Тэмдэглэл: Америкийг “агуу болгогчид”-ын гоц үзэгдэл!

Хуучирсан мэдээ: 2025.01.29-нд нийтлэгдсэн

Тэмдэглэл: Америкийг “агуу болгогчид”-ын гоц үзэгдэл!

Тэмдэглэл: Америкийг “агуу болгогчид”-ын гоц үзэгдэл!

“Суусан цэцнээс явсан тэнэг дээр” гэдэг. Уг нь гурвуулаа Америк руу  аялахаар төлөвлөгөөгөө аль эрт “зурж”, мэр сэр асуудлаа шийдсээр онгоц хөөрөх мөчид нэг маань “МИАТ”-ийн үйлчилгээнээс болж ганцаар торойн үлдсэн нь арваадхан хоногийн өмнөх үйл явдал.

Ажил, албаны шугамаар Америк оронд өмнө нь дөрвөнтөө очсон ч үнэндээ байшингаас байшин, уулзалтаас уулзалтын хооронд сурвалжлага хийх төдийгөөр “аялал” маань хязгаарлагддаг байв. Тэгвэл энэ удаад тивээс тив дамжин, тэнгис далай гатлан эрх чөлөөний эх оронд хөл тавихдаа тодорхой зорилготой, зорилгодоо хүрэх жижигхэн амбицтай явсан минь учир шалтгаантай байв. Тэрхүү учир шалтгаан буюу бидний аяллын гол зорилго дэлхийн түүхэнд үлддэг том эвентүүдийн нэг АНУ-ын Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолыг өөрийн биеэр үзэж сонирхох байсан билээ.

Бороо шиг цас, цас шиг бороотой Вашингтоны өвөл. Потомак голын хойд эрэг дээр оршдог болоод ч тэр үү, ДС-ийн өвөл хавирга жиндэм жихүүн, Монголын намар оройхны зэврүүн өдөр шиг.  АНУ-ын нийслэл хот гэхэд хөл хөдөлгөөн багатай, Д.Трампын тангараг өргөх ёслолын бэлтгэл ажил хэдийнэ хангагдсан, National mall-аас эхлээд хотын төвийн гудамж талбайг хамгаалалтад авсан байв.

Олон зуун жилийн өмнөөс АНУ-ын шинэ Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолыг сонгуулийн дараагийн жилийн нэгдүгээр сарын 20-нд товлодог Үндсэн хуулийн заалттай. 1933 онд Үндсэн хуульдаа энэхүү өөрчлөлтийг оруулж өгсөн байна. Хэрэвзээ, нэгдүгээр сарын 20-ны өдөр ням гаригт таарвал урьдчилан тангаргийг нь өргүүлж ирсэн уламжлал тогтжээ. АНУ-ын гурав дахь Ерөнхийлөгч Томас Жефферсон 1801 онд тусгаар тогтнолын талбайд тангаргаа өргөснөөс хойш Вашингтон хотноо зохион байгуулдаг болсон гэдэг.

Ерөнхийлөгчийн тангараг өргөхийн өмнөх өдөр ДС-д нойтон цас хаялж, цаг агаар эрс хүйтэрсэн нь Доналд Трамп ард түмнээсээ “зугатан”, Капитолын Ротунда танхимд тангаргаа өргөх сайхан шалтгаан болжээ.

Тангараг өргөх ёслол танхим дотор болно гэх мэдээ хэдэн мянган бээрийн алсаас зорьж ирсэн надад таатай сайхан сонсогдоогүй ч тэнд хэчнээн хүн очиж, хэр арга хэмжээ болдгийг газар дээрээс нь "сурвалжлах" нь  багагүй сонирхолтой байлаа.

АНУ-ын Ерөнхийлөгчөөр хоёр дахиа сонгогдож, Цагаан ордонд comeback хийж буй Доналд Трампын тангараг өргөх ёслолын товч хөтөлбөр урд орой нь зарлагдаж, Вашингтоны цагаар нэгдүгээр сарын 20-ны 11:00 цагаас нээлтийн ажиллагаа эхэлнэ гэсэн байв.

Иймээс өглөө эртлэн босч, метрогоор Конгрессын ордны өмнөх талбайд очвол MAGA-чууд болон хэвлэлийнхэн хэдийнэ ирчихсэн харагдана. Хаа газрын хэвлэлийнхэн хүйтэн, нойтон, цас бороог үл ажран иргэд олон нийтийг  мэдээллээр хангах үүрэгтэй хойно, хажууханд ажлаа хийх “Fox news”, “NBC”-ийн зураглаач, сэтгүүлчдийг харж, тангаргийн ёслол эхлэх хүртэл цаг нөхцөөн хэрэгт дурлаж жаал алхав.

 Манай “guide” Н.Батжаргалын ярьснаар 2013 онд Барак Обамаг тангараг өргөхөд дэлхийн болон АНУ-ын өнцөг булан бүрээс ирсэн үзэгч сонирхогчийн тоо нэг сая давж, үндэсний баяр ёслолын арга хэмжээ болж байсан гэнэ.

Тээр жил буюу 2009 онд Ц.Элбэгдоржийг анх Ерөнхийлөгч болоход Сүхбаатарын талбай дээр АН-ынхан жинхэнэ бут авч байсан юм даг.

 Атал Трампын тангараг өргөх ёслолыг сонирхогчид цөөн байсан нь нэгд, цаг агаар эрс хүйтэрсэнтэй, хоёрт, гол арга хэмжээ нь Конгрессын ордонд болсонтой холбоотой аж. “Икс”-ийн гүйцэтгэх захирлын “дроны халдлагын аюул урьдчилан таамаглах аргагүй хэмжээнд хүрсэн” гэх хардлага бүхий жиргээ илүү бодитой тайлбар мэт.

 Том шар гинж зүүсэн фанатууд нь Трампын төлөө хүйтнийг эс ажрах ч харин Трамп яагаад тэднийгээ “жорлон”-гоос дор үзсэн нь тэнд очсон надад хамгийн харамсалтай санагдсан билээ. Хаа газрын улстөрчид адилхан, сонгуулийн өмнө сонгогчдоо долоох нь холгүй авирлах атлаа сонгогдсон хойноо "гөлөөг" ч гэж тоохоо больдог нь манайханд ч байдаг характер.

Шулуухан хэлэхэд, Доналд Трампын фанатууд манай “ялсан монгол”-чуудтай яг адилхан харагдсаныг нуух юун. 2017 онд манай ялсан монголчууд цоохор дээлээр гоёж, том тэнзэн ташууртай гудамжаар алхаж явсан нь худлаа биш билээ.

Хар тамхи үнэртүүлж, хараал зүхэл болсон Трампын фанатууд Жо Байденыг элдвээр хараан, үе үе чангаар хашгирах аж. “Шүтээн”-ийхээ нэр ус, зураг хөрөгтэй малгай, цамцаар гоёсон шүтэн бишрэгчид нь Д.Трампын тангаргийн үгийг хүлээн нааш цааш алхана.

Буутай цэргүүд, цэргийн зориулалттай болон хогийн машинуудаас гадна хүнээсээ олон жорлон байршуулжээ. Бодвол олон хүн ирнэ гэж тооцсон байх, гэвчиг нүдэн баримжаагаар тооцоход тэнд мянга гаруй фанат цугласан болов уу даа.

Задгай талбайд хэчнээн хүн цугласан талаарх албан ёсны статистик одоо ч гараагүй байна. Харин Капиталын ордны дугуй танхимд 600 хүн цугласан гэх статистикийг хэвлэлүүд онцолжээ. Тангараг өргөх ёслолыг гадаа талбайд том дэлгэцээр харуулна гэж албан хөтөлбөрт дурдсан ч тийм дэлгэц Конгрессийн барилгын өмнөх задгай талбайд нэг ч  харагдаагүй юм.

АНУ-ын Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолыг үзэх тикет аль эрт "зарагддаг" аж. Гэхдээ тикет нь үнэгүй, иргэд нь төлөөлөгчдийн танхимаараа дамжуулан хүсэлтээ гаргаад авдаг аж. Монголд УИХ-ын гишүүд, Засгийн газрын сайд болон гадаадын Элчин сайд нар урилгаар оролцдог. Жирийн иргэдэд зориулсан арга хэмжээ бараг болдоггүй билээ.

Өглөөний 6:00-9.30 хүртэл тикеттэй зочдыг аюулгүй албаны шалгалтад хамруулж, дотогшоо нэвтрүүлдэг юм байна.

Д.Трампын тангараг өргөх ёслол олон зүйлээр онцлогтой аж. Хамгийн дуулиант явдал нь бага насны хүүхэд хүчиндсэн, хуурамч бичиг баримт үйлдсэн гэх хүнд гэмт хэргийн 34 зүйл ангиар буруутгагдан Тангарагтны шүүхээс гэмт хэрэгтэн гэж цоллогдсон хүн анх удаа тангараг өргөж буй нь АНУ-ын түүхэнд үлдэх гутамшиг байх нь гарцаагүй. Түүнийг эсэргүүцсэн эсэргүүцлийн жагсаал Вашингтонд болж байхтай хальтхан таарсан.

“34 зүйл ангиар Тангарагтны шүүхээс буруутгагдсан Трамп ялгүй үлдэж, бид дөрвөн жилийн ялаар шийтгүүлж байна” гэж жирийн америкчууд хошигнох болсныг “guide” маань зам зууртаа сонирхуулав.

Ерөнхийлөгчийн тангаргийн үгийг АНУ нь Үндсэн хуульдаа суулгаж өгсөн агаад овог нэрээ бүтэн хэлж, “… би АНУ-ын Ерөнхийлөгчийн албыг үнэнчээр гүйцэтгэж, АНУ-ын үндсэн хуулийг дээдлэн сахиж, хамгаалж, хамгаалах болно гэдгээ тангаргалж байна” гэх мэтчилэн 35 үгнээс бүтсэн тангаргийг библи дээр гараа тавьж байгаад уншдаг аж. Анх 1961 онд Жон Кеннеди библи дээр гараа тавьж тангаргийг үгээ уншсанаас хойш ийм уламжлал тогтосон байна. Дашрамд сонирхуулахад 1841 онд, Уильям Харрисон АНУ-ын Ерөнхийлөгчийн тангараг өргөхдөө 10 мянган үг хэлж байжээ.

Монгол ч гэсэн Ерөнхийлөгчийн үгийг Үндсэн хуульдаа суулгаж өгөх нь субьектив тоглолт хийж, улс орноо хорлохоос хамгаалах арга тактик болж мэднэ. Гэхмэтчилэн АНУ-ын Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслол бүхэлдээ Үндсэн хуульдаа захирагддаг нь илт.

Трампын тангарах өргөх ёслолын бас нэг онцлог нь гэвэл АНУ-ын Ерөнхийлөгч асан Жимми Картер 100 насандаа таалал төгсөж, түүний эмгэнэлд зориулан тус улс төрийн далбаагаа буулгасан байв.

Тэрчлэн технологийн магнатууд буюу "TikTok"-ийн гүйцэтгэх захирал Шоу Зи Чев, "Мета" компанийн гүйцэтгэх захирал Марк Зукерберг, Амазоны гүйцэтгэх захирал Жефф Безос, "X" болон Теслагийн гүйцэтгэх захирал Элон Маск нар ёслолд оролцсон нь Д.Трампын тангараг өргөх арга хэмжээний анхаарал татсан зочид байсан юм.

Тангаргийн баярт зориулсан арга хэмжээний хандив, дэмжлэг 250 сая ам.долларт хүрчээ. Энэ нь АНУ-ын түүхэнд хамгийн өндөр хандиваар тооцогдож байна.

Өдгөө 78 настай, долоон тэрбум ам.долларын хөрөнгөтэй Д.Трампын Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолын зоогт Барак Обама, Билл Клинтон, Жорж Буш нар оролцоогүй нь тодорхой шалтаг, шалтгаантай байсан нь ойлгомжтой.

Тэрбээр тангаргийн ёслолын дараахан АНУ-ын Үндсэн хууль зөрчсөн хэд хэдэн шийдвэр гаргасан нь дэлхий дахинд шуугиан дэгдээж буй юм. Гээд түүний гаргасан шийдвэр Үндсэн хуульдаа захирагдах ёстой. Үндсэндээ, Үндсэн хууль нь олон зууны турш АНУ-ын ардчиллын хамгаалалт, бамбай нь болсоор ирсэн байна.

Атал Монголд эцэг хуулийн дээр хөх тэнгэр биш ялсан нам гарчихдаг Үндсэн хуулийн бус үзэгдэл бий болоод удаж байгаа….!

Тангараг өргөснийхөө дараа 29 минут үг хэлсэн Д.Трамп Америкийн алтан үе эхэлж байгааг зарласан нь гадаах талбайд зогсож буй фанатуудынх нь цөсийг багагүй хөөргөсөн. Авчиг Америкийг агуу болгох Д.Трампын “солиорол” их гүрнүүдийн дунд орших Азийн Монголын ардчилалд хэрхэн нөлөөлөх бол?! Ийм нэгэн эзэнгүй асуулт толгой дотор эргэлдсээр л…!

Үргэлжлэлийг  https://news.mn/r/2781180/

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ТэнэглэлТэнэглэл
7
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж