-Оюутолгойн уурхайн хувьд усыг зохист хэмжээнд хэрэглэж чадаж байна уу. Гүний болон гадаргын усны төвшинд өөрчлөлт орсон уу?
– Оюутолгойн уурхайн усны хэрэглээ 2012 онд урьд оноосоо дөрөв дахин өссөн үзүүлэлт гарсан байна. Өнгөрсөн онд тус компани нэг сая 720 мянган шоо метр ус хэрэглэжээ. Тус уурхайн ашиглалтын талбай дахь 131 гүний цооног, 66 гар худаг, гурван булгийн байдалд мониторинг хийдэг. Ордын 120-450 метр талбай эзэлсэн баруун хэсэгт гүний усны төвшин 5-10 метрээр буурсан нь ажиглагдсан. Гар худгуудын усны төвшин 4-5 дугаар сард 0,5-3,5 метрээр буурсан байдаг. Энэ нь гадаргын болон ашиглалтын усанд нөлөөлсөн байхыг үгүйсгэхгүй. Тиймээс нарийвчилсан мониторинг хийх шаардлагатай болж юм. Харин нэг авууштай нь Ухаахудагийн уурхайд шинэ технологи нэвтрүүлэн усныхаа хэрэглээг 50 хувиар багасгаж чадсан байна.
-Уурхайнуудын усны хэрэглээг Улаанбаатараас хянадаг болно гэж та хэллээ. Хэрхэн яаж хянана гэсэн үг вэ?
-Өмнө нь усны ашиглалтын мэдээллийг холбогдох газрууд албан бичгээр авдаг байсан. Харин одоо технологийн дэвшлийг ашиглан “Оюутолгой”, “Энержи ресурс”-ийн усны ашиглалтыг онлайнаар хянах боломжтой болсон. Энэ ажил оны эхний хагаст бүрэн хэрэгжинэ. Ингэснээр дээрх уурхайнуудын усны ашиглалт, гадаргын болон гүний усны төвшингийн өөрчлөлтийг Байгаль орчин, ногоон хөгжлийн яам шууд хянах бололцоотой болно.
-Оюутолгойн гэрээнд тус уурхай секундэд 870 литр ус ашиглахаар тусгасан. Тэр хэмжээндээ хэрэгжүүлж чадаж байна уу?
-Одоогоор уурхай бүрэн хэмжээгээр ажиллаж эхлээгүй болохоор ашиглалт хэвийн төвшинд байна. Тухайн ордын газрын гүний усны нөөцийн 20 хүртэлх хувийг ашиглах боломжтой байдаг. Оюутолгой болон Ухаа худгийн уурхайн усны хэрэглээ одоохондоо боломжит төвшингөөс хэтрээгүй гэсэн үг. Хойшид усны үнэлгээг өсгөж, ус ашиглалтыг эдийн засгийн аргаар хязгаарлах бодлого барьж байна. Өөрөөр хэлбэл гүний ус хэрэглэх нь гадаргын ус хэрэглэснээс илүү үнэтэй байна. Мөн говийн ус хангайнхаас үнэтэй байж гэмээнэ газрын гүний усны хэрэглээг хязгаарлаж чадна.
-Уул уурхайн компаниуд иргэдийн хэрэглээний усны үнээс хямдаар ус авч хэрэглэдэг тухай усны газраас мэдээлж байсан. Үүнийг шалгаж үзсэн үү?
-Уурхайд иргэдээс хямд ус нийлүүлнэ гэж байхгүй. Энэ бол ташаа мэдээ байна. Иргэдэд хэрэглээний усыг үнэгүй өгдөг. Иргэдийн төлж буй усны төлбөр бол усыг иргэдэд хүргэхээр зөөвөрлөж тээвэрлэсэн шат дамжлагын хөлс юм.
-Оюутолгойн лицензийн талбай дээрх Ундайн голын гольдролыг өөрчлөхөөс аргагүй байгаа юм уу. Анхнаасаа уурхайн овоолгыг голоос хөндий байршуулж болоогүй юм уу?
-Ундайн голын хэсэг газар уурхайн овоолгод дарагдсанаас үүдэн нутгийн иргэд голын гольдролыг өөрчлөх талаар санал тавьсан. Олгосон лицензээр Ундайн гол яалт ч үгүй уурхайн төв хэсгээр урсаж таарсан. Тэгэхээр голын гольдролыг өөрчлөх талаар ярилцаж байна. Орон нутгийнхан энэ асуудлыг илүү нарийвчлан судалж шийдэх ёстой. Энэ голыг дарахгүй байх арга замыг хайсан. Гэвч талбайн гол хэсгээр гол урсаж байгаагаас асуудал хүндэрч байна. Зуугаад метр өндөр овоолго гэдэг их хэмжээний даралт үүсгэнэ. Мөн хүдрээс тодорхой хэмжээний бохирдол гол руу орох эрсдэлтэй. Энэ бүхнийг тооцон үзээд голын гольдролыг өөрчлөх нь зүйтэй гэж үзсэн.
-Ажлын хэсгийн дүгнэлт харьцангуй нааштай гарсан санагдлаа?
-Газрын гүний усны хэрэглээ нэмэгдсэн хэдий ч зохих төвшинд байна. Өөрөөр хэлбэл, тэвчиж болох хэмжээнд байна. Гэхдээ тайвширч болно гэсэн үг биш юм шүү.