Хэлэлцээр орой дахин үргэлжилнэ

Хуучирсан мэдээ: 2012.07.18-нд нийтлэгдсэн

Хэлэлцээр орой дахин үргэлжилнэ

Хамтарсан Засгийн газар байгуулах талаар АН, МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн ажлын хэсгийнхэн өнөөдөр хоёр удаа уулзлаа. Өглөө 10.00 цагаас хийсэн уулзалтаараа Засгийн газрын мөрийн хөтөлбөрт оруулах тус тусын саналыг солилцжээ. Өдөр 15.30 цагийн үед эхэлсэн хоёр дахь хэлэлцээр 17.00 цагт өндөрлөлөө. Түүгээр мөрийн хөтөлбөрт оруулах саналуудыг дэлгэрүүлэн ярилцсан бололтой.

Хэлэлцээр тодорхой шийдвэрт хүртэл сэтгүүлчдэд ямар нэг мэдээлэл хийхгүй байх талаар аль аль талын ажлын хэсгийн гишүүд хатуу тохирсон тул явц байдал ямар байгаа талаар ам нээхгүй байна.

Уулзалтаас гарч ирсэн АН, МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн ажлын хэсгийн гишүүдээс хэлэлцээр ямар болж буйг асуухад дараах хариултыг өглөө.

УИХ-ын гишүүн Ч.Сайханбилэг:
-Шийдвэр гартал бид ямар нэг мэдээлэл өгөхгүй. Хэлэлцээрийг дуусгаж байж мэдээлнэ

УИХ-ын гишүүн Л.Цог:
-Мэдээлэл өгч болохгүй гэж хатуу анхааруулсан. Хэлэлцээрийн явц хэвийн байна.

-УИХ-ын гишүүн Ц.Баярсайхан:
-Хэлэлцээр явж байна. Ахиц гарч байгаа.

МАХН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Н.Удвал:
-Хэлэлцээр хэвийн сайхан явж байна. Ойлголцож байгаа гэлээ.

Ажлын хэсгийн бусад гишүүд болох УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин, С.Эрдэнэ, М.Сономпил нар ам нээсэнгүй. Ч.Сайханбилэг гишүүн бусдадаа “Мэдээлэл өгч болохгүй шүү” хэмээн цаанаас сануулсаар байлаа.

Хэлэлцээрийг өнөө орой дахин үргэлжлүүлэхээр болжээ. Гэвч ажлын хэсгийнхэн хэлэлцээр ямар шатандаа яваа, юу ярьж байгаа талаар үр дүн гартал ямар ч мэдээлэл өгөхгүй гэж хатуу тохиролцсон гэдгээр шалтаглан ам нээхгүй гэдгээ нэгэн дуугаар хэлцгээлээ.

Д.ОЮУН
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж