Тендерийн хуулийг өөрчлөх шаардлагатай болжээ гэв

Хуучирсан мэдээ: 2012.11.13-нд нийтлэгдсэн

Тендерийн хуулийг өөрчлөх шаардлагатай болжээ гэв

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбатын орон нутаг дахь томилолт Орхон аймагт үргэлжилж байна. Тэрээр өнөөдөр Эрдэнэт хотод ажиллаж, аймгийн удирдлагуудтай уулзалт хийлээ.

Орон нутагт төсвийн хөрөнгө оруулалт хяналтгүй, үр өгөөжгүй зарцуулагддаг байдал Эрдэнэт хотод ч ялгаагүй байх аж. Тухайлбал, хотыг камержуулах ажил өнгөрсөн 2011 онд эхэлсэн ч дуусалгүй өнөөдрийг хүргэжээ. Аймгийн удирдлагуудын тайлбараар бол эл ажил 85 хувьд хүрсэн ч  хөрөнгө мөнгөгүйгээс болж зогсонги байдалд шилжсэн гэнэ. Дээрх мэдээллийг авсан Д.Эрдэнэбат дарга “Ирэх оноос улсын төсвийн хөрөнгө оруулалтыг хөшөө дурсгал барихад зарцуулдаг байдлыг халах ёстой. Үүний оронд аймаг орон нутгийг хөгжүүлэхүйц үйлдвэрлэл, үйлчилгээнд хөрөнгийг зарах нь эдийн засгийн өсөлтийг хангаж тэр хэрээр иргэдийн ахуй амьдрал дээшлэх боломжийг бий болгох бололцоог байгааг санууллаа.  

Түүнчлэн Орхон аймгийн удирдлагууд Тендерийн хуулийг өөрчлөхөд тусгайлан анхаарах цаг болсныг сануулав. Ингэхгүй бол том компаниуд тендер аваад, жижиг компаниудад зардаг. Улмаар өнөө компани нь авсан ажлаа цаг хугацаандаа гүйцэтгэж чадахгүй орон нутгийн ажлыг уядаг, гацаадаг байна. Жишээ татвал, Эрдэнэт хотод энэ жилээс эхэлсэн аймгийн төвийн халуун, хүйтэн усны шугамыг шинэчлэх тендэрт  “Хүрд” компани ялжээ. Гэвч тус компани тухайн ажлыг гүйцэтгээгүй, өөр жижиг компанид шилжүүлсэн байна. Харин өнөөх компани нь ямар ч стандартгүй, мэргэжлийн бус байдлаар ажлаа хийсэн тул аймгийн удирдлагууд гэрээг цуцлахаас аргагүйд хүрч “Хүрд”компанийг шүүхэд өгчээ. Аймгийн удирдлагууд тендерийг бусдад шилжүүлсэн тус компанийн үйлдлийг залилан гэж үзэж байгаа аж. Уг нь “Хүрд” компани өөрийн нэр, ажлын туршлага, тоног төхөөрөмж гэх мэт бүх үзүүлэлтээрээ тендерт ялсан ч эрхээ зарснаас болж иймэрхүү хүнд асуудал үүссэн. Ер нь орон нутагт гүйцэтгэх ажлын  тендерийг хотод салбарын яамнаас зарлаад, туршлагатай том  компаниуд өөрийнхөө нэрээр оролцож ялалт байгуулчихаад, туслан гүйцэтгэгч компани руу тендерээ шилжүүлдэг байдал хэрээс хэтэрсэн учраас Тендерийн хуульд өөрчлөлт оруулж энэхүү цоорхойг нөхөхгүй бол ийм зөрчил газар сайгүй гарсаар байх талтай аж.

Хоёр дахь асуудал нь төсвийн хөрөнгө оруулалтаар дамжуулж барилгын үнийг хөөрөгддөг байдал газар авсан тухай байлаа.

Эдгээр асуудалтай холбогдуулж УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат Тендерийн хуулийг эргэж харахаа мэдэгдсэний зэрэгцээ хөрөнгө оруулалт нэрийн дор бизнесийн шахаа хийдэг, улсын төсвийн хөрөнгө оруулалтад  хүйтэн сэтгэлээр ханддаг байдалд цэг тавихаа мэдэгдэв.

Г.ДАРЬ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж