосон. Энэ оновчтой шийдвэр байсан уу?
-Энэ жүжгийг тайзнаа тавих эрхийг найруулагчид олгохын тулд сонгон шалгаруулалт зарласан. Тавилт бусдаас арай өөр байсан болохоор намайг сонгосон байх гэж тухайн үед бодож байсан. Мөн жүжигчдээ шалгаруулж авахдаа дүрийн онцлог, дотоод ертөнц, гадаад төрх, бие хаа, зан ааш, хэл яриа, харц гээд олон зүйлийг нь харж сонгосон. Мөн нөгөө талаас жүжигчдээс уран бүтээлдээ хандах хандлага, ур чадвар, дүр дээр хэрхэн ажилладаг гээд бүх талыг харсан.
-Энэхүү жүжгийн бусад нэр дэвшиж байгаа драмын жүжгээс ялгарах онцлог нь гэвэл?
-Хөгжмийн зохиолч С.Сансаргэрэлтэх зөвхөн “Гамлет”-д зориулж том хэмжээний хөгжмийн зохиол бичсэн шүү дээ. Мөн тайзны зураач Т.Ганхуяг сайн хамтарч ажилласан нь нэр дэвшихэд их нөлөөлсөн.
“Гамлет” жүжиг “Гэгээн муза” наадамд долоон төрлөөр нэр дэвшиж байгаа юм. Тухайлбал “Шилдэг драмын жүжиг”, “Шилдэг найруулагч”-ийн төрөлд найруулагч Н.Наранбаатар, “Оны шилдэг хөгжмийн зохиолч”ийн төрөлд С.Сансаргэрэлтэх, “Оны шилдэг тайзны зураач” төрөлд Т.Ганхуяг, “Драмын жүжгийн оны шилдэг эрэгтэй гол дүр”-д жүжигчин С.Болд-Эрдэнэ Гамлетын дүрээр, “Эмэгтэй туслах дүр”-д У.Уранчимэг Гертруда хатны дүрээр, А.Ганчимэг Офилиягийн дүрээр тус тус нэр дэвшээд буй.
Эх сурвалж: “ӨДРИЙН ШУУДАН” сонин