Эмч нарын нэр хүндэд хасах оноо л “нэмчихлээ”

Хуучирсан мэдээ: 2013.01.25-нд нийтлэгдсэн

Эмч нарын нэр хүндэд хасах оноо л “нэмчихлээ”

Баянхонгор аймгаас манай сайтад Б.Батгэрэлээс ирүүлсэн мэдээг хүргэж байна. 

Баянхонгор аймгийн Эрүүл мэндийн Газраас сар тутам гаргадаг “Эрүүл мэндийн Статистикийн мэдээлэл” гэх товхимолын 12 дах дугаарын эхний хуудсанд “Тайлангийн жилд эхийн эндэгдэл Нэгдсэн эмнэлэгт гурав, Эрдэнэцогт сумд нэг тохиолдол бүртгэгдсэн”-ийг тэмдэглэжээ. Түүнчлэн нас барсан эхийн хоёр нь төрөхийн хүндрэл, хоёр нь амьсгалын замын халдварт /сүрьеэ/ болон халдварт бус өвчнөөр эндсэнийг дурдсан байна. Тухайн үед нь аймгийн МХГ-ын байцаагч дүгнэлтээ гаргаж, хуулийн дагуу торгуулийн арга хэмжээ авсан байдаг. Тэр нь Эрүүл мэндийн тухай хуулийн дагуу  хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин нугалж торгууль оногдуулах заалт гэх.

Ерөөсөө ч сүүлийн хэдэн сарын турш энэ салбараас сайн сураг дуулдахаа байчихаад байгаа нь нууц биш юм. Эмнэлгийнхэн хүнд сурталтай, хайхрамжгүйн дээр эмч нар нь ажлаа хийхгүй улс төржсөн хэл амтай л газар болчихож гэх яриа хүмүүсийн ам дамжсаар өнөөдрийг хүрлээ.

Эх хүн төрнө гэдэг байгалийн жам ёсны л зүйл. Гэтэл  хийсч ирдэг өвчний улмаас биш, үр хүүхэд төрүүлэхийн тулд амь насаа алдана гэдэг дэндүү эмгэнэлтэй. Тэр тусмаа тусламж үйлчилгээ авах ёстой эмнэлгийн байгууллага, эмч ажилчдын буруугаас болоод жилийн дотор дөрвөн эх амиа алдчихаад байгааг юу гэх вэ. Эл даарин дээр давс цацчихсан бас нэг асуудлыг уншигчид мартаагүй байх. Хоёр он  солигдохоос хэдхэн хоногийн өмнө дөнгөж төрсөн нярайг угаах гэж байгаад буцлам үсэнд түлчихсэн Баянхонгорын эмнэлгийнхний дуулиан улс орон даяар хэдэн өдөр шуугиад амжсан.

Бурууг бусад руу чихэх, бусдаас хайх тийм л ханаар энэ салбарынхан халхавч хийчихээд байна. Хяналтад эрт ороогүй, хаяг суурьшил нь тодорхойгүй “шилжин суурьшигч” байсан учраас л эх эндсэн гэх дэндүү хүйтэн тайлбар. Дөнгөж төрсөн нярайг түлснийг нь улс орон даяар мэдээлсэн орон нутгийн хэвлэлийнхэн хүний мууд дуртай, ёс зүйгүй этгээдүүд болоод л үлдэж байх жишээтэй.

2012 онд гарсан эхийн эндэгдэл бүрийн цаана эмч, эмнэлгийн ажилтнууд ямар нэг хэмжээнд хийх ёстой ажлаа гүйцэтгэж чадаагүй буруутай байсныг аймгийн Мэргэжлийн Хяналтын байгууллагаас хамгийн сүүлд хийсэн шалгалт тогтоочихоод байгаа. Хяналтын байгууллага энэ тухай дүгнэлтээ аймгийн Засаг дарга, ИТХ-ын дарга, ЭМГазар болон Нэгдсэн эмнэлгийн удирдлагуудад албан ёсоор хүргүүлсэн. Гэхдээ одоо бидэнд алив дүгнэлт, бичиг цаас сонин биш. Иргэдийн хүлээлт бол энэ салбарын чанар, хүртээмж!

Байдал ийм баргар байхад ч эрүүл мэндийнхэн дэндүү “увайгүй“ аашилж байна. Тэнд улс төржилт, ашиг сонирхлын амбийц дээд цэгтээ тулчихсан харагдаад байна. Дөнгөж төрсөн нярайг түлсэн дуулиан дэгдэх үеэр буюу оны өмнөхөн Нэгдсэн эмнэлгийн дарга Л.Батцэцэг эрүүл мэндийн шалтгааны улмаас өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөж, халдвартын эмчээр ажиллаж байсан С.Баасанхүү хэмээх эмэгтэй томилогдсон. Хачирхалтай нь энэ томилгооны сургаар шахуу л Нэгдсэн эмнэлгийнхэн шинэ даргаа хүлээн зөвшөөрөхгүй, хамтарч ажиллах боломжгүй гээд ажил хаялт хүртэл зарлахдаа тулж байгаа гэх зэрэг бор шувуу нисч эхэлсэн. Залгаад мөн л Эрүүл мэндийн газрын шинэ даргын томилгоотой холбоотой хов жив. Энэ бүх зовлонт асуудлынх нь цаана тус салбарынх нь нэр хүнд нэгэнт “гулсуурдаж” явааг даанч үл сэхээрэх.

Ингэхэд, нарийн мэргэжлийн болон шаардлагатай боловсон хүчний хүрэлцээ нөөц  дутмаг байгаад ямар бодлого хэрэгжүүлж байна вэ. Эрүүл мэндийн газрын дарга асан Г.Алгаа  өмнөх Засаг даргын ажиллаж байх хугацаанд Зөвлөлийн олон ч хурал дээр ийм асуултад хоргоогдож байсныг санаж байна. Өнөөдөр ч энэ асуулт зүй ёсоор тавигдаж л байна. Аймгийн Эрүүл мэндийн газрын даргын албыг сүүлийн хэдэн жилийн турш хашсаны хувьд энэ хүн хариуцлагаа ухамсарлах ёстой байх л даа. Би тэгж хардаг.

Гарсан галыг тойроод л гал гарчихлаа гэж хашгираад байх уу, хувинтай ус авчирч асгаад  унтраах уу гэдэг л чухал юм. Салбартаа уугиж эхэлсэн түймэр дээр цаг алдалгүй ус хийж унтраадаг жишиг рүү л ормоор байна.

Баянхонгор аймгийн Эрүүл мэндийн салбарт 1000 гаруй хүн ажилладаг. Үүний 153 нь их эмч, сувилагч 288 байдаг гэсэн. Харин аймгийн Эрүүл мэндийн газар 41 хүнтэй. Энэ бүх ажилчдыг “хомроголон” хэлээгүй ч салбарынхных нь хувьд ч үгүйсгэж чадахааргүй үнэн нь хэт улстөржилт. Орон нутгийн сонгуулиар нэр дэвшээгүй эмчийг тоолвол арай ч цаг хэмнэх. Тэр дундаа Өрхийн эмнэлгийн эмч нар “сайхан” улстөрждөг болоод байгаа. Сонгох, сонгогдох нь хүний эрх ч нөгөө талдаа хариуцсан ажлынх нь нэр хүнд, үүрэг хариуцлага сулрах ёсгүй юм. Аймгийн ИТХ-ын нэлээд хэдэн тойрогт эмч нар цэнхэр туг хатгаж чадсан. Бас нэг эмч квотоор улаан тугаа тогтоосон байгаа. Улстөржиж чадаж байгаа шигээ урдах ажлаа л асуудалгүй хийчихдэг бол “гоншигонох” хэрэг алга л даа.

Өнөөгийн байдал нь Эмч нарын нэр хүндэд хасах оноо л нэмэрлэж байна. “Эрдэнэт хүний амь нас, эрүүл мэндийн төлөө эрдэм чадал, энэрэх сэтгэлээ харамгүй зориулах…” тангарагтай энэ салбарынхныг  ажлаа хийсэн шиг хийхийг л ард түмэн шаардаж байна.

Угтаа бол ийм хүнд үед энэ салбарыг толгойлох нь хэн дуртай аавын хүүгийн барьж аваад хийчих ажил биш болчихоод байна. Үнэхээр толгойлох гээд ирж байгаагийн хувьд шинээр сонгогдсон удирдлагууд нь эрүүл мэндийнхэндээ  хандаж “энийг ингэж хийнэ, тэрийг тэгэх ёстой” гээд л  шулуухан ажилламаар байна. Эрүүл мэндийн салбарт Эмч нь байна. Эмнэлэг нь байна. Харин менежмент, ёсзүй, ажлын хариуцлагын асуудлууд нь ерөөсөө болохгүй байгааг бид харж байна. Энэ тал руу нь ажиллаад үзвэл ямар вэ. Удирдлага нь салбараа “эмчлэх”-ээс л ажлаа эхэлмээр байх шиг.

Үйлс нь хүмүүнлэгийн, үйл хэрэг нь үйлчилгээний тийм л онцлогтой байх газар бол эмнэлэг. Үнэн хэрэгтээ байдал ийм байна, үүнээс харц буруулах нь ичгэвтэр байна.

Б.БАТГЭРЭЛ
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж