VS: "Дүнжингарав" уралдааныг сэргээх ёстой, хориглох ёстой

Хуучирсан мэдээ: 2025.01.29-нд нийтлэгдсэн

VS

VS: "Дүнжингарав" уралдааныг сэргээх ёстой, хориглох ёстой

Хаврын морин уралдааныг сэргээхийг шаардсан морьтой жагсаал өнгөрсөн долоо хоногт болж өнгөрснөөс хойш нийгэмд энэ асуудлаар хоёр талцсан мэтгэлцээн өрнөж байна. Засгийн газраас 2019 онд баталсан тогтоолоор жил бүрийн тавдугаар сарын 1-нээс есдүгээр сарын 1-н хүртэлх хугацаанд хурдан морины уралдаан зохион байгуулахыг хориглосон.  Хурдан морины уралдаанаар хүүхэд унаж бэртэн гэмтэх, тэр бүү хэл амь насаа алдсан харамсалтай тохиолдлууд гарч байсан тул дээрх арга хэмжээг авсан. Гэвч Монголын морин спорт уяачдын холбоо/ММСУХ/-ноос “Морин уралдаан бол Монголын нэг өв соёл. Даяаршиж байгаа нийгэмд Монголыг дархлах, хөдөөг монголоор нь байлгах өв соёлыг хориглох ёсгүй” гэж үзэх болсон. Иймд энэ долоо хоногийн хамгийн дуулиантай сэдэв болж буй хаврын морин уралдааныг сэргээх нь зөв эсэх асуудлаар УИХ-ын гишүүн Х.Баасанжаргал, ММСУХ-ны тэргүүн П.Энхмөнх нарын байр суурийг онцоллоо.


П.Энхмөнх:
ММСУХ-ны тэргүүн

-Монголчууд Хүннү, Сяньбигийн үеэс морь уралдуулж наадаж ирсэн. Түүх сурвалж бичигт энэ тухай бий.  Тухайлбал, Монголын нууц товчоонд бичигдсэн байна. XIII зууны үе гэж хэлж болно. Хавар цагтаа өвлийг өнтэй давсны баяр болгож, зун цагтаа ургац ногоо элбэгтэй байхыг бэлгэдэж морь уралдуулдаг байсан.  Албан ёсоор бол 1994 оноос хаврын морин уралдаан зохион байгуулж ирсэн. ММСУХ-ны анхны тэргүүнээр нь манай аав болж, 1995 оны хаврын морин уралдаан болоход МИ-8 онгоцоор бичлэгийг нь хийж байлаа. Морин уралдаан бол тэвчишгүй хөдөлмөр биш. ЮНЕСКО дэлхийн соёлын үнэт өв гэж бүртгэсэн. Баячуудын зугаа гэж харахаас илүүтэй өв уламжлалаа тээж авч яваа гэж ойлговол зохино.

Морин уралдаан чинь цаад агуулгаараа залуучуудыг хөдөөтэй нь байлгаж байгаа юм. Хөдөөгийн ард түмэн жилдээ хоёр л баяр тэмдэглэдэг. Тэр нь Цагаан сар, Үндэсний их баяр наадам. Бусад баяраар баярлаж явна гэж худлаа.

Сүүлийн зургаан жилд авто ослоор 2000 гаруй хүн нас барсан. Яагаад энийг ярихгүй байтлаа хурдан морины уралдаан руу ороод байна вэ.

Уяачид хүүхдээрээ хурдан морь унуулдаггүй гэж яриад байгаа. Бүх уяачид хүүхдээрээ морь унуулдаг. Миний хүүхэд зургаан настайгаасаа 13 нас хүртлээ хурдан морь унасан. Цаашдаа ч хурдан морь унана.

Х.Баасанжаргал гишүүн хаврын морин уралдаан байгаагүй гэж хэлж байна лээ. Энэ бол үгүйсгэгдэнэ.

Морин уралдаан гэдэг маань үндэсний дархлаа болсон өв уламлжлал шүү дээ. Эрхэм гишүүнийг бодит байдалтай ирж танилцаач ээ. Морь уяж байгаа залуучууд уралдаанч хүүхдүүд өөрсдийн хүсэл мөрөөдлөөрөө ирсэн гэдгийг харуулмаар байна. Морь уяхад ямар зардал гардаг юм гэдгийг ч үзүүлье.  14 жилийн хугацаа гэж яриад байгаа, үгүй шүү. Манай гишүүн тоо бодож чаддаггүй гэдгээ харууллаа. Та бүхэн бас бодно биз. Ямар хүмүүс УИХ-д сонгож, бидний үндэсний эрх ашиг болсон эрх ашгийн төлөө ингэж явж байгаа гэдгийг харна биз. Ард түмнээс сонгогдоогүй хавчуурганаас л гарсан хүн юм билээ. Монгол төрийн УИХ -ын гишүүн гэдэг бол ард түмний төлөө хууль санаачилж байх ёстой.

Хурдан морины уралдаан гэдэг бол өв уламжлал.

Хүүхдийнхээ эрх ашгийг хамгаалахгүй гэж байгаа биш. Өдөр болгон хүүхдээ хамгаалж байгаа. Хэрвээ морины үсэргээ хийх бол хамгаалалтын кас, дуулгыг нь өмсгөж уралдуулж байгаа.

Баянхонгор аймгийн Шинэжинст суманд саяхан тэмээний уралдаан болж байна лээ, хүүхдүүд л унаж байна лээ. Харахад сайхан л санагдсан. Тэгэхээр хаврын морин уралдааныг дулаахан өдрүүдээр дулаахан бүс сонгоод зөв зүйтэй газраа машин тэрэг дагахыг нь хориод хүн эмнэлэг мал эмнэлэг, телевизийн хоёр машин явуулаад бусдыг нь хориод зохион байгуулахад болно.

Өсч төрснөөс эхлээд өнөөдрийг хүртэл морь малтай холбоотой явж байгаагийн хувьд хатагтай гишүүнээс арай илүү мэднэ.

Х.Баасанжаргал:
УИХ-ын гишүүн

-15 жилийн түүхтэй хаврын уралдааныг яагаад өнөөдөр өв соёл гэж ойлгох хэмжээнд хүрэв гэвэл улстөрчдийг буруутай гэж хэлнэ. Улстөрчдийн асар их оролцоо байна. Хаврын  бүсийн морин уралдааныг 2004 оноос албан ёсоор Засгийн газрын тогтоолоор зохион байгуулдаг болсон. Засгийн газрын шийдвэрээр зохион байгуулсан уралдаанд уяач оролцох юм бол цол чимэг олгодог хуультай болсон.  Ингэж хүүхдийн эрхийг ноцтой зөрчих болсон.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2019 онд Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа жил бүрийн есдүгээр сарын 1-нээс  тавдугаар сарын 1-ний хооронд хурдан морины уралдаан зохион байгуулахыг хориглосон Засгийн газрын тогтоол баталсан.

Өнгөрсөн жил сонгуулийн ажлаар орон нутагт ажиллаж байхад мөнгөтэй хэсэг бүлэг этгээдүүд “Сонгуульд та бүхэн ялъя гэж байгаа бол хаврын уралдааныг сэргээ. Хөдөө орон нутгийн залуучуудын саналыг авъя гэвэл хаврын уралдааныг сэргээ” гэдэг ятгалга хийдэг байсан.

Та бүхэн санаж байгаа, Ерөнхий сайд өнгөрсөн жилийн цагаан сараар алдарт уяач нартай суугаад нэвтрүүлэг хийсэн. Тэр нэвтрүүлгээр хаврын уралдааныг сөхөж гаргасан Уяачдын лобби улс төрд асар хүчтэй явдагийн тод хоёр жишээ энэ болж чадна гэж бодож байна.

Монголын морин спорт уяачдын холбоо/ММСУХ/-ны зүгээс Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Шадар сайд С.Амарсайхан болон холбогдох бусад албан тушаалтнуудад хаврын морин ураоданыг сэргээх талаар хүсэлтээ өгсөн, би бол үүнд үгүй гэдэг хариуг өгөөсэй гэж бодож байна.

Орон нутгийн уяачдын хувьд хаврын бүсийн морин уралдааныг сэргээчих болов уу гэдэг хүлээлт байна. Ийм хүлээлт байх ёсгүй. 2019 оноос хойш хаврын бүсийн уралдаан байх ёсгүй гэдгийг хангалттай тогтоосон байтал жил бүр энэ асуудлыг сөхөж гарган яагаад ийм байдалд хүргээд байна вэ.

Шүүх аль хэдийнэ цэг тавьсан, Засгийн газар цэг тавьсан, иймээс дахин сөхөх гэсэн асуудалд үгүй гэдгээ хэлэх хэрэгтэй байна.

Сонгуулийн бус үед ч уяачид улс төрд нөлөөлөх оролдлогыг хүчтэй хийдэг юм байна. Та бүхэн санаж байгаа бол ММСУХ -ны хурал Төрийн ордонд болж байсан. УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдорж маш өндөр үүрэг рольтой оролцсон.  Сонгуулийн зорилгоор орон нутгийн иргэдийг ашигладаг сүлжээгээ болгосон тул нухацтай хандах ёстой.

Улс төрийн цаг үеийн шинжтэй бодлоготой бас энэ асуудлаа холбодог болсон.

Тухайлбал, уяачид бүсчилсэн хөгжилтэй холбож бүсийн уралааныг сэргээе гэдэг лобби хийх болсон. “Go Mongolia”-той уяж хаврын уралдааныг сэргээе гэсэн. Ингэж төрийн чухал бодлогуудтай хаврын уралдааныг ямар нэг аргаар холбож эргэн сэргээх гэж хүүхдийн эрхийг зөрчих гэж оролдож байгаа үйлдлийг хүлээн зөвшөөрөх ёсгүй.

Гарц шийдэл байгаа, насанд хүрэгсдийн богино зайн уралдаанаар шийдэж болно.

Малаа хариулахдаа яагаад өнөөдөр мотоцикль унадаг болсон юм. Өв соёлдоо хайртай юм бол морио томчууд унадаг байх ёстой. Уралдаан тэмцээн бол ганц өдрийн ажил биш маш олон өдрийн сунгаа бэлтгэл байдаг. Хүүхэд сургуулиасаа завсарддаг. Гэтэл “хүүхэд өөрөө моринд хайртай учраас унадаг юм” гэдэг тайлбар хэлдэг.  Үнэндээ бол өрхийн амьжиргаа доогуур айлын хүүхдээр боолын хөдөлмөр эрхлүүлдэг. Үүнийгээ хүүхдийг асардаг, халамжилдаг гэдгээр тайлбарладаг.

Илэрхий тодорхой хүүхдийн эрхийн зөрчил дээр монголчуудыг битгий талцуулаасай гэж хүсч байна.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж