Х.Баттулга: Том зорилгоо хэрэгжүүлэх цаг ирлээ

Хуучирсан мэдээ: 2012.12.10-нд нийтлэгдсэн

Х.Баттулга: Том зорилгоо хэрэгжүүлэх цаг ирлээ

МоАХ-ны 23 жилийн ойн баярын хурлын үеэр УИХ-ын гишүүн, Үйлдвэр хөдөө аж ахуйн сайд, МоАХ-ны дарга Х.Баттулгын хэлсэн үгийг хүргэж байна.

Журмын нөхдөө, Ардчилагчдаа
Хүндэт Зочид оо, монголчуудаа

Та бид өнөөдөр л анх удаа 23 жилийн өмнөх Ардчилсан Холбооны анхдугаар цуглаан дээр хэлж ярьж, шаардаж байсан зүйл бүрэн утгаараа хэрэгжсэн, Монгол улс иж бүрэн ардчилагдсан нөхцөлд Ардчиллын баяраа тэмдэглэж байна. Ардчилал бүрэн ялах зам амаргүй, урт удаан байлаа. Одоо ч үргэлжилж байгаа. Та бид дардан зам дээр гараагүй. Бартаа нугачаа ихтэй, саад тотгор учруулах хүчинтэй нөхцөл биднийг угтаж авсан.

Гэлээ ч 23 жил тасралтгүй тэмцэж, зүтгэж явсныхаа үр дүнг та бид өнөөдөр үзэж байна. Би маш их баяртай байна.

Их баяр баясал маань их хариуцлагатай нүүр тулж байгааг хэзээ ч мартаж болохгүй. Одоо ард түмэн, олон нийт бидэнд өгсөн бүрэн эрх, бүрэн боломжийнхоо хариуг нэхнэ. Шаардаад тэмцээд байдаг зүйлсээ хийгээтэх, харъя гэж тэд бидэнд 4 жилийн хугацаатай эрх олгосныг үргэлж санаж, зүтгэлээр хариулах цаг ирж байна. Юуг зорьж, юуны төлөө тэмцэж ирснээ бүгд санаж байгаа учир би давтаж нуршихгүй.

Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газар, нийслэл, аймгууд, дүүргүүдийн олонхийн удирдлага Ардчилагчид шилжлээ. Үүнээс илүү итгэл гэж байхгүй. Хийх, бүтээх, зүтгэхээс өөр зам бидэнд байхгүй. Би үүнийг л хэлэх гэсэн юм.

Монголчууд өөр хоорондын сөргөлдөөнд хүчээ баралгүй том эрх ашиг, том зорилгоо хэрэгжүүлж, цаг хугацаа, дэлхийн хөгжилтэй уралдах цаг ирлээ. Бидэнд хийх ажил дэндүү их байна. Сайншандын үйлдвэрлэлийн цогцолбор, шинэ төмөр зам, Шинэ Улаанбаатар, Ард түмний Тавантолгойг хөдөлгөх тоолж, тоочиж барамгүй энэ их ажлыг эхлүүлж, бүтээн байгуулалт хөдөлмөрийг ундруулж чадваас та бид Ардчилал эхнийхээ давааг амжилттай давсанд тооцож болох юм. Давааны цаана даваа бий. Нуруу тэнийх, гар амсхийх цаг байхгүй. 23 жил ярьсан зүйлээ бодит зүйл болгож, 2,8 сая монголчуудыг дэлхийн чинээнд амьдрах, хөгжлийн хурдтай хөл нийлүүлсэн үедээ л та бид сэтгэл амар байж болно.

Ардчиллын цагаан морь дүүхэлзэж байна. 23 жилийн өмнө өвлийн жаварт уур савсуулан байсан тэр л янзаараа хөгжлийн үсрэлт, дүүлэлтэд бэлтгэж байна. Харин монгол хүн та, монголын ардчилагчид та бүхэн бэлэн үү?

Урагшаа монголчуудаа, та биднийг их ажил хүлээж байна. Мориндоо!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж